Зориулалтын уутанд хийгээгүй хогийг тээвэрлэхгүй

Зориулалтын уутанд хийгээгүй хогийг тээвэрлэхгүй

“Хог хаягдлын шинэ менежмент” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 317 мянган өрхөд “Азийн цагаан дагина” хэмээх хогны уут тараагдах аж.

Энэ талаар нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяраас тодрууллаа.

-“Хог хаягдлын шинэ менежмент”-ийг өнөөдрөөс /өчигдрөөс/ хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд хог хаягдлын зориулалтын уут тараагдах гэж байгаа гэсэн. Үүнийг тодруулахгүй юу?
-“Улаанбаатар хотын хог хаягдлын шинэ менежмент” гэдэг цогц хөтөлбөр хэрэгжиж байгаа. Үүний нэг томоохон бүрдэл хэсэг нь хог хаягдлын уутны хэрэглээг хэвшүүлэх ажил байсан. Тиймээс ч бид өнгөрсөн хавраас бэлтгэл ажлаа эхлүүлсэн. Улмаар өнгөрсөн зуны гурван сар зуслангийн 20 амны айл өрхөд зориулалтын хогны уутыг өгч хэрэглүүлсэн. Энэ туршилт маань амжилттай болсон учраас бид өнөөдрөөс /өчигдрөөс/ эхлэн нийслэлийн 317 мянган өрх өд хогны уут тараахаар бэлтгэлээ хангаад байна.

Хагас тунгалаг материалаар хийгдсэн, ногоон өнгөтэй, таван микроны зузаантай 80х50 хэмжээтэй. “Хоггүй Улаанбаатар Азийн цагаан дагина” гэсэн бичиг бүхий энэ уут нь 15 кг-ийн даацтай. Иргэд маань ч олон улсын жишгээр эко уутыг хэрэглэж хэвшээд байгаа. Тиймээс ч бид эко гэдэг утгаар нь ногоон өнгийг сонгосон юм.

Дэлхийн олон орон хар өнгөтэй уутнаас татгалзаж, доторх байдал нь харагддаг хагас тунгалаг, эко уутыг хэрэглээндээ нэвтрүүлээд байгаа.

-Нэг өрхөд сар бүр хэчнээн уут тараах вэ?
-Сар бүр 15 уут тараана. Бид өнгөрсөн хугацаанд зуслангийн бүсийн айл өрхийн хэрэглээнд нэвтрүүлсэн тухай дээр дурьдсан. Энэ бүхнээс ажиглаж байхад нэг өрхөд 15 уут байхад хангалттай гэдэг нь харагдсан. Өөрөөр хэлбэл, хоёр хоногт нэг хогны уут ашиглаж байхаар тооцсон гэсэн үг.

-Энэ уут нь зөвхөн ахуйн хог хаягдлын зориулалттай юм байна. Цаашид гэр хорооллын иргэдийн өмнө тулгамдсан асуудал болох үнсийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Тийм ээ. Энэ уутанд зөвхөн ахуйн хог хаягдлыг хийх ёстой. Түүнээс биш халуун үнс, нурам хийж болохгүй гэдгийг энд анхааруулмаар байна. Бид цаашид үнс нурмыг хэрхэн шийдвэрлэх талаар судалж байгаа. Гэхдээ эхний ээлжинд энэ уутаа хэрэглээнд хэвшүүлэхийг зорьж байна.

-Зориулалтын уутанд хийгээгүй тохиолдолд ямар нэгэн хариуцлага тооцох уу?
-Бид нэг л зүйлийг сануулж байгаа. Энэ нь юу вэ гэхээр хэрвээ та хотод амьдарч байгаа хотын иргэн мөн л бол зориулалтын хогны уутыг ашиглах ёстой. Хэрэв зориулалтын хогны уутанд хогоо хийгээгүй тохиолдолд тээвэрлэхгүй байх эрх хог тээвэрлэгчдэд бий. Зориулалтын уутанд хийсэн хог хаягдлыг цаг тухайд нь тээвэрлэнэ. Хог ачилтын мөнгө нэмэгдэхгүй. Харин ч зориулалтын уутанд хийж тавьснаар хог ачилт илүү хялбар болох юм. Тиймээс ч зориулалтын уутанд хог хаягдлаа хийгээд цэвэр цэмцгэр амьдрах уу, эсвэл хогондоо дарагдаад амьдрах уу гэдгээ иргэн та өөрөө шийднэ.

Үүнээс гадна “Хог хаягдлын тухай хууль”-ийг зөрчсөн тохиолдолд иргэдийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц мөнгөн торгуулиар торгоно. Харин ААН байгууллагын хувьд энэ дүнг 4-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулна.

-Энэхүү зориулалтын хогны уутыг хэрхэн тараах вэ. Түүнээс гадна иргэдэд үнэ төлбөргүй өгнө гэсэн үг үү?
-Өнөөдрийн байдлаар нийслэлийн дүүргүүдэд хогны уут тараагдсан. Уут тараах ажлыг тухайн хорооны хэсгийн ахлагч нар зохион байгуулана. Энэ удаад бид гэр хороолол, орон сууц гэж ялгалгүйгээр нийслэлийн айл, өрхийг зориулалтын уутаар хангахыг зорьсон. Тиймээс ч хорооны хэсгийн ахлагч нар, СӨХ-ны дарга нараар дамжин айл өрхөд хүрэх юм. Уутыг иргэдэд үнэ төлбөргүй олгоно. Харин ААН Буудын хувьд зориулалтын уутыг худалдаж авна. Ингэхдээ ААН байгууллагуудын хувьд үйл ажиллагааных нь онцлог, гарах хог хаягдлаас нь хамаараад сардаа хэчнээн хогны уут шаардлагатай байгааг нь тооцоолон олгох юм. ААН байгууллагууд зориулалтын хог хаягдлын уутыг нэг бүрийг нь 95 төгрөгөөр худалдаж авна.

-Энэ уут маань эргээд хог болохгүй гэх баталгаа байна уу. Дахин ашиглах боломжтой юу?
-Хөтөлбөрийн нэг бүрдэл хэсэг нь хог хаягдлыг дахин боловсруулах ажиллагаа юм. Энэ хүрээнд хог хаягдлыг дахин ашигладаг тогтолцоонд шилжүүлнэ. Тиймээс ч хогийн цэгүүдээр дүүрэн ногоон уут хөглөрөхгүй. Өөрөөр хэлбэл, энэ уутаа бид эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа юм. Пластик материалаар хийгдсэн энэ уутаар эргүүлээд траншейны таг, төмөр замын шон, хашаа, сандал, хогийн сав үйлдвэрлэж байна.

-Зориулалтын уутыг хаана үйлдвэрлэж байгаа вэ. Нийслэлийн төсвөөс хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?
-Энэ ажилд зориулж гурван тэрбум 163 мянган төгрөг төсөвлөсөн. Үйлдвэрлэлийн хувьд импортын бүтээгдэхүүн биш. Цэвэр үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “ОБ пластик”, “Монгол хэвлэл” гэсэн хоёр үйлдвэртэй хамтарч байна. Хүчин чадлын хувьд одоогийн байдлаар хангалттай гэж үзэж байгаа.

Х.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих