ТҮЦ-ний эзэн эсэргүүцэл үзүүлж бензин уув

527-1381289984untitledНийслэлийн газрын албанаас зохион байгуулж буй “Хашаа” арга хэмжээний хүрээнд ТҮЦ буулгаж газар чөлөөлж байгаа. Чингэлтэй дүүргийн IV хороонд байрлах хоёр ТҮЦ-ийг өчигдөр буулгалаа. Тус ТҮЦ-үүдийг буулгахаар нэлээд хэдэн цагдаагийн албан хаагч ирсэн харагдана.
Учир нь нэг ТҮЦ-ний эзэн эмэгтэй ТҮЦ-ээ буулгуулахгүй хэмээн эсэргүүцэл үзүүлж, дээр нь гарч суусан байсан юм. Тэрээр “Хэрвээ ТҮЦ-ийг минь буулгавал өөрийгөө шатаана” хэмээн ундааны саванд бензин хийгээд барьчихсан байв.
Цагдаагийн алба хаагчид түүнд буух шаардлага тавьсан боловч хүлээж аваагүй юм. ТҮЦ-ний эзэн эмэггэйг цагдаагийн алба хаагчид хүчээр буулгасан. Харин түүнийг буулгах явцад ундааны савтай бензинийхээ талыг нь ууж, үлдсэнийг нь цацаж асгасан юм.
Өнөөдрөөс эхлээд би ажилгүйчүүдийн эгнээнд орж байна даа
ТҮЦ-ийн худалдагч Б. Урнаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-ТҮЦ-ийг буулгах шийдвэр ирсэн юм уу?
-Энэ сарын 3-ны өдөр шаардах хуудас ирсэн. Гэхдээ үйлдвэр үйлчилгээний дарга Н.Булгантай ТҮЦ ажиллуулдаг 60 гаруй хүн уулзахад ирэх хавар хүртэл үйл ажиллагаа явуулж болно гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр хүчээр буулгаж байгаад үнэндээ гайхаж байна. Энэ ТҮЦ-ний эзэн байхгүй байгаа.
-Тэгэхээр эзэн нь байхгүй ТҮЦ-ийг буулгаж байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ. Уржигдар хоёр хүүхдээ эмчүүлэхээр Солонгос явсан. Хүүхдээ эмчлүүлэх гээд банкнаас их хэмжээний зээл авсан байсан.
-Нууц биш бол хэдэн төгрөгийн зээл авсан юм бол?
-Энэ ТҮЦ-ийг барьцаалж 40 гаруй сая төгрөгийн зээл авсан байгаа. Ирэх хавар хүртэл ажиллуулах юм чинь боломжтой гэсэн утгаар зээлийг авсан. Би энэ ТҮЦ-т худалдагч хийж, гэр бүлийнхээ амьдралыг авч явдаг юм. Өнөөдрөөс эхлээд би ажилгүйчүүдийн эгнээд орж байна.
-Энд хэдэн жил ажиллаж байна.
-Хоёр жил ажиллаж байна. Энэ ТҮЦ-үүд 24.00 цагаар ажилладаг юм. Нийслэлд байгаа бүх иргэд тэр бүр супермаркетаар үйлчлүүлээд байхгүй шүү дээ. Энд ажиллаж байсан ТҮЦ-үүд хэрэгцээний ойр зуурын юм худалдаалж байсан.
-Та хэдэн төгрөгийн цалин авч байв?
-Ер нь боломжийн шүү. Ямар ч байсан цайны газарт угаагч хийснээс дээр цалин авч байсан. Төр засаг ядарсан иргэдийнхээ амьдралаар тоглож байна.
Хотын төвд байгаа бүх ТҮЦ-ийг чөлөөлнө 
Чингэлтэй дүүргийн Өмч газрын харилцааны албаны газар зохион байгуулагч М.Нэргүйгээс тодрууллаа.
-ТҮЦ-ийг буулгахад нэлээд эсэргүүцэлтэй тулгарлаа. Энэ талаар?
Шаардах бичиг өгөөд өнөөдөр буулгаж байна. ТҮЦ-ийн эздүүд нэлээд эсэргүүцэл үзүүлсэн. Хотоос хийгдэж байгаа “Хашаа” арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажил юм.
-Чингэлтэй дүүрэгт хичнээн ТҮЦ байгаа вэ. Үүнээс одоогоор хэдийг нь буулгаад байна вэ?
-Нийт 54 ТҮЦ үйл ажиллагаа явуулж байгаа. Долоон буудалд байсан таван ТҮЦ-ийг буулгасан. Одоогоор 12 ТҮЦ-ийг чөлөөлсөн. Маргааш (өнөөдөр) Тэнгис кино театрын өмнө байгаа ТҮЦ-үүдийг чөлөөлнө. Ирэх долоо хоног гэхэд хотын төвд байгаа бүх ТҮЦ-үүдийг чөлөөлсөн байх юм.
Н.Алтанцэцэг
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин

URL:

Сэтгэгдэл бичих