Хүйтрэх тусам нүүрсний үнэ өсөх төлөвтэй

Жил бүр л хүйтний улирал эхэлхэд нийслэлийнхний толгойн өвчин нүүрсний үнэ болдог билээ. Өөрөөр хэлбэл, “Портер” нүүрсийг өмнөх жилд авсан үнээсээ хэдэн хувь илүү өндөр үнэ төлж авах болдог. Энэ жил ч ялгаагүй үнэ нь тодорхой хувиар нэмэгджээ. Тухайлбал, “Хангай” захад өндөрлөгөөтэй “Портер” нүүрс 300-320, өндөрлөгөөгүй нь 160 мянган төгрөг байгаа аж. Ченжүүдийн хэлж буйгаар өнгөрсөн жилийн энэ үеэс дунджаар 30-50 мянган төгрөг нэмэгдээд байгаа аж. Харин гэр хорооллуудад жижиглэнгээр буюу нэг шуудай нүүрс 1800- 2000, 25 кг-ын шуудайтай нь 4000 төргөг байна. Дөнгөж есдүгээр сар гарч байхад нүүрсний үнэ ийнхүү нэмэгдэж буй нь цаашид нэг “Портер” нь 500 мянган төгрөг хүрэх магадлалтай гэнэ. Ченжүүд нүүрсний үнэ нэмэгдэж байгааг уурхайн цөөн ам ажиллаж буйтай холбон тайлбарлаж байлаа. Мөн ам.долларын үнэ өссөн учраас шатахууны үнэ нэмэгдсэн гэнэ. Түүнчлэн нэг машин хамгийн цөөндөө 3-4 хоног зогсч байгаад нүүрсээ авдаг бөгөөд туслахын өдрийн цалин, хоол гээд зарлага нь улам нэмэгдэж үнээ өсгөхөөс өөр аргагүйд хүрч буй. Өнгөрсөн жил аравдугаар сарын үед нэг тонн нүүрсний үнэ дунджаар 225 мянган төгрөг, жижиг тор нүүрс 1500-2000 төгрөгт байсан. Тухайн үед Засгийн газраас энэ талд арга хэмжээ авч Багануурын нүүрсийн нийслэлийнхэнд хөнгөлттэй үнээр буюу 40 кг-аар савласан жижиглэнгийн нүүрсийг 3200, нэг тонныг нь 80 мянган төгрөгөөр худалдаж байсан билээ. Тэгвэл өнөө жил Засгийн газраас Багануурын нүүрсийг дээрх үнээрээ нийлүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хэдийгээр өнгөрсөн жилийн тэрхүү ажил нь зарим дүүрэг, хорооны иргэдэд тустай ч “Утааг бууруулна” гэдэг зорилттой нь харшилж буйг олон хүн хэлж байсан юм. Гэвч гэр хорооллын иргэд хөлдөж үхэхгүйн тулд утаа тортог ихтэй ч Багануурын нүүрсийг түлсээр өвлийг давсан.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн нь нүүрсний үнэд нөлөөлжээ
Хүйтний ам наашилж буй энэ үед нүүрс, модоо худалдан авч, өвлийн бэлтгэлээ базаахаар зэхэж байгаа нь гарцаагүй. Тиймээс бид “Цайз” захааар орлоо. Мод, нүүрсээ том жижиг хоёр төрлийн уутанд савлажээ. Ингэснээр иргэдийг хэрэгцээндээ тааруулан худалдан авах боломжоор хангаж байгаа гэнэ. Мод савласан том уут нь 50 кг-ын гурилын уутнаас арай бага бөгөөд үнэ нь 6000 төгрөг ажээ. Харин гэр хорооллын өнцөг булан бүрт зарагддаг жижиг тор мод нь 1500 төгрөгийн үнэтэй байв. Түүнчлэн том ууттай нүүрс 3000, бага нь 1500 төгрөгийн үнэтэй байгаа ажээ. Нүүрс зардаг нэгэн эмэгтэй “Уг нь өдийд нүүрс хямдхан худалддаг юм. Гэтэл энэ жил Налайхын нүүрс “Портер” нь 300 мянган төгрөгийн үнэ хүрч, иргэд бүү хэл наймаачид худалдан авахад хэцүү байна. Үүнд саяхан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөг болгосон нь ч бас нөлөөлж байна. Ачигч, буулгагчдын цалин нэмэгдсэн болохоор ченжүүд нүүрснийхээ үнийг нэмж байгаа юм билээ. Өнгөрсөн жил Налайхын нүүрсийг яг өдийг бид нэг “Портер”-ыг нь 160- 170 мянган төгрөгөөр худалдан авч байсан. Нөгөө талаар ченжүүд гэр хорооллын иргэд ихээр нь нүүрс авдаг үеэр үнээ улам өсгөдөг. Өнгөрсөн өвөл Налайхын нүүрс 300-320 мянга, Алаг толгойнх 350-400 мянган болтлоо нэмэгдсэн шүү дээ. Тэгэхээр одоо 300 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм чинь идэр есийн хүйтнээр 500 мянга хүрэх байх” гэв. Тиймээс Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхтэй холбогдож энэ жил Багануурын нүүрсийг хямдралтай нийлүүлэх эсэхийг тодруулах гэтэл утсаа авсангүй. Харин Ерөнхий сайдын зөвлөх О.Цогтгэрэл “Гэр хороололд түүхий нүүрс аль болох түлүүлэхгүй гэж байгаа шүү дээ. Өнгөрсөн жилийн хэрэгжүүлж байсан ажил үргэлжлэх эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний бодлоор зарим дүүрэгт бол хэрэгжүүлэх байх” гэсэн юм.
Стандартын бус шуудайнд нүүрс зарж байна
Ченжүүд нүүрсний үнээ өсгөх тусмаа савлагааг нь багасгадаг муу зуршилтай. Гэр хорооллоор яваад харахад өнгөрсөн жил ШӨХТГ-ын дарга О.Магнайн хориглосон жижиг шуудайнд савлажээ. Өөрөөр хэлбэл, тухайн үед ШӨХТГ-т нүүрсний шуудай жилээс жилд жижгэрч буй талаар хэрэглэгчдээс олон санал гомдол ирсэний дагуу Шадар сайдын зөвлөлд санал хүргүүлсэн байдаг. Үүний үр дүнд Стандартчилал хэмжил зүйн үндэсний төв нүүрсний шуудайнд стандарт тогтоосон билээ. Тухайлбал, шуудайг 15, 25, 40 кг-ын багтаамжтай байхаар тогтож, өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж эхэлсэн юм. Гэтэл өнөөдөр гэр хорооллын наймаачид дээрх стандартыг мартсан бололтой. Тэднээс “Энэ шуудайнд хэдэн кг нүүрс орсон бэ” гэж асуухад “5-6 кг-аар савлагдсан байх” гэж байлаа. Иргэдийн хэлж буйгаар нэг шуудай нүүрсийг ганц хоногт л түлдэг ажээ. Тэгэхээр дөнгөж сэрүү орж байхад хоногт 1800-2000 төгрөг зарцуулж байгаа юм чинь өвлийн хүйтэнд мод нүүрс нийлээд 10 мянга орчим төгрөг зарцуулах бололтой. Ийм эрт үнэ нь хэт өндөр байгаад иргэд ч дургүйцэж байлаа. Биднийг сурвалжилж явахад Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны иргэн Б.Амгаа гэдэг хүн нүүрс авч байхтай таарав. Тэрбээр “Өвлийн сар гараагүй байхад өнгөрсөн жилийн өвлийн эд хүйтэн үеийнх шиг өндөр үнэтэй байна. Наймаачид ч яахав өндөр үнээр авсан ч зарлагаа нөхөөд ашгаа олчихдог юм байж. Иргэд бид л дулаан хонохын тулд талхны мөнгөө илүүчилж байна. Налайхын нүүрсний олон амыг хааснаас болоод ингэж нэмээд байгаа юм байх. Бас ам.доллар нэмэгдсэн болохоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өслөө л гэх юм. Яаж шүү ирэх өвлийг давна даа” хэмээн бухимдаж байлаа. Түүнчлэн Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны иргэн Б.Ариунжаргал “Өнгөрсөн жил Засгийн газраас хямд нүүрс өгч байсан. Тэр нь энэ жил үргэлжилбэл сайн л байна. Багануурын нүүрс асалт удаан, утаа их гардаг л даа. Гэхдээ орлого багатай бидэнд хямд л тусч байвал чанар хамаагүй болоод байна. Нүүрсний үнэ ийм эрт нэмэгдэж байгааг томчууд анзаарч байгаа байлгүй л гэж найдаж сууна” гэсэн юм. Энэ мэтчилэн гэр хороооллынхон даарахгүйн тулд наймаачдын аманд унаж байгаа ажээ.
URL:













