Үйлчлүүлэгчээ “Зайл” гэж хөөдөг “Миний дэлгүүр”-ийнхэн
“Миний сүлжээ дэлгүүр”-ийг тойрсон гомдлууд байнга яригдаж байдаг. Өттөй жимс, үнийн дүнгийн зөрүү, үйлчилгээний соёлгүй байдал, барааны жин багасгасан гээд л. Харамсалтай нь тус дэлгүүрийн удирдлагууд энэ мэт асуудалд анхаарлаа хандуулах нь бус байдлыг улам дордуулсаар байгаа дүр төрхийг өчигдөр тус сүлжээ дэлгүүрийн 13 дугаар хорооллын “Миний зах”-аас дахин харлаа. Тус дэлгүүрээс худалдан авалт хийсэн үйлчлүүлэгч бүсгүйтэй дэлгүүрийн кассчин болон өөрийгөө зохион байгуулагч хэмээн танилцуулсан бүсгүй зүй бусаар харилцан, хэл амаар доромжлон “Зайл” хэмээн хөөхийг өөрийн нүдээр харлаа.
“Миний зах” дэлгүүрийн заалны зохион байгуулагч
Болсон явдлыг сийрүүлбэл, өчигдөр 12 цагийн үед 13 дугаар хорооллын “Миний зах” дэлгүүрээр Н бүсгүй үйлчлүүлэн барааны тасгийн лангуунаас “Монгол оймс”-ын бүтээгдэхүүнээс хоёр ширхэг хос оймс худалдан авчээ. Энэ үед тухайн барааны тасаг дээр байсан ихэнх оймсны үнэ байхгүй байсан учраас худалдагч бүсгүйгээс лавлан байж 1410 төгрөг гэсэн үнийн дүн наасан “Монгол оймс”-ыг сонгосон гэдгээ хэлж байсан. Ингээд авсан бараануудаа кассанд бичүүлэхэд өнөөх 1410 төгрөг гэсэн үнэ наасан оймс тус бүрийг 1780 төгрөгөөр бичин тооцоо хийсэн байна. Тиймээс тэрбээр кассчин бүсгүйгээс учрыг лавлатал үгийн зөрөөгүй уурлан “Бид касс учраас зөвхөн үнэ л бичдэг. Тийм учраас үүнийг яаж мэддэг юм бэ.


Уншуулаад л гарсан үнэ л энэ” хэмээн ихэд уцаарлав. Ингэхэд тэрбээр “Заалны зохион байгуулагч гэж байдаг биз дээ, уулзаж энэ талаар асууя” гэхэд кассчин бүсгүй “Би ажилтай байна, уулзмаар байгаа бол өөрөө очоод уулз” хэмээн хэдэрлэж гарав. Бид ч хөндлөнгийн байр сууринаас тэдний дунд өрнөж буй үйл явдлыг нэгд нэгэнгүй ажиглаж байв. Гэтэл удалгүй нэгэн бүсгүй түүн дээр хүрч ирэн өнөөх хоёр оймсыг нь шүүрэх нь холгүй аваад “Мөнгийг нь буцаалт хийж өг” хэмээн ууртай нь аргагүй хэлэх нь тэр. Энэ үед тэрбээр оймсны уутан дээр наасан 1410 гэсэн үнийг заан “Энэ бараан дээрээ ийм үнэ наачихаад яагаад зөрүүтэй үнээр тооцоо хийж байгаа юм бэ” хэмээн асуухад “Цаанаас манайд нийлүүлдэг үнэ л байна. Хариуцсан худалдагч нь сольж наах ёстой. Хүн нь байхгүй байгаа. Одоо үндсэн үнийг нь наана” хэмээв. Ингэхэд нь үйлчлүүлэгч бүсгүй “Хэзээнээс дэлгүүрт нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн нийлүүлтийнхээ үнэ бичсэн шошготой ирдэг болсныг асуухад тэрбээр тайлбар өгөлгүй өнөөх хоёр оймсоо барин цааш явлаа. Араас нь худалдан авагч бүсгүй арга ядан “Энэ арай хэтэрнэ ээ” гэхэд өнөөх зохион байгуулагч гэх бүсгүй “Олон юм ярилгүй яв. Мөнгийг чинь өгчихөөд байгаа биз дээ. Одоо зайл” хэмээн хэл амаар доромжлох нь тэр.

Уг нь үйлчлүүлэгч бүсгүй заалны зохион байгуулагч өөрөөс нь уучлалт гуйн учрыг нь тайлбарлана хэмээн найдаж байсан гэдгээ дараа нь бидэнд учирласан юм. Үүний дараа /20 минутын/ бид худалдан авагчийн буцаалт хийсэн оймсны үнийг нягтлахаар тус дэлгүүрийн барааны тасаг руу дахин очтол тэрбээр миний сонгосон оймснууд 1410 гэсэн шошготойгоо энд өрөөстэй байна хэмээн өлгөөтэй оймсуудыг заагаад “Уг нь заалны зохион байгуулагч бүсгүй андуурагдсан гэх энэ үнийг хуулж аваад үндсэн үнийг нь наана гээд явсан. Гэтэл яг хэвээрээ байна” гэлээ.

Тус тасагт байсан “Монгол оймс” нэг бүр дээр 1410 гэсэн үнийн цаас наалттай байсан юм. Биднийг “Миний зах”-ын заалны зохион байгуулагч бүсгүйтэй уулзахаар очиход тэрбээр “Одоогоор худалдагч нь байхгүй байна. Үнийг нь солиулаад наалгачихна. Юун сүртэй юм бэ” хэмээн тоомжиргүй хариуллаа. Дараагийн хэн нэгэн үйлчлүүлэгч бас л энэ үнэд хууртан худалдан авалт хийнэ. Тэд хэдий хүртэл ингэж үйлчлүүлэгчдийг зөрүүтэй үнээр хуурсаар байх юм бэ. Хаана байна өнөөх үйлчлүүлэгч “хаан” хэмээн өргөмжлөөд байсан “Миний сүлжээ дэлгүүр”-ийн найрсаг үйлчилгээ, хямд үнэ, чанартай бараа бүтээгдэхүүн. Иймэрхүү байдлаар л луйвар хийж, 1410 төгрөгийн барааг 1780 төгрөг болгож зардаг байна. “Миний дэлгүүр” бидний итгэмтгий, ичимхий занг ашиглан луйвар хийсээр л байх уу. Гэтэл бид лангуун дээрх хямд үнээр хүнс, бараа цуглуулчихлаа гэж илүү мөнгө төлсөөр байдаг аж. Хумс хумсаар үйлчлүүлэгчдээсээ суйлсаар байгаа мөнгө, муудсан бүтээгдэхүүн, ааш нь дэндсэн кассчин, зохион байгуулагч “Миний дэлгүүр”-ийн нэрийн хуудас болох нь ээ. Заалны зохион байгуулагч нь үйлчлүүлэгчдэдээ дээрэнгүй харилцаж үг, хэлээр доромжилж байхад кассчин бүсгүйгээс үйлчилгээний соёл хүлээгээд ч хэрэггүй биз дээ. Эсвэл тэдэнд “Уучлаарай” гэдэг үг хэзээ ч хэрэглэж болохгүй хэмээн удирдлагууд нь заасан юм болов уу.
Г.Даша
URL:













