Сургуулийн багш нар “хов зөөгч” болмоор байна
Орчин үед хүн бүр цаг хугацаатай уралдаж, ажил төрлөө амжуулах гэж зүтгэсээр үр хүүхэддээ анхаарал хандуулахаа больсон.
Энэ тухай сургуулийн багш, цагдаагийн ажилтан, гэр бүл судлаачид ам уралдан ярьж, эцэг, эхчүүдийг шүүмжлэх нь бий. Тэдний хэлээд, яриад байгаа нь яах аргагүй үнэн. Гэхдээ өнөөдөр амьдралаа өөд татах гэж зүтгэж яваа иргэдээ ч буруутгах аргагүй.
Яах вэ, цэцэрлэгийн насны болон нэг, хоёрдугаар ангийн хүүхэдтэй хүмүүс бол өглөөдөө хүргэж өгөөд, оройдоо авдаг. Яаж ийж байгаад зохицуулчихаж байгаа юм. Харин дунд ангийн болоод өсвөр насны хүүхдэд тэр бүр цаг зав гаргаж байгаа эцэг, эх үнэндээ л цөөхөн. Хүүхэд нь өглөө гэрээсээ гарч яваад хичээлдээ очсон уу. Хичээлээ тараад хаагуур явж, хэнтэй юу хийж байна гэдэгт ч нэг их анхаарч чадахгүй байгаа нь үнэн.
Ерөнхийдөө л анги даасан багшид нь найдаад явж байдаг ч хүмүүс бий. Тэглээ гээд тэднийг илт буруутгана гэдэг өрөөсгөл шүү дээ. Тиймээс багш нар эцэг, эхчүүдэд “хов зөөдөг” аргатай болмоор байна аа. “Эрэл” сургуулийн туршлагаас суралцсан ч болно. Тус сургуулийн багш нар сурагчдынхаа эцэг, эх рүү нь хичээлдээ ирлээ, тарлаа гэдгийг нь мессэжээр мэдээлж байхаар болсон байна.
Мөн хичээл таслахаас эхлүүлээд жаахан хэнэггүй, том толгой гаргавал мессэж бичиж, хов зөөж байхаар болсон аж. Хүн бүр толгой өөд татах завгүй ажиллаж байгаа үед энэ бол тун ч сайхан арга юм шиг санагдаад байна. Тэгээд ч харилцаа холбоо өндөр хөгжсөн өнөө үед ямар ч аргаар хов зөөгөөд байж болно шүү дээ.
Хэрвээ сургуулиуд энэ аргыг хэрэгжүүлж чадвал хүүхдүүдээ элдэв эрсдэлд орохоос сэргийлж болох сайн тал харагдаад байна. Хичээлийнх нь хуваарийг хараад, тэд дэх өдөр тэдэн цагтай, төдий хавьд тарчих юм байна гээд мэдчихэж болно л доо. Гэхдээ л хүүхдүүд янз бүрээр худлаа ярьж, тийм ч хичээлтэй, ингэж ч дугуйланд сууна гэх зэргээр эцэг, эхээ панаалдчихаад РС тоглоомын газар хэсээд явж байх нь энүүхэнд. За тэгээд, хүүхдийнхээ хичээлийн хуваарийг хараад, цээжлээд сууж байх эцэг, эх хэд ч билээ дээ.
Тиймээс “хов хүргэх” арга л их боломжийн хувилбар биш гэж үү. Гэхдээ яг мессэж бичиж байх уу, өөр арга хэрэглэх үү гэдэг нь бас сонин. Мэдээж хувийн сургууль бол мессэж бичих мөнгийг нь төлбөртөө шингээгээд авчихдаг байх. Гэхдээ улсын сургуульд ч гэсэн мессэж бичих мөнгө хурааж яагаад болохгүй гэж.
Өдөрт нэг хоёр удаа мессэж бичлээ гэж бодоход сайндаа л 100 төгрөг биз дээ. Сарын 22 өдөр хичээлд явна гэж үзвэл 2500 нэгж байхад л хангалттай. Арай өөр талаас нь харвал өдөрт ердөө нэг мессэж бичсэн ч болно. Зөвхөн орой хичээлээ тарахад нь жаахан дэлгэрэнгүй мессэж биччихгүй юу. Заавал хичээлдээ ирсэн гэж бичээд байх шаардлагагүйгээр зөвхөн тасалсан тохиолдолд л бичиж бас болж байна.
Дунд, ахлах ангийн хүүхдийг бол өдөр хичээл тарах үеэр танай хүүхэд өнөөдөр тэр багшийн хичээлийг тасалсан энэ тэр гээд хов хүргэчихэж ч болж байна. За тэгээд, мессенжэр, фэйсбүүк хэрэглэдэг эцэг, эхэд онлайн сүлжээгээр хов хүргэсэн ч болно.
Энэ бүхэн олон хүнд утгагүй юм шиг санагдаж болно. Хувийн сургууль хэтэрхий хийрхэж байна, дуурайх албагүй ч гэж хэлж болох юм. Гэхдээ л ийм арга хэрэглэсний цаана хүүхдүүдийн аюулгүй байдалд сайнаар нөлөөлж байвал оролдоод үзэхэд яах вэ дээ. Таны хүүхэд хичээлээ тараад РС тоглоомын газар хэсч, элдэв хараал урсгаж, цаашлаад архи, тамхи гээд муу зуршилд автахгүй байвал сайн биз.
Тиймээс хяналт хэрэгтэй юу, хэрэгтэй. Харин хяналтыг багш, эцэг, эх хамтарч тавина гэвэл хов зөөх аргыг хэрэглэж болохгүй юм алга.
Н.Пунцагболд

URL:




