Монгол хүний амь сохор зоосны ч үнэгүй

f151701cdea98030big“Хорвоод дөнгөж мэндэлсэн бяцхан охин эмчийн буруугаас болж амиа алдав, согтуу жолооч нэг бүлийн таван хүнийг дайрч амийг нь хөнөөжээ, хөлд орж байсан хоёр настай хүү автобусанд дайруулж нас барлаа, барилга дээрээс хүн унаж амиа алдлаа” гэх мэт таагүй мэдээллүүд бараг л өдөр бүр сонсогддог боллоо гэвэл хэтрүүлсэн болохгүй.

Онц ноцтой гэмт хэрэг, осол аваар, бусдын хариуцлагагүй үйлдлийн үр дүнд хүний эрүүл мэнд, амь нас хохироход болж л байдаг зүйл шиг хандах хандлага, сэтгэлгээ бидэнд бий болоод байна уу?

Харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй юм шиг надад л тохиолдоогүй нь зол гэж амьдарсаар л…

Үнэ цэнэгүй монгол
Одоогоос жил гаруйн өмнө “Тэнгис” кино театрын урд талд баригдаж буй барилга дээрээс бэхэлгээний төмөр унаснаас болж амиа алдсан хүүгийн хэргийг шүүх хурал өнгөрөгч долоо хоногт болж өндөрлөв. Шүүхээс хүүгийн үхэлд буруутгагдаад байсан барилгын гүйцэтгэгч компанийн захирал Д.Батгэрэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль, ажилтан н.Цогтгэрэлд хоёр жилийн тэнсэн харгалзах ялыг оноосон юм. Өөрөөр хэлбэл хайнга, хариуцлагагүйгээсээ болж хүний аминд хүрсэн байхад хэдхэн сая төгрөг төлөөд л болсон гэсэн үг.

Эл ослоос хэдхэн хоногийн өмнө Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэр буюу П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн баруун талын  III, IV хороолол руу өгсөх замд  12 настай охин Есүгэний  дээрээс барилгын зуурмаг шахагч машины сум унаж амь насыг нь хохироосон эмгэнэлт хэрэг гарсан. Энэ хэрэгт мөн л шүүхээс буруутай этгээдүүдэд тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, шүүгдэгч тус бүрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 28 сая  төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн.

Эндээс монгол хүний амь хэдхэн сая төгрөгийн үнэтэй юм байна гэх бодол танд төрж байгаа биз. Надад ч ялгаагүй тэгж санагдсан. Гэтэл бүр шүүхээс тогтоосон торгуулийн мөнгийг хохирогчдын ар гэрийнхэн бус төр авдаг гэвэл та итгэх үү? Харамсалтай нь тийм.

Үүнийг Хуульзүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хууль сахиулах бодлогын хэлтсийн дарга Г.Оюунболд “Шүүхээс тогтоосон мөнгөн торгууль улсын төсөв рүү ордог.

Манайд одоохондоо хохирогчдын амь насыг үнэлдэг, түүнийг нөхөн төлүүлдэг хуулийн зохицуулалт алга байна. Гэмт хэргийн тухай хууль гэх мэтчилэн энэ асуудлыг шийдэж болох хуулиудыг шинэчлэх ажил хийгдэж байна. Яахав, торгуулийн хүүгийн орлого гээд Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулиар зургаан төрлийн хэргийн хохирогчид төлбөр өгч байгаа. Гэхдээ их цөөхөн” хэмээн тайлбарлаж байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад иргэнийхээ амь нас, хамгийн үнэтэй капиталыг үнэлсэн ямар ч үнэлгээ байдаггүй аж. Хохирогчдын ар гэрийнхэн  “Бидний эцсийн зорилго бол тэр хүмүүсийг шоронд хийх, мөнгө авах биш. Монгол хүний үнэ цэнэ хэтэрхий дор байгаатай эвлэрэхгүй байна. Миний охины, хүүгийн үхэлд буруутай хүмүүс зохих ёсны шийтгэлээ хүлээх ёстой. Осол гарах нөхцөл байдлыг бий болгосон, хүний амь насыг үнэгүйдүүлсэн төр хариуцлага хүлээж биднээс уучлалт гуйх ёстой” гэдэг. Гэтэл төр хариуцлага хүлээж уучлалт гуйдаггүй юм гэхэд хохирогчийн өмнөөс торгуулийн мөнгийг авдаг нь ёстой л төрийн төмөр нүүр нь бололтой.

Монгол хүний амь насны үнэлэмж хэзээ бий болох вэ?
Австралид хүний амь насны үнэлэмж 3.5 сая ам.доллар. Америкт бол иргэнийхээ амь насыг 6.5-7.9 ам.доллараар үнэлдэг байна. Бүр иргэнийхээ нэг жилийн үнэ-лэмжийг 50-129 мянган ам.до묬лар гэж тооцсон бай¬даг аж. Хүний эдийн засгийн үнэлгээг гаргахдаа тухайн хүний дундаж наслалтын хугацааг нийгэмд бий болгох боломжтой бая¬лаг, ажил хөдөлмөр хийж олох орлогыг нь тооцоолж гаргадаг байна.

Ер нь бол эрдэнэт хүний амийг мөнгөөр үнэлэхийн аргагүй ч гэмт хэргийн улмаас эд хөрөнгөөрөө хохироход заавал төлүүлдэг байхад яагаад хүний амь нас сохор зоосны үнэгүй байх ёстой гэж?

Хүний амь насыг бүрэлгэвэл хуулийн өмнө хариуцлага хүлээгээд зогсохгүй асар өндөр торгууль хохирогчдын талд төлдөг болъё. Иргэд ч амь насаа даатгуулдаг болъё. Зуурдаар, харамсалтайгаар хорвоог орхисон монгол хүний амь нас баян хүний нохойноос ч дор үнэ цэнэгүй байгаатай бид хэдий болтол эвлэрэх вэ?

Г.Долгорсүрэн
time.mn

URL:

Сэтгэгдэл бичих