Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэдийг бүртгэлжүүлнэ

1dcd6ee97c04a9dcbigНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Татварын ерөнхий газрын даргын хамтарсан захирамж, тушаал гарч Нийслэлд үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулахаар боллоо.

Тухайн ажлын хэсэгт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаа, Татварын ерөнхий газрын дэд дарга Ч.Жигжид нараар ахлуулсан албаны хүмүүс оролцсон.

Ажил энэ сарын 20-ноос ирэх арваннэгдүгээр сарын 1-н хүртэл зохион байгуулагдана.

Энэ ажлын хүрээнд үл хөдлөх эд хөрөнгийн болон татвар төлөгч иргэний мэдээллийн нэгдсэн санг бий болгож, далд эдийн засагтай тэмцэх, татварын ногдуулалт, төлөлтийг сайжруулах, орон нутгийн төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Уг захирамжаар үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, иргэнийг бүртгэлжүүлэх ажлыг дүүрэг, хороодод зохион байгуулж, бүх талын дэмжлэг арга зүйн удирдлагаар хангах үл хөдлөх эд хөрөнгө, иргэний ажлын байр бүрийг тооллогод хамруулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон.

Энэхүү тооллого, бүртгэлжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, төрийн албадын үйл ажиллагаанд хэрэглэгдэх мэдээллийн нэгдсэн сан бий болгох юм.

Ингээд Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаагаас дараах тодруулга авсан юм.

-Энэхүү ажлыг та удирдан зохион байгуулахаар боллоо. Ямар үр дүн үзүүлнэ гэж бодож байна вэ?

-Нийслэлийн Засаг дарга, Татварын ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар энэхүү ажлыг хийхээр боллоо. Улаанбаатар хот дахь үл хөдлөх хөрөнгийг нэг сарын хугацаанд бүгдийг тоолж дуусгах, мөн татвар төлөгч иргэдийг бүртгэж, гэрчилгээ, тэмдэг олгох ажлыг хийнэ. Тодруулбал, Улаанбаатар хотын Засаг даргын шинэ баг ажилдаа ороод нэг жил болж байна. Нийтэд ил харагдахгүй ч хийгдэж байгаа нэг том ажил бол Улаанбаатар хотын бүх емч хөрөнгийг тоолох ажил байгаа. Бид өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын Захиргааны харъяаны үл хөдлөх хөрөнгүүдийг болон нийтийн эзэмшлийн зам талбайг тоолсон. Одоо ус, худаг, усны эх үүсвэрүүдийг тоолж эхлээд байгаа.

Ер нь энэ ажлын үр дүнд Улаанбаатар хот нийтдээ хичнээн хөрөнгөтэй, хэдэн татвар төлөгч иргэдтэй, тэднээсээ хичнээн хэмжээний татвар хурааж авах уу, татварын орчинг яаж сайжруулах уу, зэрэг асуудлуудыг хамтарч хийх боломжтой болох юм.

Улаанбаатар хотын татварын 94 хувь нь орлогын албан татвараас бүрддэг ба үл хөдлөх хөрөнгийн албан татвар ердөө 2.4 хувийг бүрдүүлдэг гажиг бүтэцтэй. Дэлхийн бусад оронд хотын татваруудын гол хувь нь үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлогоос бүрддэг. Гэтэл манайх цалин, хүн амын хувийн орлогоос Улаанбаатар хотын үндсэн татварыг бүрдүүлж байгаа нь тогтолцооны хувьд үнэхээр буруу байгаа юм. Сангийн яаман дээр үл хөдлөх хөрөнгийн татварыг боловсронгуй болгох суурийг нь сайжруулах талаар санал боловсруулж байгаа. УИХ-д удахгүй өргөн барина.

Энэ явуулж байгаа тооллого маань шинэчлэн батлагдах хууль хэрэгжихэд суурь нь болж өгнө. Цаашид Улаанбаатар хотыг татварын баазыг өргөтгөж, далд эдийн засагтай тэмцэх, Улаанбаатар хотод байдаг мөртлөө татвар төлдөггүй, хувиараа бизнес эрхэлж байгаа иргэд болон аж ахуйн нэгжүүдийг бүгдийг татварын орчинд оруулах зорилт тавьж байна.

Цаашид гарах хамгийн гол үр дүн бол мэдээллийн том баазтай болж, энэ баазыг улсын бүх байгууллагууд ашиглах боломжтой болох юм. Ингэснээр Улаанбаатар хотод татвар төлөгч бүх иргэдийн асуудлыг нэг мөр цэгцлэх бодолтой байна

-Татвар төлөгч иргэдийн “бааз” гэж өмнө нь байсан уу?

-Урьд нь татвар төлөгч иргэдийн нэгдсэн бааз гэж байгаагүй. Одоо энэ тооллогоор нэгдсэн баазтай болох юм. Тухайлбал нэг иргэн олон газарт үйл ажиллагаа явуулдаг хэрнээ нэг байгууллагынхаа гэрчилгээг үзүүлээд бусдад нь татвар төлөхгүй яваад байдаг байсан. Одоо энэ байдал давтагдахгүй. Орон сууц түрээслүүлээд амьдарч байгаа иргэд олон байгаа, тиймээс энэ бүхнээс татвар авдаг болох юм. /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих