Ээж болоход хамгийн тохиромжтой улс Норвеги

Манай улс хөгжиж буй орнуудаас есдүгээрт жагсчээ-

Цахим сүлжээгээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын “GlobalPost” агентлаг “Save the Children” байгууллагатай хамтран амаржихад хамгийн таатай орнуудыг жагсаажээ.

“Ээжүүдийн индекс” хэмээх уг жагсаалтад Норвеги тэргүүлсэн бол Афганистан хамгийн сүүлд бичигдсэн байна. Жил бүр шинэчлэгдэг энэхүү жагсаалтыг мэргэжилтнүүд улс орнуудын эх, нялхсын эндэгдэл, эмэгтэйчүүдийн дундаж наслалт, төрөх эмнэлгүүдийн орчин, санхүүжилт, эх үрсийн эрүүл мэндэд чиглэсэн төрийн бодлого зэргийг нь харгалзан гаргадаг юм.

“GlobalPost”-ын мэргэжилтнүүдийн тооцоогоор норвеги эмэгтэйн дундаж наслалт 83 бол афган эмэгтэйчүүд 45 орчим л насалдаг аж. Жагсаалтын сүүлд Афганистаны хамт бичигдсэн Нигер, Гвиней-Биссау, Иемен, Чад, Эритрия, Мали, Судан, Төв Африкт зургаан хүүхэд тутмын нэг нь таван нас хүрэхээсээ өмнө энддэг бол гурван хүүхэд тутмын нэг нь тэжээлийн дутагдалтай байна.

Олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын анхааруулдгаар эдгээр улсын хүн амын тэн хагас нь цэвэр усны хомсдолтой бүсэд аж төрдөг юм. Дээрх жагсаалтыг гаргасан мэргэжилтнүүд нийт 164 улсын хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулсан байна. Тэд жагсаалтыг хөгжингүй, хөгжиж буй, хөгжил буурай орнууд хэмээн гурав ангилснаас Норвегиэс гадна Австрали, Исланд, Швед, Дани, Шинэ Зеланд, Финлянд, Бельги, Нидерланд, Франц жагсаалтын дээгүүрт бичигджээ.

Харин эдийн засгийн хөгжил, цар хүрээгээрээ дэлхийд тэргүүлдэг атлаа АНУ хөгжингүй 43 орны 31-д бичигдсэн нь дэндүү чамлахаар үзүүлэлт гэж “GlobalPost”-ийн тайланд дурдсан байна. Америк эмэгтэй итали, ирланд эмэгтэйтэй харьцуулахад төрөхийн хүндрэлээс болж нас барах нь бараг долоо дахин их гэнэ. Харин эх, хүүхдэд хамгийн таатай хөгжиж буй орнуудын жагсаалтыг Куба тэргүүлжээ.

Энэ ангилалд 79 орон бичигдсэнээс манай улс эхийн эрүүл мэндэд анхаардгаараа есөд, эмэгтэйчүүдийн дундаж наслалт, амьдралын боломж бололцоо сайтайгаар 80 орноос 14-т, хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд хамгийн таатай гэсэн үзүүлэлтээр 81 орноос 52-т бичигдсэн байна. “GlobalPost”-ийн судалгаатай хамт “Save the Children”-ээс гаргасан хүүхэд өсч торниход хамгийн таатай орнуудын жагсаалтад Швед нэгд, Сомили хамгийн сүүлд бичигджээ.

Г.Лхагва


URL:

Сэтгэгдэл бичих