“Хог тээвэрлэлтийн тариф нэмэгдсэн ч айл өрхийн хогны мөнгө нэмэгдэхгүй”

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурлаар хог тээврийн үнэ тарифыг батлах асуудлыг хэлэлцэж баталлаа.
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуунаас тодрууллаа.
-Хог тээврийн тарифыг яагаад шинэчлэн батлах болсон юм бэ. Энэ талаар тодруулаач?
-Хог тээвэр буюу ачаа тээвэрлэх тарифийг анх 2009 онд хэлэлцэж, баталж байсан. Үүнээс хойш ямар нэгэн өөрчлөлт ороогүй байгаа. Тээвэрлэлтийн зардалд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл бол шатахуун байдаг.
Гэтэл 2009 оноос хойш шатахууны үнэ хэчнээн хувиар нэмэгдээд байгааг хүн бүр мэдэх байх. Мөн ажилчдын хөдөлмөрийн хөлс нэмэгдсээр байна. Энэ мэт асуудлаас болж манай хог тээвэрлэдэг байгууллагууд болон ажилчдын хувьд алдагдалтай ажиллаж байгаа учраас хог тээвэрлэлтийн тарифийг нэмж байгаа юм.
-Айл өрхүүд сардаа хэдэн төгрөгийг хогны мөнгөнд өгдөг юм бэ?
-Гэр хорооллын айл өрхөөс сар бүр 2500 төгрөг, орон сууцны айл өрхөөс 2000 төгрөгийн хогны төлбөр авдаг. Гэтэл бид нэг айлын хогийг тээвэрлэхэд 4-5 мянган төгрөгний зардал гаргаж байгаа. Тиймээс тээвэрлэгч байгууллагууд алдагдалтай ажиллаж байгаа гэдэг нь ойлгомжтой. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн төрөөс сард дунджаар 557 сая төгрөгийн төсөв өгч дүүргүүдийн хог тээвэрлэлтийг дэмжин ажиллаж эхэлсэн.
Гэтэл нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэлтэд жилдээ 16 тэрбум төгрөг шаардлагатай байдаг. Тиймээс 4.5 тэрбумийг иргэдийн хогны хураамжаас бүрдүүлж, үлдсэн 12-13 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гарган ажиллаж байна. Гэсэн хэдий ч цаана нь 5.7 тэрбум төгрөг шаардлагатай байгаа.
-Тэгвэл хог тээвэрлэлтийн тариф нэмэгдэхээр иргэдээс авдаг мөнгө дагаад нэмэгдэх үү?
-Хог тээвэрлэлтийн тариф нь хог хаягдал гарсны дараа түүнийг тээвэрлэх тээвэрлэлтийн зардал юм. Харин иргэдийн сар бүр төлдөг 2000 буюу 2500 төгрөг нь байгаль орчныг бохирдуулж, хог хаягдал гаргасан учир төрд өгч буй төлбөр. Тиймээс иргэдээс авдаг хогны мөнгө нэмэгдэхгүй гэж ойлгож болно. Ер нь бид иргэдэд хүндрэл учруулахгүйг хичээн ажиллаж байгаа. Тиймээс төрөөс авдаг тээвэрлэлтийн зардлыг нэмэхээр болоод байгаа.
-Тээвэрлэлтийн зардлыг нэмснээр ямар давуу байдал бий болох юм бэ?
-Мэдээж олон давуу талууд бий болно. Тухайлбал, ажилчдын цалин нэмэгдэнэ, тээвэрлэгч байгууллагуудын машин техник нэмэгдэж, цаг тухайд нь хог хаягдлыг ачих боломж бүрдэнэ.
-Тээвэрлэгч байгууллагуудын хувьд ачих ёстой цагтаа ачдаггүй, дутуу ачдаг зэрэг гомдол гардаг. Энэ тал дээр хэрхэн хяналт тавьж ажиллах вэ?
-Бид нийслэлийн мэдээлэл технологийн газартай хамтран хог тээвэрлэлтийн автомашинуудад GPS төхөөрөмж суурьлуулж байна. Мөн дүүргүүд болон хог тээвэрлэлтийн байгууллагууд өөрсдийн нөхцөл байдалдаа тохируулан GPS төхөөрөмжийг суурьлуулж эхлээд байна. Ингэснээр тээвэрлэлтийн автомашины туулсан километрийг хянах, тухайн гудмаар орж хогоо ачсан эсэх хуваарийн дагуу явсан зэргийг нарийн хянах боломжтой болж байгаа. Тиймээс хог тээвэрлэлтийн тариф нэмэгдсэнээр манайд үйл ажиллагаа явуулж буй тээвэрлэлтийн байгууллагуудын хариуцлага ч давхар нэмэгдэх юм.
-Нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг хэчнээн байгууллага байдаг вэ. Нийтдээ хог тээвэрлэлтэд хэдэн автомашин үйлчилдэг вэ?
-Одоогоор нийслэлийн хэмжээнд 20 гаруй албан байгууллага хог тээвэрлэх үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр байгууллагуудын 264 автомашин үйлчилж байгаа.
-Зарим иргэд хог хаягдалаа ус зайлуулах суваг, гуу жалганд хаядаг. Эдгээр иргэдэд хэрхэн хяналт тавьж байгаа вэ? -Энэ бол иргэдийн өөрсдийн ухамсрын асуудал. Хороодын засаг дарга, хэсгийн ахлагч болон эко байцаагчид энэ тал дээр хяналт тавин ажиллаж байгаа. Ер нь хог хаягдалаа зөвшөөрөлгүй газарт хаядаг иргэдийг торгох эсвэл хариуцлага тооцох ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байдаггүй. Тиймээс иргэдэд анхааруулга хүргэхээс өөрөөр ажиллах эрх зүйн үндэс алга байгаа.
-Өндөр хөгжилтэй орнуудын хувьд хог хаягдлаа дахин боловсруулах үйлдвэрүүдтэй байдаг. Харин манай улсад хог хаягдлыг боловсруулах үйлдвэр хэчнээн байдаг вэ?
-Бид хог боловсруулах үйлдвэрүүдийн дунд сонгон шалгаруулалт явуулж байгаа. Тухайлбал, Улаанчулуутын хогын цэг дээр хуванцар сав, гялгар уут дахин боловсруулах үйлдвэр ажиллаж байна. Мөн Багахангай дүүрэгт өнгөрсөн тавдугаар сард “Ахуйн мандал” хог хаягдалын үйлдвэр ашиглалтад ороод ажиллаж байгаа. Уг үйлдвэр хоногт найман тонн дизель түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Түүнчлэн тоног төхөөрөмж нь орж ирсэн, барилгын ажил нь явагдаж байгаа удахгүй ашиглалтанд орох олон үйлдвэр бий.
Г.Нэргүй

URL:




