Алдаатай Эдийн Засаг: Эдийн Засгийн Амьдралыг Мэргэжлийн Нүдээр Харвал
Н. Ууганбаатар (Ph.D) МУИС, МКС-ийн Математик Загварчлалын Тэнхим; http://uuganbaatar-ninjbat.weebly.com Улаанбаатар хот, 2013.09.19
Орчин үед аливаа үндэстний
эрх ашиг (national interest) нь дараах хоёр зүйлээр илрэх ба үүнд
• тухайн улсын мөнгөн тэмдэгтийн бодит ханш (real exchange rate),
• тухайн улсын иргэдийн паспортын үнэ цэнэ
багтана.
Эхнийх нь аль нэг улсын ард иргэдийн хийж бүтээсэн баялаг буюу тэдний хөдөлмөр нь бусад улсынхтай харьцуулахад яаж үнэлэгдэж байгааг илэрхийлэх бол, хоёр дахь нь тухайн улсын иргэн байх нь олон улсын түвшинд хэр нэр хүндтэйг харуулна. Эдгээр үзүүлэлт нь нэг талаас тухайн үндэстний хувьд нийтлэг буюу “бүгдэд хамаатай” шинжтэй бөгөөд нөгөө талаас тэдний мэдлэг чадвар, бүтээмж, гадаад харилцаа, бусдын тэдэнд итгэх итгэл гэх мэт олон хүчин зүйлстэй шууд хамааралтай учраас ийнхүү үндэсний эрх ашгийг явцуу утгаар нь энэ хоёроор төлөөлүүлж болно гэж үзэв. Түүнчлэн ижил төстэй бусад хүчин зүйлстэй харьцуулвал энэ хоёр нь шууд хэмжигддэгээрээ давуу талтай юм. Энэ нь манай улсын хувьд төгрөгийн ханш болон улаан паспортын үнэ хүндээс бидний хувь заяа, амь амьдрал шууд хамаарна гэсэн үг.
Дээр хэлсэнчлэн эдгээрээс эхний хүчин зүйл нь эдийн засагтай шууд холбоотой. Валютын ханшаас гадна эдийн засгийн бодит өсөлт, инфляци, төсвийн болон гадаад худалдааны тэнцэл, ажилгүйдэл гэх мэт бусад макро үзүүлэлтүүдээр эдийн засгийн амьдрал ерөнхийдөө тоймлогдоно. Мэдээж хэрэг эдгээр үзүүлэлтүүд бүгд сайн байх үед эдийн засгийн макро түвшиний асуудлууд шийдэгдэх болов ч, эдийн засгийн онолын үүднээс ч тэр, эдийн засгийн түүхээс ч тэр эд бүгд нэгэн зэрэг сайн байх нь ховор (1). Ийм учраас бид эдийн засгийн аливаа үзүүлэлтийг шинжихдээ хугацааны мөч бүр дэх хэлбэлзлийг даган баярлаж, гутрах биш урт хугацаан дахь ерөнхий ахицийг харж дүгнэлт хийх нь илүү барьцтай. Гэхдээ энэ нь эдийн засагт гарах цочролуудыг битгий тоо гэсэн үг биш. Цочрол бол угтаа төв банкны буюу макро эдийн засгийн бодлогыг барьж буй газрын хариуцах ёстой асуудал.
Тэгвэл урт хугацаанд, жишээ нь сүүлийн 20 жилд бидний эдийн засгийн амьдралд ахиц дэвшил гарав уу? Бид цаашид ер нь яах ёстой вэ? Яавал ирэх 20 жилд бид өмнөх 20 жилийнхээс эдийн засгийн хувьд илүү сайн байж чадах бол? Эдгээр асуултуудын заримд нь мэргэжлийн эдийн засагч хүний хувиар хариулах гэж үзье.
1. Хэрэглэгч ба Хаан
“Хэрэглэгч бол хаан” гэсэн үг манайд зах зээлийн системтэй бараг нэгэн зэрэг нэвтэрсэн. Миний бодлоор энэ үгийн уг гарал нь “Customer is always right” гэсэн уриа бөгөөд энэ нь 20-р зууны эхэн үеэс АНУ-ын бизнесийн салбарт түгэн олны дунд дэлгэрсэн хэлц юм. Уг нь менежментийн ухааны үүднээс харвал, энэ үг нарийн утга учиртай ба “хэрэв бизнесээ сайн явуулахыг хүсвэл хэрэглэгчээ хүндэтгэ, тэднийг сонс” гэсэн санааг илэрхийлнэ. Харамсалтай нь миний анзаарснаар бол бид энэ уриаг шууд утгаар нь ойлгосон юм шиг. Тэгвэл энэ нь мэдээж буруу. Хамгийн гол нь энэ үг хэрэглэгчид зориулсан үг огт биш! Тэр дундаа “хэрэглэгч байх бол хаан байна, хааны эрх ямба эдэлнэ” гэсэн үг бүүр ч биш. Эдийн засгийн онолын үүднээс авч үзвэл, урт хугацаанд хэн юм бүтээж чадсан нь хождог болохоос, хэн сайн хэрэглэсэн нь хожддоггүй. Иймд хэрэв эдийн засгийн хаан гэж байдаг бол энэ нь хэрэглэгч биш, харин үйлдвэрлэгч, эсвэл үйлдвэрлэл хийдэг хэрэглэгч байж таарна.
Үүнтэй ижил төстэй өөр алдаанууд бас анзаарагддаг. Жишээ нь Америкчуудаас бидний сурсан өөр нэг ойлголт нь ПР. Уг нь ПР буюу Public Relations нь “олон нийттэй харилцах” гэсэн үг бөгөөд бидний хувьд шинэ зүйл биш. ПР нь мөн л менежмент болон маркетингийн ухааны нэг хэсэг. Харин бид ПР гэхээр “өрөөлийн тухай ихэнхдээ муугаар мэдээ цацахыг” ойлгодог (энэ ойлголт сонгуулийн үеэр маш тод харагдана). Бас л алдаа…
Илүү макро түвшинд яривал, бидний чөлөөт нийгмийн (liberal society) тухай ойлголт ч гэсэн алдаатай. Жишээ нь бид ардчилалыг “дураараа байх,” зах зээлийг “амь амиа бодох” гэж ойлгодог. Харин сүүлийн үед “дураараа байх нь хэрээс хэтэрвэл болохгүй юм байна, дор хаяж хуулинд захирагдах ёстой” гэсэн санаа бодлогын түвшинд мөрдөгдөж байх шиг байна. Өөрөөр хэлвэл бидний ардчилалын тухай ойлголт “хуулийн дор дураараа байх” болж шинэчлэгдэж байгаа юм уу даа. Гэтэл уг нь чөлөөт нийгэм гэдэг нь “өөрөө өөртөө эзэн болох” л гэсэн үг юм билээ.
Энэ бүхнээс харахад бид Америкчуудаас, ер нь бусдаас судалцахдаа алдах, эндүүрэх хандлагатай байгаа бөгөөд үүнийгээ засахгүй бол элдэв асуудалтай тулгарсаар байх төлөвтэй. Буруу ойлголт нь буруу сэдэл, буруу хэвшлийг төрүүлдэг бөгөөд манайх шиг хөгжиж буй орны хувьд алдаа бүрийн өртөг өндөр гэдгийг эрх биш ухамсарлах цаг нь болсон. Харин энэ төрлийн алдаагаа засахын тулд бусдын сэтгэлгээг сайн ойлгох, тэдний талаар илүү их мэдлэгтэй болох, тэднийг судлах, тэдний сэтгэгчидтэй нь танилцах, тэднийг унших зайлшгүй хэрэгтэй. Жишээ нь Томас Хоббэс, Адам Смит, Жон Лок, Давид Хюме-ийг уншдаггүй юм гэхэд, дор хаяж Роберт Нозик, Жон Равлс, Амартяа Сенийг уншмаар байгаа юм. Мөн Фредрик Тайлорыг мэддэггүй юм аа гэхэд Питр Друкерийг танидаг болмоор.
2. Хардах ба Хянах
Чөлөөт нийгэм (liberal society) нь сонгох эрх чөлөөнд тулгуурладаг бөгөөд шууд утгаараа
“Чөлөөт нийгэм=Сонголт хийх эрх чөлөө”
ч гэж ойлгож болно. Харин сонголт хийнэ, тэр дундаа ухамсартай сонголт хийнэ гэдэг амаргүй. Магадгүй тийм учраас сүүлийн үед нийгмийн ухаанууд, тэр дундаа эдийн засгийн ухаан хувь хүний сонголтыг голлон судлах болсон бөгөөд энэ салбарын судалгааны үр дүнгүүд бодлогын түвшинд нөлөөлөөд эхэлчихсэн гэж хэлж болно. Уг нь “өөр өөрийн ашиг сонирхлыг хөөгч талууд харилцан сонголт хийхдээ хэн хэндээ ашигтай үр дүнд хүрнэ” гэсэн эдийн засгийн онол бий. Энэ санаа нь чөлөөт нийгмийн оюун санааны тулах цэг нь юм. Гэхдээ энэ онолын хүчин төгөлдөр байх нөхцөл нь нэлээд маргаан дагуулна.
20-р зуунд Америкийн эдийн засагчид энэ асуудлыг анхааран судалсан бөгөөд тэдний судалгааны гол үр дүгүүд нь эдийн засгийн салбарт хэд хэдэн Нобелийн шагнал хүртсэн. Жишээ нь 2001 онд АНУ-ын гурван эдийн засагч, Жорж Акерлоф (George A. Akerlof), Майкл Спенси (Michael Spence), Жосеф Стиглитз (Joseph E. Stiglitz) нар тус шагналын эзэд болсон бөгөөд, тэдний хийсэн судалгаа нь “зах зээлд оролцогч талууд мэдээллийн хувьд тэгш бус байдалтай (information asymmetry) үед үл үзэгдэх гар үүргээ биелүүлж чадахгүй” болохыг харуулсан байдаг. Өөрөөр хэлвэл ‘мэдээллийн асуудал’ буюу ‘талуудын нэг хэсэг нь бусдаасаа дутуу мэдээлэлтэй байх’ нь зах зээлийг ажиллахад саад болж, улмаар эдийн засгийн амьдралд чөдөр тушаа болдог гэсэн санааг дэвшүүлж түүнийгээ баталгаажуулсан юм. Энэ асуудлыг илүү тодорхой болгохын тулд дараах сонгодог жишээг авч үзье.
А гэсэн хүн унж байсан машинаа зарахаар шийдэж гэнэ. Уг нь түүний машин гамтай эдэлсэн, сайн машин. Б тэр машинийг авахаар сонирхож байна. Гол нь машиний тухай А-д байгаа мэдээллийг Б мэдэхгүй учраас Б, А-д машинд нь тохирох үнийг төлөхгүй. Иймд хэрэглэсэн машиний зах зээлийн хувьд үнэ зохистой үнээс доогуур тогтоно. Нэгэнт ийм учир, хэрэглэсэн (гэхдээ дөмөг) машинууд энэ зах зээлд бараг зарагдахгүй буюу хэдийгээр тухайн бүтээгдэхүүний эрэлт болон нийлүүлэлтийн аль аль нь байгаа ч ийм төрлийн бүтээгдэхүүний солилцоо явагдахгүй. (2)
Миний бодлоор энэ асуудал нь аливаа сонголт хийхдээ “хардах, хянах хоёрыг ялгаж салгадаг байх шаардлагатайг” илэрхийлж байгаа юм. Хянаж чадахгүй байж хардах нь тухайн зах зээлийг чанар муутай бүтээгдэхүүнээр дүүргэх бололцоог нээж байгаа учир энэ нь эдийн засгийн хувьд чухал асуудал. Түүнчлэн ерөнхий тохиолдолд буюу бүх нийтийг хамарсан аливаа сонголт, тэр дундаа улс төрийн сонгууль ч гэсэн энэ асуудалд шууд хамааралтай. Жишээ нь хэрэв улс төрд байгаа хүн бүрийг авилгач гэж бүх нийтээрээ хардвал, тэгээд тийм эсэхийг нь хянаж чадахгүй бол, улс төрд сайн хүн орохгүй.
Иймд хардах хянах хоёрыг ялгаж салгадаг байх нь чөлөөт нийгмийн сайн сайхан оршин тогтнох явдалд зайлшгүй хэрэгтэй. Энэ нь мэдээж амаргүй хэрэг бөгөөд нэг талаас эдийн засагт зөв институтын тогтолцоог нэвтрүүлж чадах эсэхээс, нөгөө талаас хүмүүсийн мэдлэг боловсролоос шууд хамаарна.
3. Ухран Индукцилэх
Аливаа улс орон, эсвэл томоохон хөдөлгөөнүүд гурвалсан хэлбэрийн уриатай байх нь элбэг юм. Жишээ нь Францын хувьсгалын уриа нь “Liberty, Equality, Fraternity” байсан бол Оросын хувьсгалынх “Peace, Land and Bread” байж. Мөн Канад зэрэг улсуудын үндсэн хуулинд “Peace, Order and Good Government” гэсэн уриа байдаг гэнэ. Түүнчлэн ромын генерал Ж. Цезар хийсэн үйлээ “Veni, Vidi, Vici” гэсэн гурван үгэнд багтааж байсан гэдэг. (4)
Магадгүй энэ уламжлалд нийцүүлэн бид 1992 оны үндсэн хуулиараа “Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм”-тэй улс болох зорилт тавьсан. Энэ цагаас хойш эдгээр гурван зүйлээс хамгийн сүүлчийнхд нь буюу “ардчилсан” гэдэгт илүү анхаарч ирсэн, xарин эхний хоёр зорилтын хувьд төдийлөн ахиц гараагүй юм шиг санагддаг. Чухам яагаад сүүлийнх дээр нь илүү анхаарсныг хэлэхэд амаргүй ч, энэ нь ардчилал бидний хувьд харьцангуй шинэ зүйл байсантай, эсвэл тэгэж ойлгогдсонтой холбоотой байж мэднэ. Аль ч тохиолдолд үндсэн хуулиа өөрчлөөд эхний хоёр зорилтоо авч хаяхгүй л юм бол эднийг биелүүлэх нь бидний болон хойч үеийнхний маань шийдэх ёстой асуудал мөнөөс мөн.
Иргэншил буюу цивилизаци гэдэг нь “тогтож хэвшсэн нийгмийн зохистой төлөвшилийг” хэлдэг гэж би ойлгодог. Мөн аливаа юмс иргэншихийн тулд эхлээд нийгэмших хэрэгтэй байдаг. Нийгэмшнэ гэдэг нь ‘нийтээр хүлээн зөвшөөрөгдөнө’ гэсэн үг. Иймд бид “иргэний нийгэм” байгуулахын тулд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зөв хэв маяг, тогтолцоотой болох хэрэгтэй. Харин хүмүүнлэг нь угтаа бол “хүнийг дээдэлсэн” гэсэн агуулгатай байх. Эдгээрийг цогцлон бүтээх нь амаргүй хэрэг бөгөөд ингэхийн тулд бидэнд ур ухаан хэрэгтэй. Миний бодлоор бид дор хаяж дараах арга техникийг сайтар эзэмших нь ийм ээдрээтэй асуудалд системтэйгээр хандахад тус болно.
Дараах сүлжээг авч үзье:
Энд цэгүүд нь хотуудыг, харин хоорондох холбоос нь замыг, холбоос дээрх тоонууд нь замын уртыг тэмдэглэсэн байг. Математикийн ухаанд ийм сүлжээг ‘чиглэлт граф’ гэнэ. Бидний бодох бодлого маань “A-аас Z хүртлэх хамгийн богино замыг олох.” Ингэхийн тулд А-аас эхлээд “ургашлах алхам бүрдээ хамгийн богино замаар явах” гэсэн зарчим мөрдөх боломжтой ч, энэ стратеги нь хамгийн богино замыг бидэнд өгөхгүй. Түүнчлэн xамгийн богино замыг олохын тулд бүх боломжит замуудыг тооцоолж, хооронд нь харьцуулж болох хэдий ч энэ нь ажиллагаа ихтэй тул тийм ч сайн арга биш.
Энэ төрлийн бодлого инженерчлэл, бизнес, удирдлага болон менежменттэй холбоотой төлөвлөх, шийдвэрлэх асуудлуудыг томъёолоход элбэг тохиолддог бөгөөд үүнийг математикчид “ухран инукцилэх (backward induction)” аргаар боддог. Ингэхдээ бодлогыг жижиг тохиолдолд салган хэсэгчлэн бодоод, түрүүчийнхээ хэсгийн бодолтонд суурьлан дараагийн хэсгийг бодох маягаар ханддаг. Дээрх жишээний хувьд эхлээд эцсийн зогсоол буюу Z хотоос нэг алхамын өмнөх хотуудын хувьд тэднээс Z хүрэх хамгийн богино замыг тооцно. Гарсан хариуг тухайн хотын ‘үнэ цэнэ’ гэнэ. Ингэснээр E-ийн үнэ цэнэ 1, F-ийн үнэ цэнэ 3 гэсэн тооцоо гарна. Дараа нь түүнээс хоёр алхамын өмнөх хотуудаас түүнд хүрэх хамгийн богино замыг тооцно. Жишээ нь C цэгээс Z хүртэл явахад E болон F-ээр дамжин явах хоёр боломж байх бөгөөд, нэгэнт бид өмнөх тооцооноос эдгээр хотууд тус бүрээс Z хүртлэх хамгийн богино замын уртыг мэдэх тул, C-ээс Z хүрэх богино замыг олоход илүү хялбар: 7+1=8, 3+3=6 хоёрыг харьцуулан аль бага нь C-ийн үнэ цэнэ болно. Энэ маягаар тооцвол A-аас Z хүртлэх хамгийн богино зам ABDEZ бөгөөд урт нь буюу A-ийн үнэ цэнэ 9 гэж гарна.
Ухран индукцилэх арга нь “төлөвлөгөө хийхдээ ирээдүйрүү чиглэх болов ч төлөвлөлтөө хийхдээ ирээдүйгээс наашаа буюу хойноос нь урагш явна” гэсэн санаанд тулгуурлдагаараа онцлогтой.
Математикийн ухаанд энэ төрлийн бодлогыг ерөнхий тохиолдолд боддог аргачлалыг “динамик програмчлал (dynamic programming)” гэх бөгөөд аливаа ээдрээтэй шийдвэрүүдийг оновчтойгоор гаргах, урт хугацааны төлөвлөлтүүдийг оновчтойгоор хийх асуудал нь энэ төрлийн бодлогоруу шилждэг. Бидний өмнө тулгарч буй дээрх асуудлуудад ч гэсэн энэ үүднээс хандах хэрэгтэй. Ингэж байж бид сая хүрэх газартаа хамгийн богино (бага бартаатай) замаар хүрэх боломжтой болно.
4. Шийдэл ба Тэмцэл
Архидалттай тэмцье! Авилгатай тэмцье! Ядууралтай тэмцье! Агаарын бохирдолтой тэмцье! … гэсэн уриа сүүлийн жилүүдэд элбэг сонсогдох болжээ. Асуудалтай “тэмцэх” нь тухайн асуудлыг шийдэхийн эхлэл, сэдэл нь болох хэмжээнд ойлгогдож, хэрэгжиж байгаа бол энэ хандлага тийм ч буруу биш. Учир нь энэ тохиолдолд “тэмцье” гэдэг нь “шийдэж эхэлье” гэдэгтэй нэг утга илэрхийлнэ. Харин тэмцэл нь шууд утгаараа бодлого болон хэрэгжиж “ер нь ямар ч асуудал байсан тэмцье!” гэсэн хандлага газар авбал, энэ нь удалгүй өөрөө асуудал болж мэднэ. Тэр цагт бид “тэмцэлтэй тэмцье” гэж уриалах шаадлага гарах ба энэ нь сайн сайхан үр дүнд бараг л хүргэхгүй.
Уг нь аливаа асуудалтай зөвхөн тэмцэх биш тэднийг шийддэг байвал сайн. Учир нь тэмцлээр бүх асуудлыг шийдэхгүй нь ойлголмжтой бөгөөд, харин асуудлыг жинхэнэ утгаар нь шийдэж чадвал тэмцэх хэрэг огт үүсэхгүй. Харин тэмцдэг бүтцээс шийддэг бүтцэд шилжихийн тулд бидэнд арга ухаан хэрэгтэй. Гэхдээ тэр арга ухааныг дандаа гадны туршлагаар хязгаарлаад байвал бас л хол явахгүй…
Асуудал болон арга ухаан хоёрын хамаарлыг зарим талаар нь эдийн засаг дахь эрэлт болон нийлүүлэлт хоёрын хамааралтай зүйрлэж болно. Учир нь эрэлт нийлүүлэлт нь бие биенээ гүйцээж оршдог бөгөөд энэ хоёрын тэнцвэрээр эдийн засгийн амьдрал тоймлогддог. Харин тухайн үндэстэнд тулгарч буй асуудал болон тэдний шийдэл хоёрын тэнцвэрээр тэдний оюун санааны амьдрал тоймлогдоно. Шийдэж чадахаасаа олон асуудалтай тулгарвал тэр нь оюун санааны хувьд сул дорой байдлыг илэрхийлэх бол, арга ухаан нь тулгарах асуудлаасаа хэтэрвэл оюун санааны хувьд хангалуун байдлыг илэрхийлнэ. Иймд урт хугацаанд аливаа улс үндэстэн амжилтанд хүрье гэвэл арга ухаанаа сайжруулахаас өөр сонголт тэдэнд байхгүй. Чухамдаа хөгжилтэй орнуудын боловсрол, шинжлэх ухаанд өндөр анхаарал тавьдаг нь ч үүнтэй холбоотой.
Бид ч гэсэн өмнөө тулгарч буй асуудлуудыг шийддэг арга ухаанд судалцахгүй л юм бол, дан ганц тэмцлээр хол явахгүй бөгөөд, урт хугацаанд бидний аж амьдралд ахиц дэвшил төдийлөн гарахгүй. Энэ бүхэн “хүн бүр дор бүрнээ өөрийн эрдэм мэдлэгээ жинхэнэ утгаар нь дээшлүүлэх” үйлээс буюу “бүx нийтээрээ суралцдаг нийгэм (learning society)” байгуулахаас эхэлнэ. Хэрэв хүн бүр хийж буй ажилдаа мэргэжлийн түвшинд (professional level) хандах чадвартай болчихвол, “Хэн буруутай вэ?” гэх маягаар хүмүүстэй хариуцлага тооцох шаардлага эрс багасна. “Хэн буруутай вэ?” гэдэг асуулт нь ихэнх тохиолдолд хэрүүл маргаан дагуулдгийг санавал энэ нь тухайн нийгмийн хувьд томоохон ололт авчирна.
5. Дүгнэлт
Аливаа юмыг хийж бүтээх олон арга зам бий. Эднээс аль нэгийг нь сонгох нь бусад арга замаар явах боломжийг ашиглахгүй гэсэн үг. Жишээ нь бидний дээрх графт А хотоос Z хот хүрэх олон боломжит зам байгаа бөгөөд эдгээрийн аль нэгээр нь явахад бусад замаар явах боломжуудыг алдана. Эдийн засгийн ухаанд үүнийг “алдагдсан боломжийн өртөг (opportunity cost)” гэнэ. Жинхэнэ цаг хугацаанд буюу real time-д хийх сонголтууд бүгд л ийм шинж чанартай байдаг. Алдагдсан боломжийн өртгийг тооцохгүй байхын алдагдсан боломжийн өртөг нь маш өндөр…
Миний бодлоор бид “нээлттэй нийгэм (open society)” байгуулах гэж оролдохоос илүү “суралцагч нийгэм (learning society)” байгуулах хэрэгтэй байна. Энэ маягаар эрдэм чадлаа нэмэгдүүлж, ухаан санаагаа хурцлаж байж сая “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм”-руу дөхнө. Ингэж байж алив асуудалтай зөвхөн тэмцдэг биш, тэднийг шийддэг болно. Хамгийн энгийн жишээ хэлэхэд ядаж бүх нийтээрээ зөв Англи хэлтэй болмоор байна. Хүүхдүүддээ цэцэрлэгээс нь эхлээд Англи хэл заах хэдий ч, бидний Англи хэлний түвшин огтхон ч сайн биш. ТВ-ээр ярих хүмүүс дотор Англи хэлийг зөв, зүйтэй, сайн хэрэглэх хүн тун цөөн (Bloomberg-ийн хөтлөгч Долгионыг эс тооцвол тийм хүн бараг л таарахгүй). Иймд бүх нийтээрээ суралцья! Хийж буй ажилдаа эзэн болъё! Аливаад мэргэжлийн түвшинд ханддаг чадвартай болъё!
(1) Гэхдээ ийм макро эдийн засгийн таатай байдалд хүрэх нь огт боломжгүй гэсэн үг биш. Жишээ нь дайны дараах 1950-1970 онуудад АНУ-ын эдийн засаг ерөнхийдөө “сайн байсан” буюу “Алтан Үе” (golden period)-дээ байсан гэгддэг.
(2) Америкчууд хуучин машинийг lemon гэх бөгөөд G.Akerlof судалгаандаа энэ зах зээлийг жишээ болгож авсан байдаг. Ижил төстэй өөр тохиолдолууд гэвэл хөдөлмөрийн зах зээлд ажил олгогч болон ажилд орогч хоёрын, мөн даатгалын зах зээлд даатгуулагч болон даатгагч хоёрын мэдээллийн тэгш бус байдлыг нэрлэж болно.
(3) Бидний мэдэх “Лам дор мөргөмү, ном дор мөргөмү, багш дор мөргөмү” гэсэн хэлц мөн л энэ төрөлд багтаж байна. Энэ тухай илүү ихийг үзье гэвэл: http://en.wikipedia.org/wiki/Tripartite_motto
URL:













