Далайн төвшин 2100 онд 1.6 метрээр нэмэгдэнэ

Дэлхийн дулааралд хамгийн ихээр өртөж буй Хойд туйлын орчин гэрлийн хурдаар өөрчлөгдөж байна.

Антрактидын агаар мандлын озоны давхаргад хамгийн том цоорхой үүссэнийг олон улсын эрдэмтэд саяхан баталсан. Үүний улмаас туйлаас гадна Гренланд жилд олон арван тэрбум тонн мөсөө алдаж байна. Тус бүс нутгийн мөсөн бамбай жилд тав орчим мм-ээр хайлж байгаа юм.

Норвегийн Осло хотод төвтэй найман орны судалгааны баг 2100 онд дэлхийн далайн төвшин 1.6 метрээр нэмэгдсэн байна гэв. Судалгаагаар өнгөрсөн зургаан жил буюу 2010 он хүртэл Хойд туйл орчим хамгийн дулаан уур амьсгалтай байв.

Зуун жилийн тооцоог гаргахад өнгөрөгч 10 жилийн судалгааны баримтад тулгуурлажээ. Дэлхий 1880 оноос дулаарч эхэлсэн бөгөөд өдгөө Хойд туйл орчмын цаг агаар 3-6 хэмээр дулаарсан байна. Энэ нь хойд мөсөн далайн мөсөн уул толгодыг шовх оройгүй нимгэн тал болгож байгаа аж. 90-хэн жилийн дараа эх газруудын эргийн тодорхой хэсэг усанд автаж, нам дор орших арлын улсууд аюулд учирна.

Хойд туйлын зөвлөлийн орнууд болох АНУ, Орос, Канад, Швед, Финланд, Дани, Норвеги, Исландын төлөөлөгчид энэ сарын 12-нд Гренландын асуудлаар Данийн нийслэлд Копенгагенд уулзахаар төлөвлөжээ.

2100 онд далайн төвшин хамгийн багадаа л 0.9 метр нэмэгдсэн байна. Хэрвээ Хойд туйл, Гренландын мөсөн бүрхэвч бүхэлдээ хайлбал арлын улс орнууд үндсэндээ мөхнө. Дэлхийн дунджаас Хойд туйл, Гренланд орчим хоёр дахин хурдан дулаарч байна.

НҮБ-ын уур амьсгалын талаархи Засгийн газар хоорондын ажлын хэсгийн сүүлийн томоохон судалгаа 2007 онд гарахдаа 2100 онд далайн төвшин 59 см-ээр нэмэгдэнэ гэж байсан. Үүнээс хоёрхон жилийн энэ үзүүлэлт хэд дахин нэмэгдсэн юм. 2009 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун энэ зууны төгсгөлд далайн төвшин хоёр метрээр нэмэгдэх боломжтой сануулсан билээ.

Зөвхөн Греландын мөс бүрэн хайлахад л далайн төвшин долоон метрээр нэмэгдэхийг тооцжээ. Харин Өмнөд туйлын мөс бүхэлдээ хайлсан тохиолдолд далайн түвшин 57 метрээр, үүн дээр Шинэ Зеландын өмнөд хэсгийн мөс бүхлээрээ хайлсан гэж үзбэл дахин 13 метрээр нэмэгдэх аж. Түүнчлэн далайн төвшнөөс метр хүрэхгүй өндөрт оршдог олон арал, шүрэн арал байдаг. Жишээ нь 1226 арлаас тогтдог Мальдив улсад аюулын харанга дэлдээд байна. Тус улсын харъяан дахь бүлэг арлын 1200 нь арал, 26 нь шүрэн арал. Тэдгээр жижиг арлын 200 орчим дээр нь хүн амьдардаг бөгөөд хамгийн өндөр арал нь далайн төвшнөөс дээш таван метр хүрэхгүй.

Мөн нэгхэн хэм дулаарахад л байгалийн бүс 200-300 км-ээр өөрчлөгддөг. ХХ зуунд дэлхийн далайн төвшин 17 см-ээр нэмэгдсэн. Зуун жилийн хугацаанд ингэж нэмэгдсэн нь бага юм шиг ч өмнөх зуунуудтай харьцуулбал өндөр үзүүлэлт аж.

Тэгвэл XXI зуунд энэ үзүүлэлт бүр ч илүү байх аж. Одоогоор 100 жилээс цаашихыг урьдчилан тооцоолох боломжгүй аж. Хойд, Өмнөд туйлаас гадна эх газрын хамгийн том мөнх цэвдэгтэй Альпийн нуруу, Кавказ, Аляска зэрэг газрууд 2100 онд мөснийхөө 50 хүртэлх хувийг урсгасан байна.

Өдгөө дэлхийн далайн дундаж төвшин 4267 метр бөгөөд 21 мянган жилийн тэртээ сүүлчийн Мөстлөгийн үеийн төгсгөлд мөнх цэвдэг хайлахад 120 гаруй метрээр нэмэгдэж байжээ.

Э.Төгсөө


URL:

Сэтгэгдэл бичих