Татварын багц хуулийн шинэчлэл далд эдийн засгийг цэцэглүүлж магадгүй

Аливаа зүйлийн тохироо нь бүрдсэн үед эргэн тойрон дахь ямар ч эдийг яаж ч цэгцэлж, өөрчилж болно гэдэг.
Тэгвэл өнөөдөр Монголын нийгэм, эдийн засагт тийм таатай тохироо бүрдсэн үү гэвэл хариулт нь үгүй. Гэтэл Сангийн яам, Татварын ерөнхий газар тэргүүтэн Татварын тухай багц хуулийн шинэчлэл гээчийг гаргах болсон тухайгаа олон нийтэд бага багаар мэдэгдээд эхлэв. Гурил нь болоогүй хуушуурыг тэд юунд ингэж магтаж, дуулиантуулна вэ.
Хуулийн төсөл санаачилж, шинэчилж, цоорхойг нь бөглөж болно. Гэхдээ амьдралд жаахан ойрхон, цаг үеэ мэдэрвэл зүгээр юмсан. Тус хуулийг шинэчлэх төсөлд хэд хэдэн сэтгэл гонсойлгом татвар төлөх биш зайлсхийхүйц заалтууд оржээ. Ядаж байхад төд удахгүй УИХ-ын намрын чуулганаар үүнийгээ хэлэлцүүлж, батлуулна гээд байгаа.
ЭДИЙН ЗАСАГ ДОРДОХ ҮЕИЙГ ДАЛИМДУУЛЧИХЛАА
Уг нь онолоороо бол эдийн засаг сульдсан, улсын төсвийн орлого хэт муудсан, үйлдвэрлэл цаашид хөгжихгүй, экспортод найдахгүй болсон тэр үед татвар бүрдүүлэлтийн ялгаа гаргадаг гэдэг. Энэ онолын үүднээс үзвэл манай улсын эдийн засгийн ирээдүй хүндхэн болчихсон юм шиг харагдаж байна.
Өнгөрсөн 2007 онд батлагдан өнөөг хүртэл мөрдөж буй Татварын тухай багц хуульд заасанчлан манай улсад өнөөдөр 23 нэр төрлийн албан татвар үйлчилдэг. Үүнээс нэр бүхий гурван төрлийн албан татварыг бид хэрэгжүүлээгүй өнөөдөртэй золгосон гэж байгаа. Тодруулбал, нийслэл хотын албан татвар, нохойны албан татвар, өв залгамжлал болон бэлэглэлийн албан татвар юмсанж. Дээрээс нь шинээр орж буй нэг заалт нь өндөр орлоготой иргэдээс илүү татвар авах шатлалын тогтолцоо бий болж байна. Нэг ёсондоо эдгээр татваруудыг авч эхэлснээрээ төсвийн бүрдүүлэлт, орлогын тасалдлыг уул уурхай ч юм уу стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүний үнийн савлагаанаас ангид байлгах гэнэ.
Хуулийн төслөөс нь товч сийрүүлбэл миний бие Улаанбаатар хотод амьдарсныхаа төлөө татвар төлөх аж. Түүнчлэн орон сууц болон гэр хороололд амьдарч байгаа айл өрхөөс тодорхой хэмжээний татвар авах заалтыг хуулийн төсөлд багтаажээ. Тухайлбал, орон сууцанд амьдарч байгаа иргэдээс метр квадратыг нь 1000-10000 төгрөгөөр бодож жилдээ нэг удаа татвар авахаар тооцож авна. Мөн хөдөө орон нутгаас Улаанбаатарт ирж их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд нийслэлийн ачааллыг багагүй нэмэгдүүлдэг учраас бас татвар төлнө. Хачирхалтай л санагдаж байна. Цалин, тэтгэвэр нь нэмэгдээгүй, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадчихсан ийм үед амьдралдаа арайхийн хүргэж байгаа хэдэн төгрөгийг нь татаад авчихвал өнөөх ядуурал дахиад л гаарах нь мэдээж.

ОРЛОГОО НУУВАЛ ЯАНА
Өндөр орлоготой иргэдээс илүү татвар авч улсын төсвийг нэмэгдүүлдэг нь Герман зэрэг орнуудын өмнө нь хэрэгжүүлж байсан бас нэг туршлага. Гэвч хуулийн засаглал сайн хөгжөөгүй, ард түмний амьдрал нь дундаас дээш давхаргад тийм ч сайн хүрээгүй байгаа Монгол Улсад татварын ийм заалт өнөөдөр тохирох уу гэдэг асуулт гарч ирж байна. Бид хөлжөөд ирэхээр татварын ийм хэлбэрийг сонгох нь зүйн хэрэг. Дээр дурьдсанаар татварын шатлалын ийм систем үйлчлэхээр уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савлагаанаас болж үүсдэг төсөв алдагдалд орж, дэнжигнээд байхгүй гэсэн үг.
Нөгөөтэйгүүр иргэдэд татварын ялгаа үүсгэнэ гэдэг нь хүмүүсийг орлогоо нуух, далд эдийн засгийг цэцэглүүлэх аюултай хувилбар гэж эдийн засагчид хэлдэг. Энэ талаар СЭЗДС-ийн Эдийн засгийн тэнхмийн эрхлэгч Ц.Батсүх “Инфляцийн одоогийн түвшин, эдийн засгийн өмнөх халалтыг үзэхээр манай эдийн засаг бат бөх суурьгүй гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Нэг ёсондоо өмнө нь хоёр оронтой тоогоор эдийн засаг өсч байсан нь өнгөц төдий зүйл байв. Цаашдаа энэ байдал макро эдийн засгийн бодлогод асар том нөлөө үзүүлнэ. Ер нь төсвийн орлого багасахаар одоогийн хэрэгжиж буй татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байх. Уг нь татварын нэг шатлалт тогтолцоо хамгийн зөв зүйл рүү биднийг хөтөлсөн гэж боддог.
Нийт татвар төлөгчдийг ямар ч ялгаварлалгүй болгож, тэгш татварын тогтолцоо үйлчилсэн. Гэтэл одоо их орлоготойгоос нь их татвар, бага орлоготойгоос нь бага татвар авна гэсэн шатлал бүхий ялгааг гаргаж ирэхээр ярьж буй нь макро эдийн засагт нөлөөлнө. Өнгөрсөн үед орлогын хэмжээгээр шатлалтай өсөн нэмэгдэх татвар тогтоосноос болоод аж ахуй нэгжүүд жижгэрсэн. Ихэнх том компани бага татвар төлөх гэж нэг компани л гэхэд 10 жижиг аж ахуй нэгж болон хувирсан.
Нэг талаасаа энэ нь компаниудын хүчийг сулруулсан бодлого болсон юм. Харин өнөөдөр адилхан том жижиг гэлтгүй ижил түвшний татвар ногдуулж байна. Бүгдэд нь 10 хувийн орлогын татвар тавихад бага орлоготой иргэний татвар бага л байна гэсэн үг. Их орлоготой нь их төлнө. Гэтэл одоогийн яриад буй их, багын татвар эцэстээ далд эдийн засаг хөгжих үндсэн шалтаг болохыг үгүйсгэх аргагүй” гэх тайлбарыг бидэнд өгч байсан. Тэгэхээр Татварын тухай багц хуулийн зарим шинэчлэл одоо үйлчилэхэд, бас батлахад арай эртдэж байгааг хэлэх хүн олон биз.
Сангийн сайд Ч.Улаан уржигдар “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралд ирэх оны төсвийн төслийг танилцуулахдаа “Стратегийн бүтээгдэхүүний үнийн савалгаанаас төсөв ангид байх ёстой” гэж хэлсэн нь цаанаа улсын төсвийг татварын дээрх хэлбэрээр бүрдүүлнэ гэх утга явсныг үгүйсгэхгүй.
Л.Баатархүү

URL:













