Эцэг эхээс дэмжлэг авахаас өөр аргагүй
Сургуулиуд их бага хэмжээгээр эцэг эхчүүдээс мөнгө татах үзэгдэл бий. Энэ жилийн хувьд 52 дугаар сургуулийн аравдугаар ангийн хоёр бүлгийн багш ангийнхаа цонхыг вакум цонхоор солино гээд нэг хүүхдээс 30-65 мянган төгрөг нэхсэн тухай мэдээлэл байна.
Уг мэдээллийн дагуу Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана дараах тайлбарыг өгчээ. Тэрээр “Нийслэлийн боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс ямар нэг хэлбэрээр хандив, мөнгө хураахыг бүрэн хориглож байгаа. Нэг хүндрэлтэй зүйл байдаг нь жилийн жилд анги танхимын урсгал засвар хийдэг.
Ингэхдээ бид тухайн анги танхимыг яаж засах гэж байгаа, ямар материал авах гэж байгаагаа эцэг, эхэд дэлгэрэнгүй танилцуулаад тэднээс дэмжлэг аваад урсгал засварыг хийж болохыг зөвшөөрдөг.
Харин анги танхим тохижуулах, тоног төхөөрөмж авах, цонх, хаалга солиход мөнгө авахыг хатуу хориглож байгаа. Ийм байдал гаргасан багш, сургуулийн захиралтай хариуцлага тооцно. Цонх, хаалгыг урсгал засварын үед солих боломжгүй. Хийх шаардлагатай байгаа бол ирэх жилийн их засварт оруулна.
Өнөөдөр сургуулиудад төсөвлөдөг урсгал засварын мөнгө 2-6 сая төгрөг. Тэгэхээр өнөөдөр хоёр сая төгрөгөөр гурван өрөө байр засахгүй шүү дээ. Тиймээс энэ урсгал засварыг хийхийн тулд эцэг, эхээс дэмжлэг авахаас аргагүй.
Бид энэ жил анх удаа албан ёсоор Нийслэлийн боловсролын газраас зөвлөмж гаргаж сургууль, цэцэрлэгүүдэд хүргүүлсэн байгаа. Эцэг, эхчүүдээс мөнгө авах, засварын ажлыг хийхдээ юу хийх гэж байгаа, анги танхимаа яаж засах гэж байгаа талаарх төсөв мөнгөө тодорхой болгоод эцэг, эхчүүдэд танилцуулга хий гэсэн байгаа” гэсэн юм.
Н.Батаа
Эх сурвалж: “new.mn“

URL:












