Газрын баялаг дуусахын цагт гадныхан явж, бид үлдэнэ
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр ч чуулга уулзалт боллоо. Үүний нэг нь уламжлал болгон зохиогддог “Дисковер Монгол-2013″ байв. Арван нэг дэх удаагаа зохиогдож байгаа энэ удаагийн чуулгад 300 гаруй төлөөлөгч оролцлоо. Оролцогчдын тоог өмнөх жилүүдтэй жишихэд наанадаж хоёр дахин цөөрчээ. Нэг үгээр хэлбэл үлдэх нь үлдэж, явах нь явсан аж. Бразилийн дэлхийд алдартай “Вале” компаниас эхлээд тооноо ачаалаад гарч явсан нь цөөн биш гэж байна. Үүнээс хохирч хоцорч буй нь монголчууд.
2013 оны хувьд гадаадын хөрөнгө оруулалт дайжиж, Монголын эдийн засагт мэнгэ голлосон жил болж байна. Тодруулбал, энэ жилийн тухайд гэхэд Оюутолгойгоос бусад хөрөнгө оруулалт тав дахин, улсын хэмжээнд авч үзвэл бараг тэн хагасаар буурсан статистик байна. Урьд нь жил бүр 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголын эдийн засагт орж ирдэг байв. Одоо энэ хөрөнгө оруулалт 1.4 тэрбум болж буурсныг албаны эх сурвалж нотолжээ. Орж ирэх валютын урсгал татарснаар төгрөг дошин дээрээ хүчгүйдэв.
Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр ам.долларын ханш 1700-аас давж, ганц хоёрхон хоногийн дотор гэрлийн хурдаас өсөв. Хэрэв энэ янзаар бол удахгүй 2000- ын босгыг давна. Монгол банк долларыг тайвшруулж чадсангүй. Нэгэнт хөрөнгө оруулалт зогсч, валютын урсгал тасарсан энэ үед олж байгаа хэдээ зөв бодлогоор зарцуулах, зах зээл дэх эрэлтийг хязгаарлах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг агшаах гэхчлэн үндэсний мөнгөн тэмдэгтээ чөмөгжүүлэх ямар алхам хийсэн нь тодорхойгүй байна.
“Хөрөнгө оруулалт буурсны шалтгааны 70 хувь нь монголчууд та нараас шалтгаалсан” хэмээн гадныхан бидэнд сануулж байгаа гэнэ лээ. Монголд хөрөнгө оруулах босгон дээр нь бодлоггүй хууль “боргоод” гадныхныг үргээчихсэн гэлцдэг нь үнэн байх. Энэ бол бидний алдаа. Гэхдээ энд нэг зүйл илүү анхааралд илүү өртдөг. Манай бодлого тодорхойлогчид дандаа ниргэсэн хойно нь хашгирч байгаа харагдах юм. Хоёр нүүдлийн хойтохыг харж чаддаггүй юмаа гэхэд ядахад ганц нүүдлийнхээ ард нь ам бардам гарч чаддаг баймаар. Түрүүчийн баталсан хуулийнхаа бэхийг хатаж амжаагүй байхад одоо дахин өөрчлөхийн тулд бүр ээлжит бус чуулган товлоод байх жишээний. Урт нэртэй хууль гэж дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихсон хоолойд тээглэсэн яс байдаг. Энэ хууль хөрөнгө оруулагчдыг боргосон зуудаг нохойны нэг нь. Залгуулаад Ерөнхийлөгчийн санаачлагаар ашигт малтмалын хайгуулын лицензийг цуцлаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Хайгуулын лицензийг гурав гурван жилээр сунгаж нийтдээ есөн жилд багтаж хийх ном журамтай аж. Гэтэл одоо цаг хугацаа, тодорхойгүй байдлын манан дунд манарч явна. Хайгуул бол асар их хүч хөрөнгөөр хийгддэг ажил. Нэг үгээр хэлбэл тэд маш их эрсдэл дунд өөрсдийнхөө хөрөнгөөр аз сорьж яваа хүмүүс. Энэ мэтээр хөрөнгө оруулалтын бүрхэг тэнгэр бүр харанхуйлсан нь 2012 оны сонгуулийн өмнөхөн баталсан Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль байв.
Харамсалтай нь хөрөнгө оруулалтыг дайжуулсан хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой байлгах асуудлыг одоо л ярьж эхэлж байна. Тартагтаа тулахаар л энэ асуудлыг барьж авч, санаж буй нь одоо. Хууль эрх зүйн орчинг эргэн сайжрууллаа гээд хөрөнгө оруулагчдын бурантагны үзүүр Монгол руу эргэтэл зай ч бий, лай ч бий. Тэгэхээр тэр болтол манай эдийн засаг тэсч үлдэнэ гэдэг их ухаан шаардсан бодлого болж байна. Гадаад валютын урсгал тасарч, төгрөг хүчгүйдэж, үнэ ханш өссөн энэ байдлыг ашиглан Рио Тинто мэтийн холын түншүүд маань Монголыг буланд шахаж, дуулгавартай байлгахыг зорьж муухай дээр улцан болгож харагдуулах сонирхол үүнтэй зэрэгцэн хөвөрч эхэлж байна.
Монголын эдийн засаг уул уурхайгаасаа хэтэрхий хамааралтай байдгийг энэ жилийн хүндрэл дахин дахин сануулж байгаа нь том сургамж болж үлдэх биз. Баялагтаа хэтэрхий дулдуйдаж, эдийн засгийн бусад салбарын хөгжлөө орхигдуулах нь Голланд өвчний илрэх гол шинж гэж эдийн засагчид сануулдаг. Одоо яг л ийм байна. Ийм цаг үед Монголын төр гадныхны өмнө гараа дэлгэж, хошуугаа цорвойлгохын хажуугаар бас дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн хөгжлийн өөр тулгар баганыг бүтээх аяныг эхлүүлэх цаг болсон баймаар санагдаж байна. Гадаадын хөрөнгө оруулалт л байхгүй бол Монгол өнөөдрийнх шиг ийм хүндрэл дунд гараа эвхэж, элгээ эгшээгээд сууж байх хэрэг үү. Авралын ганц од маань энэ холынхны хөрөнгө оруулалт уу, аль эсвэл өөр гарц бий юү гэхчлэн олон асуултад хариулах хэрэгтэй болж байна.
Гадаадын хөрөнгө оруулалт сайн сайхан зүйл, эдийн засаг дахь санхүүгийн зах зээлийг тэтгэгч горхи булаг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнээс илүү урсгалтай гол мөрөн бас байж болно. Тэр бол үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, тэднийгээ гадаад зах зээлд гарыг нь ганзганд хүргэж өгөх явдал. Эх орны хөгжил цэцэглэлт, өөдрөг амьдралаа харийнханд даатгаж явснаас эх орон нэгтнүүддээ, үндэсний үйлдвэрлэгчиддээ итгэл үүрүүлж явбал эцэстээ монголчууд хожно. Газрын баялаг дуусахын цагт гадныхан гараад явна, харин монголчууд бууриа сахиад үлдэнэ. Өөрөөр хэлбэл үлдэх хүнээр ачаагаа аль болох бага татуулъя. Ийм бололцоо бидэнд бий. Гагцхүү түүнийгээ боломж болгох л хэрэгтэй. Монголчууд өөрсдөө хөрөнгө оруулагчид болж чадна. Ийм хэмжээнд хүрэхэд ойрхон орон зай, багахан цаг хугацаа шаардлагатай.
Гадаадын хөрөнгө оруулалт л ороод ирвэл бүх зүйл “Ок” болчих юм шиг эндүүрэл энэ Засгаас эхлээд олон хүнд байх шиг байна. Эдийн засагч Д.Жаргалсайхан нэгэнтээ “Нохойн гуяар даллаад ч хөрөнгө оруулагчид орж ирэхгүй” гэсэн удаатай. Одоо бид тэднийг эргэн дуудахын тулд “Хөхөө шиг донгодож, тогос шиг гоёх” хэрэгтэй болж байна.
Эх сурвалж: Өдрийн шуудан
URL:




