Эрүүл мэнд “Эрүүл” байна уу?
Ийм нэртэй нийтлэлийг би хоёр дахь удаагаа бичиж байна. Дахиад ч бичих байх. Эрүүл мэндийн удирдлагаар дээд эрдмийн зэрэг хамгаалсан сүүлчийн хүний хувьд Монголын эрүүл мэндийн мөхлийг харж суух аргагүй болчихоод байна. Төрийн өмчтэй үйлчилгээний салбар манай оронд хоёрхон үлдсэн.Энэ бол улсын төсвийн бараг гуравны нэгийг залгидаг “мангас” МИАТ ба Эрүүл мэнд. Энэ “аврага динозавр”-ууд хэдэн зуун тэрбумаар авлигалын сүлжээнд торлогдсоныг хэвлэл мэдээллээр олж харлаа.
Одоо яах вэ?
Хэн буруутай вэ. Авлигад өртсөн хүмүүс буруутай юу. Амандаа орсон өөхийг хэлээрээ түлхдэг “ухаангүй тэнэг” хэн байх билээ гэж бодохоор яалтай билээ. Өөх “шуудайлж” өгсөн төр буруутай болж байна уу. Аргаа барахаар аавынхаа (төрийнхөө) толгойг маажина гэдэг болчихлоо. Эрүүл мэнд яагаад “өөхөнд” хахаж үхэхдээ хүрэв.
Үүх түүх яръя. “Энхрий хайрт” нам засгийн ивээл дор үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үзүүлдэг социалист тогтолцоог “музей” болгон “зайсан толгойд” залсаар, мөргөн бишэрсээр Монгол Улс хорин нэгэн жилийг ардаа хийлээ. Дэлхийд 2000 гаруй жилийн өмнө хуарангийн эмнэлэг бий болжээ.
Энэ бол өвдөж зовсон ядуусыг олноор нь тусгайлан хуарагнуулж эрүүл мэндийн тусламж үнэ төлбөргүй үзүүлдэг шашны сайн дурын байгууллага байжээ. Олонхи нь халдварт өвчтэй хүмүүс байсан учраас бөөнөөр нь ялган тусгаарлах, нас барагчдыг булж далдлах үүргийг бас гүйцэтгэнэ. Ийм нийтийн (хуарангийн) эмнэлэг бол олон хүнийг үнэ төлбөргүй эмчилдэг улсын чанартай эмнэлгийн эх үүсвэр болсон байна.
Харин эртний баян чинээлэг болон дунд давхрагынхан гэртээ эмч, сувилагч ирүүлж төлбөр төлж амарждаг, өвчнөө эмчлүүлдэг “гэр-эмнэлэг” олон зуун жилийн соёл иргэншлэлийн үр дүнд хувийн эрүүл мэндийн тогтолцооны эх суурь болж өгчээ.
Монголчуудын сонгосон зах зээлийн эдийн засаг буюу хувийн өмчийн жишигт орсон худалдаа үйлчилгээ, сургууль соёл, барилга байгууламж, хөдөө аж ахуй гээд бүх эдийн засаг, үйлчилгээний салбар нийгмийн хөгжлийн “нүд ирмэх” зуур яаж өөрчлөн шинэчлэгдсэнийг бид бахдан харж байна.
Тэд хүмүүсийн хойноос аргадан дагаж үйлчилгээнд хар бараан сүүдэр болж байсан уртын цуваа (очер!), хэрүүл шуугиан, “арын хаалга” гэдэг хуучин цагийн авлигалыг таслан зогсоосон. Энэ хоёр бараан сүүдэр ганцхан эрүүл мэнд дээр үлдсэн. Өвчтэй хүмүүс эмч нарын хойноос гүйж, царайчилдаг, урт очер, богино “арын хаалга”.
Энэ бол эрүүл мэндийн үйлчилгээний нэг дэх хохирол. Хоёрдох нь хамгийн аюултай нь. Мэргэжил мөхөстсөн, мэдлэг дордсон. Бүх төрлийн технологийн шинэчлэл хоцрогдсон. Ийм учраас эмчийн цалин ядахдаа хоёр гурван саяд хүргэж чадаагүй, 5-10 жил өндөр үнээр бэлтгэгддэг эмчийн мэргэжил, чанар, чадвар мартагдсан.
Үр дүн нь монгол хүний эрүүл мэнд, монголын эрүүл мэндийн тогтолцоо нэгэн зэрэг нурах аюул. Энэ хүнд өвчний шинж тэмдгийн илрэл бол Солонгос, Сингапур, Тайланд, Тайванийн эмнэлэг манай эх орны эрүүл мэндийн зэх зээлийн замын түгжрэлийг эвдэн “хурдны зам” гаргаж эхэллээ.
Эхлээд манай сор болсон цөөхөн эмчийг “худалдаж” аваад энэ замаар ногоон, бор, зуут, түмтийн авдар, чингэлэг, дүүрэн ачаатай хүнд даацын бүх тэрэг цувах цаг хаяанд ирлээ. Одоо яах вэ гэдэг асуулт дахин гарч ирж байна.
Эрүүл мэнд ба улс төр
Монголын эрүүл мэндийн хөгжилд “занга” тавьсан “анчид”-Улс төр. Улс төрийн сонгууль. “Үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үзүүлж” бас “олон хүний эрүүл мэндийн даатгалын хураамжийг төр дааж” зуу наслуулж зургаадай таяг тулуулна гэж…
Үнэхээр зуу наслах гэж зуу давсан тоотой эмнэлгийн үүдэнд түм, бумаараа урт цувааны ард хэрэлдэж, маталцаж, амаа алгадуулж, арын хаалгадаж хорин жил зогсоход хэд нь өвдөж, хэд нь эдгэж хэд нь хорогдсон тухай “ил товчоо” бий, бас “нууц товчоо”ч бий.
Жил болгон хагас сая гаруй хүн эмнэлгийн ханан гэрт хэвтэж эмчлүүлээд байхад хадан гэртээ харьсан хүний тоо дагаад өсч байгааг юу гэж дүгнэх болж байна. Хүн ардаа “халамжилсан” эрүүл мэндийн тогтолцооны гажуудлын хар сүүдэрт улс төрчид нуугдаж хүчээ сэлгэж, хүнсээ нөөцөлж өдий хүрчээ.
Дөрвөн жил болоод “шинэчлэгдэн” гарч ирдэг төр засаг эрүүл мэндийн талаар “маанийн” ганцхан уншлагатай. Энэ бол “эрүүл мэндийн тогтолцооны алдааг олж харлаа. Эмнэлгийг барьж, өргөтгөж тоног төхөөрөмжөөр тоноглож гадаадад мянга мянгаараа цувж олон тэрбум төгрөг хил гаргадаг алдааг засна.
Одоо ил тод болоод байгаа авлигалын сүлжээ энэ “алдаан дээр” торлогдсон болж таарлаа. Эрүүл мэндийн “социалист тогтолцооны” ашиг ард олонд бус хэнд очдогийг улс төрчид сайн мэддэг болохоор нэг нь амаа арчаад гарч байхад нөгөө нь шүлсээ залгиад ордог “мөнгөний цоожтой авдар” болжээ.
Эрүүл мэнд ба даатгал
Иргэний эрүүл мэндийн даатгал (ИЭМД) гэж юу вэ. Энгийн үгээр хэлбэл эмнэлгийн тусламжийн төлбөрийн дарамтаас хүн амын ядуу, дунд давхрагыг авран хамгаалах “илд бамбай”. Заавал даатгалаар их нь их, бага нь бага хураамж төлнө. Залуус, эрүүл хүмүүс, баячуудын өндөр хураамжаас ядуус хүүхэд, настан “завшина” гэсэн үг.
Ийм учраас ИЭМД-ын туг нь эв нэгдэл (солидарность, solidarity). Эрүүл мэнд зах зээлийн жаягт орж хувийн өмчийн хэлбэрт шилжвэл ард түмэн өндөр төлбөрт унаж “хиарна” гэсэн “хадны мангаа”-г улс төр гаргаж ирсэн.Эрүүл мэндийн хувьчлалын олон хэлбэр, загвар байна. Хятадын онцлогтой социалист орон БНХАУ-д эмнэлгийн тусламж үйлчилгээ өндөр төлбөртэй.
Төлбөрийг хувь хүн, ажлын газар, даатгал, халамжийн сан, засаг төр гээд “хятад хүний хялгасан ухаан” байгаа юм билээ. Хөгжингүй оронд эмнэлгийн тусламжийн төлбөрийн 80-90%-ийг ИЭМД-ын сан гаргадаг. Хөгжиж байгаа оронд даатгалын тогтолцоо манайх шиг “нэг далайцаар” босгож чадаагүй юм билээ.
Цөөхөн ам бүлтэй, хүн бүр ажил алба хашиж байсан социалист нийгмийн дөрөөн дээрээс 1994 онд ИЭМД-ын тогтолцоонд орж чадсан нь “их үсрэлт”. Удахгүй ИЭМД-ын шинэ хууль гарна.
Энэ хуульд гэр бүлийн даатгал (дунд, чинээлэг гэр бүлийн гишүүдийн даатгалын хураамж өрхийн тэргүүнд оногддог), төрөөс даатгалын хураамж даадаг нэрийн жагсаалтыг цөөлөх зэрэг шинэ санаа олон орсон овоо хууль болж магадгүй төлөв байна. Эмнэлэг үйлчилгээний төлбөрийг ИЭМД-ын сан бүрэн даах ирээдүй харагдаж байна.
Эрүүл мэнд ба шинэчлэл
Эрүүл мэндийн шинэчлэл бол төрийн өмчийг хувийн өмчид шилжүүлж, эхний ээлжинд эмч нарыг гадаадад урт хугацаагаар сурган мэргэжшүүлэх хэрэгцээ аминд тулсан асуудал болоод байна. Эмнэлгийг хөдөлгөдөг гурван мэргэжил бол эмч – сувилагч – био-инженер.
Манай салбар био-инженер буюу тоног төхөөрөмжийг засч сэлбэх мэргэжилтэн бэлтгэхийг зориуд мартсан. “Зориуд” гэсний учир бол эрүүл мэндийн салбарт амьтай, амьгүй тоног төхөөрөмж авлигалдахад био-инженергүй байх нь сайн.
Одоо манай эрүүл мэндийн салбарт “шахсан” тоног төхөөрөмжийн 60-70% ашиглагдахгүй, эвдэрсэн, засах сэлбэх мэрэгжлийн хүнгүй байгааг “зориуд мартсан”-аар тайлбарлахаас өөр аргагүй. Эмч, сувилагч, био-инженерийг гадаадад бэлтгэхийн учир шалтгаан нь монголын дээд боловсролын тогтолцоо “шатсан”-д байгаа юм.
Олон өнгийн дипломтой төгсөгчдийн 99,9% нь гадаад хэл (орос, хятад, англи)-гүй. Хэлгүй хүн хөлгүй учраас гадаадад нэгд, хэл сурах, хоёрт мэргэжил ззэмших зорилгоор 2-3 жил сургавал зүй буюу. Сургалтын санг төр, олон улсын тусламж, төслөөс даавал зохино.
Эрүүл мэндийн хувьчлалын тогтолцооны монгол загвар гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь аль болохоор хүн амд дарамтгүй энэрэнгүй шийдэл олон. Төрийн эмнэлгүүдэд өгдөг улсын төсвийг байлгана. Энэ талаар МОНРТ-ийг хувьчилсан бэлэн туршлага бас хоёр дүүргийн эмнэлгийг менежментээр хувьчилсан жишиг бий.
Хэсэгчилсэн (нэг эмнэлэг төр, хувийн үйлчилгээг зэрэг үзүүлдэг), төрөлжүүлсөн, мэргэжүүлсэн хувьчлал, эмнэлгийн тусламжийн корпораци, төв суурин газар дагнасан нэгдсэн эмнэлгийн менежмент (гурван шатлалгүй), эрүүл мэндийг дээдэлсэн эмнэлэг (health promotion hospital), хүн амд түшиглэсэн урьдчилан сэргийлэх арга, бие даасан настны эмнэлэг, сувилал гаргаж халамжийн сантай холбох зэрэг олон арга зам байна.
Гэвч бэрхшээл гарна. Боломж эрсэн нь хождог, бэрхшээл тоочсон нь балардаг даа. Олон улсын жишгээр нэг жилд хүн амын 9-16% нь эмнэлэгт хэвтдэг. Манайд энэ тоо 20-25%. Үнэ төлбөргүй юманд бид нар “нугасгүй” бас эм тарианд дуртай болохоор амрах, сувилуулах, тариулах гэж очерлодог, арын хаалгаддаг.
Ингээд эмчлүүлэгчдийн бараг тал нь ИЭМД-ын сангаар “амрагчид” болчихсон. Шинэчлэл, хувьчлалын олон арга хэлбэрийг олж хэрэгжүүлж чадвал энэ алдагдлыг багасгаж ИЭМД-ын сангаас өвчтэй хүнд оногдох зардал өсөх боломж нээгдэнэ. Манай эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийг ганцхан шалгуураар дүгнэнэ.
Энэ бол одоогийн өвчтэй хүн эмч, эмнэлгийн араас эцэн цуцан гүйж, урт дараалалд зогсдог гажгийг арилгаж, өвчтэй хүний хойноос эмч хөөцөлддөг, эмнэлэг яардаг болсон цагт эрүүл мэнд эрүүлжинэ. Ингээд социалист эрүүл мэнд баяртай, зах зээлийн эрүүл мэнд сайн байна уу.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин
URL:













