Т.Бадамжунай сайд казинотой болохоор АНУ-ын талтай хэлэлцэж яваа гэв
Казиногийн тухай хууль гэхээр ихэнх хүмүүст бүтэх бүтэхгүй үй олон шинэ төрлийн гэмт хэрэг, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах эсэх нь эргэлзээтэй асар их мөнгө төсөөлөгддөг.
1999 онд батлагдангуутаа төр түшилцэж явсан гурван гишүүнийг “аавын хаалга” татуулсан энэ хуулийг 2008-2012 оны парламентын нэр бүхий “цөс ихт” 10 гишүүн санаачлан оруулж ирсэн.
Энэ хуулийн төслийг бүрэн эрхийнхээ хугацаанд батлуулна хэмээн улайрч байгаа Д.Загджав тэргүүтэй нэг хэсэг гишүүд өнөөгийн парламентад байхад нөгөө талд нь сонгууль дөхөж байхад ийм хэл амтай хууль батлахгүй гэж хэлэх Я.Батсуурь нарын хэсэг гишүүд тэдэнтэй тэрсэлдэж байна. Мөн энэ хууль манай улсад огт ашиггүй гэж үзэх Д.Энхбат тэргүүтэй гишүүд ч байх. УИХ-ын 76 гишүүн ийм байдалтайгаар өвөр хоорондоо маргалдаж байхад өмнө нь энэ их мөнгө үнэртсэн хуулийг батлуулчих санаатай үзэлцэж, бас зах зухаас нь хувь хишгийг нь хүртэж явсан гэх Т.Бадамжунай нарын хууль батлалцах “эрхээ хураалгасан” хэсэг нөхөд хуулиар хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа казинод эзэн суух “марафон”-ы бэлтгэл ажлаа хангаад эхэлсэн сурагтай.
Тэрбээр АНУ-ын Кентакк мужийн нөлөө бүхий хүмүүстэй хамтран Монголд казино байгуулахаар хөөцөлдөж, хөрөнгө мөнгөний хэлэлцээрт орж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ. Замын-Үүдийн чөлөөт бүст сүндэрлэх уг казиногийн үйлчлүүлэгчид нь Хятад, Япон, Солонгосоос ирэх жуулчид, бизнесийнхэн байхаас гадна Монголын уул уурхайн салбарт ажиллахаар ирж буй Австрали, Канад зэрэг орны иргэд гэж Т.Бадамжунай сайд ба түүний нөхөд тооцоолж байгаа гэнэ.
Хамгийн хачирхалтай нь хуулиасаа өмнө тендергүйгээр гараагаа эхлээд байгаа уг казиногийн 50-55 хувийг Лексингтоны уугуул Жо Флинн, 5-10 хувийг мөн л Лексингтоны хуулийн фирмийн мэдлийн “Asia Pacific Equine” гэдэг морь мал сонирхож бизнес хийдэг хүмүүсийн нийгэмлэг эзэмших гэнэ. Энэ нийгэмлэгт уг мужийн амбан захирагч байсан хүн, Кентаккийн Олон улсын худалдааны төвийн ерөнхийлөгч, гангийн үйлдвэрийн эзэн, сайн үүлдрийн адуу үржүүлэгч, морин тойруулгын барилга эрхэлдэг пүүсийн захирал, нэртэй архитектор гээд нэр нөлөө бүхий мөнгөтэй хүмүүс байдаг ажээ.
Харин үлдэх хувийг Монголчууд эзэмшихээр болж. Үүнд манай хотын захиргаа 20, хувь хүмүүсийн нийлсэн сонирхлын нэгэн бүлэг 20 хувийг эзэмшинэ гэх яриа хэлэлцээрийн ширээнд өрнөж байгаа гэв. Монголын талын 20 хувийг эзэмших нэр ус нь гүйцэд тодроогүй байгаа уг ашиг сонирхлын бүлгийг эрхэм сайд төлөөлж байгаа бололтой. Т.Бадамжунай сайдын улс төрийн түүхэнд томоор тэмдэглэгдэн үлдэх уг казиногийн ойр орчимд орон сууц, дэлгүүр, үйлчилгээний хэсгээс гадна Кентаккийн их сургуулийн хөдөө аж ахуйн судалгааны салбар хүрээлэн байрлах ажээ.
Монголд холбогдох хууль нь батлагдах нь эргэлзээтэй байхад алс холын АНУ-д Америк-Монголын хамтарсан казиногийн талаархи мэдээлэл цацагдаад эхэлжээ. Энэ талаар АНУ-ын Кентакк мужийн төв хэвлэлээр нийтлэгдсэнийг эх сурвалж бидэнд мэдээлсэн юм.
С.Энхзаяа
URL:













