Шоунд түрүүлсэн хүн сансарт аялна

Шоунд түрүүлсэн хүн сансарт аялна

Америкийн “NBC” телевизийн суваг ойрын өдрүүдэд шинэ шоу эфирт цацаж эхлэх гэж байна.

Энэ шоуны ялагч Английн тэрбумтан Ричард Брэнсоны компанийн бүтээсэн хөлгөөр сансарт аялах эрхтэй болно. “Сансар дахь уралдаан” нэртэй шоуны продюссерээр салбартаа алдартай Марк Бернетт ажиллах юм байна.

“NBC” телевиз болон М.Бернетт нар өмнө нь ийм төрлийн шоу зохиох гэж оролдсон бөгөөд ялагч тухайн үед Оросын сансрын нисгэгчдийг бэлтгэдэг “Оддын” хотхонд бэлтгэл хангаж, “Мир” станц дээр очих ёстой байлаа. Гэвч тэрхүү мөрөөдөл нь биелээгүй бөгөөд “Мир” станцыг Номхон далайд живүүлсэн билээ.

“Сүүлийн 10 жилийн турш би мөрөөдлөө биелүүлэх гэж оролдсон. Шоуны тусламжтай жирийн нэг америк иргэнд сонирхолтой аялалд оролцох боломжийг олгох гэсэн юм. Ричард Брэнсоны “Виржин Галактик” нэртэй компани нь ирээдүйд сансарт аялах боломжийг нээж өгч байна” хэмээн Бернетт мэдэгдсэн аж.

Одоогийн байдлаар шоуны үеэр ямар уралдаан зохион байгуулах талаар мэдээлэл алга.

Т.Бүрэн /gogo.mn/


URL:

Сэтгэгдэл бичих