Бразилийн ерөнхийлөгчийг тагнуулдсан гэх асуудлаас үүдэн Русеф АНУ дахь айлчлалаа цуцаллаа

Бразилийн ерөнхийлөгч Дилма Русеф ирэх сарын 23-нд хийхээр төлөвлөж байсан АНУ дахь айлчлалаа цуцалсан байна.
Учир нь Америкийн тусгай албаныхан Бразильд тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэсэн мэдээлэл тархаад байгаа билээ.
Тодруулбал, одоогоор ОХУ-д орогнож буй Америкийн иргэн Эдвард Сноуден хэвлэлийнхэнд АНУ-ын Үндэсний аюулгүй албанаас (ҮАА) Бразилийн ерөнхийлөгч, түүний туслахууд болон “Petrobras” төрийн өмчийн нефтийн корпорацийн ажилчдын электрон шууданд нэвтэрсэн гэх мэдээлэл хийсэн байна.
Энэ асуудлаар ерөнхийлөгч Барак Обама шалгалт хийхээр шийдсэн тухайгаа Бразилийн ерөнхийлөгч рүү өөрөө залгаж хэлжээ.
Анх өнгөрөгч долоодугаар сард Бразилийн иргэдийг АНУ-аас тагнуулдаж байна гэсэн мэдээллийг Британийн “Guardian” сонины сэтгүүлч Гленн Гринвальд нийтэлж байсан билээ. Түүний бичсэнээр ҮААлба нь Русефийн талаарх бүхий л нууц мэдээлэл рүү нэвтрэх боломжтой байсан аж.
Мөн тус албаныхан “Petrobras”-ийн баримт бичигт хууль бусаар нэвтрэх эрхтэй байсан гэнэ. Ирэх сард тус компани нь Рио де Жанейро мужийн эргийн орчим дахь нефть олборлох эрхийн тендерт оролцохоор төлөвлөж байгаа ажээ.
Дилма Русефийн мэдэгдсэнээр хэрвээ буруутай нь нотлогдвол ҮААлбаныхан аж үйлдвэрийн тагнуул үйлдсэн болох юм байна.
Дашрамд дурьдахад, энэ удаагийн Дилма Русефийн айлчлал нь 1995 оноос хойших Бразилийн тэргүүний анхны айлчлал болох байжээ.
А.Цацрал
URL:




