Уушгиа бодоорой нийслэлчүүд ээ, утаа арилахгүй шүү

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн бямба гаригт нийслэлчүүдтэй уулзах үеэрээ “Утаатай өвөл тэмцдэггүй, зун тэмцдэг юм хотын дарга аа. Утаагүй үед нь тэмцэх ажлаа хийх учиртай. Бид V цахилгаан станцын асуудлыг одоо л шийдэх хэрэгтэй. Би өнгөрсөн долдугаар сард ажлыг нь эхлүүлэх үүрэг өгсөн. Одоо хүртэл эхлээгүй байна. Утаа арилахгүй бол албан тушаалтнуудын хариуцлагын асуудал гэж ойлго. Улаанбаатар дарьтай торх шиг болж хувираад байна. Агаарын бохирдлыг бууруулахад шаардлагатай мөнгийг УИХ баталж өгөх хэрэгтэй. Утааны төсвийн асуудлыг энэ сард заавал багтааж шийдэх хэрэгтэй шүү. Мөнгө төсөв хүлээлгүй хийх ажил арвин бий” гэж байсан.

Гэвч ойрын хугацаанд агаарын бохирдолтой тэмцэх хөрөнгө мөнгийг шийдэх завгүй гэсэн хариултыг Засгийн газар өгчээ. Уг нь агаарын бохирдлыг бууруулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг УИХ дэмжиж баталсан. Өнгөрсөн хоёр-дугаар сарын эхээр баталсан энэ хууль УИХ-аар баталсны дараа арав хоногийн дотор төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсны дараа хүчин төгөлдөр болох ёстой.

Хуульд зааснаар Агаарын бохирдлыг бууруулахын тулд хамгийн гол нь гэр хорооллын цахилгаан түгээх сүлжээг сайжруулж, хязгаарлалтын бүс тогтоох юм байна. Энэ бүс дээр стандартын шаардлага хангасан зуух, нар салхины эрчим хүч, байгальд ээлтэй хямд халаалтын цахилгаан шийдлүүдийг хэрэглэх юм байна. Ингэснээр хязгаарлалтын бүсэд байгаа айл өрхүүдэд эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг 50 хүртэл хувиар бууруулах урамшууллын систем тогтоох.

Урамшуулалд хамрагдахын тулд айл өрхүүд гэртээ стандартын шаардлага хангасан зуух тавьж, дулаалгаа хийсэн бол оройны 18 цагаас өглөөний 08 цаг хүртэл 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй эрчим хүч хэрэглэнэ гэсэн үг. Мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шинэ техник, технологи, санаачилгыг нэвтрүүлэхэд эдийн засгийн аргаар дэмжих юм байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаар тодорхой үүрэг аваад түүнийгээ биелүүлээгүй бол албан тушаалаас нь халж хариуцлага тооцно гэж хуульд тусгасан байсан ч Засгийн газар энэ заалтыг нь хасаад баталсан.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах 34 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар ойрын хугацаанд өгч чадахгүй гэнэ. УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Л.Гантөмер, Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир, С.Оюун, Х.Тэмүүжин нар нийслэлчүүдийн энэ хүсэлд хүч нэмнэ гэдгээ ч хэлж байгаа. Тэдний нийлж байгуулсан “Цэвэр агаар” бүлэг агаарын бохирдлыг бууруулах ажлыг хийх гүйцэтгэх засаглалынханд шахалт үзүүлж эхэлсэн.

Харамсалтай нь ойрын хугацаанд агаарын бохирдолтой тэмцэх хөрөнгө мөнгийг шийдэх завгүй гэсэн хариултыг Засгийн газар өгсөн байна. Уг нь УИХ-ын 11 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын санхүүжилтийг гуравдугаар сарын 15-ны дотор боловсруулаад УИХ-д ергөн барихыг Засгийн газарт үүрэг болгосон юм. Гэвч боломжгүй тайлбартай алгын чинээ цаасаар шаардлага тавьсан гишүүдийн амыг тагласан байна. Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой гэрээ хэлэлцээр эцэслэгдээгүй байна гэжээ.

Хүн амын эрүүл мэнд, удмын санд аюул занал учруулж байгаа агаарын бохирдолтой тэмцэх “Цэвэр агаар” бүлэг УИХ-д байгуулагдаж УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Д.Балдан-Очир, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, С.Оюун, Х.Тэмүүжин, Д.Тэрбишдагва нар нэгдсэн. “Цэвэр агаар” бүлгийнхэн Ерөнхий сайд С.Батболдод хандан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай УИХ-ын 11 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг яагаад удаашруулж, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэхгүй байгаагаа тайлбарлахыг шаардсан байна.

Гэвч Засгийн газар хариуг нь уг тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй хэмээн өгчээ. Учир нь Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой гэрээ хэлэлцээр эцэслэгдээгүй байна гэжээ. Энэ мэт байдлаас болж утаа арилахгүй нь бололтой нийслэлчүүд ээ, уушгиа бодоорой. Үнэхээр эрх баригчид зун болохоор утаагаа мартчихдаг, өвөл болохоор санадаг, сандардаг байдал нь хэвээр байх бололтой.

Т.Дөлгөөн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих