Дуулиант хэргүүдийн эргэн тойронд

Хэрхэн шийдвэрлэгдэх нь хүлээлт үүсгээд байгаа олны анхаарлын төвд орсон албан тушаалтнуудын хэрэг ямар шатандаа явааг хүргэж байна.
Б.Цогтгэрэлийн ялыг хэвээр үлдээлээ
Улсын дээд шүүхийн Хяналтын шатны өчигдрийн хуралдаанаар МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийн гомдлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд ногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон ялыг өөрчилж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /14 сая орчим/ торгохоор шийдвэрлэжээ.
Харин шүүхийн шийдвэр гарсны дараа Б.Цогтгэрэл нь “Өмгөөлөгчгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, шүүх хуралдаанд миний үгийг хэлүүлээгүй” гэж эсэргүүцэн зохих шатны байгууллагад гомдол гаргана гэдгээ мэдэгдсэн. Энэ асуудлыг албаны хүнээс тодруулахад “Б.Цогтгэрэлийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаан эхлэхэд тодорхой шалтгаангүйгээр ирээгүй байсан.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүх хуралдаанд зөвхөн өмгөөлөгч оролцох эрхтэй ч энэ хуралдаанд Б.Цогтгэрэл өөрөө байлцаж, шүүх хуралдааныг ажигласан” гэв. Б.Цогтгэрэл нь 2012 онд Орхон аймгийн орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн иргэн Р.Улаанхүүгийн нэр төрийг гутаах зорилгоор www.tsag.mn сайтаар “Орхон аймагт ялсан Ардчилсан намын төлөөлөгч Р.Улаанхүү гэгч этгээд хүний амь хөнөөв” гэсэн гарчигтай илт худал гүжирдлэгийг олон нийтэд тараасан болохыг шүүхээс ийнхүү шийдвэрлэсэн юм.
О.Чулуунбатад холбогдох хэргийг түдгэлзүүлсэн хэвээр байна
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд О.Чулуунбатад холбогдох хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй нам жим болсон. Харин эх сурвалжийн хэлснээр АТГ-аас Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлээд удаж байгаа аж.
Харин прокурор дээр ирсэн ч уг хэргийг түдгэлзүүлсэн хэвээрээ байгаа гэнэ. Учир нь, түүний хамсаатан болох Жорж Чайлмерс Монголын хилээр гарч оргон зайлснаас хойш энэхүү хэргийг шийдвэрлэж болохгүй гацаанд оржээ. О.Чулуунбат нь Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, тус банкны Валютын газрын захирал Ч.Одонтуяатай нийлж 11 тэрбум, дээрх орос иргэнтэй хамтарч 35 тэрбум төгрөг завшсан гэгддэг.
Тэр орос нөхрийг олж байж хэргийг шүүх рүү шил¬жүүлэх боломжтой хэмээн үзжээ. О.Чулуунбатыг Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар бусдыг завшиж, их хэмжээний хөрөнгө үрэгдүүлсэн, 264.2-т зааснаар төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр буруутгасан билээ.
Цагдаагийн дарга нарыг эгүүлэн татна
Хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу гаргасан Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Амарзаяа, ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Захиргааны хэлтсийн дарга, хурандаа А.Эрдэнэбаяр, ЗЦГ-ын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн дарга, дэд хурандаа С.Мөнхтамга тэргүүтэй офицеруудыг ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгтийн тушаалаар ажлаас нь халсан билээ.
Харин дээрх нэр бүхий гурван ахлах офицер ажилдаа буцаан томилогдох, ажилгүй байсан хугацааны цалингаа авах нэхэмжлэлийг нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан аж. Ингэхдээ тэд “Өмнө нь сахилгын шийтгэл оноочихоод байхад албанаас үндэслэлгүйгээр халсан” гэж гомдолдоо дурьдсан байна.
Захиргааны хэргийн шүүх уг хэргийг хэлэлцээд ЦЕГ-ын даргын тушаалыг хүчингүй болгож, Н.Амарзаяа, А.Эрдэнэбаяр, С.Мөнхтамга нарт ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх нөхөн олговор олгох, өмнө нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гаргажээ.
Б.Даваадорж мөнгө угаасан хэргээсээ болж эгүүлэн татагдлаа
Мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадоржийг албан тушаалаас нь буулгаж эгүүлэн татахаар болжээ. Түүнийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгааг “Элчин сайдуудын гадны улсад суух хугацаа гурваас дөрвөн жил байдаг.
Тиймээс энэ хүний албан хугацаа дууссан учраас эгүүлэн татаж байна” хэмээн албаныхан тайлбарлаж байна. Гэвч мөнгө угаасан асуудлаасаа болж ийнхүү чөлөөлөгдөж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ. Учир нь аль ч орны элчин сайдыг тухайн улсад суух хугацааны ажлын үзүүлэлтээр бүрэн эрхийг нь сунгах эсэхийг шийддэг.
Гэвч Б.Даваадоржийн данс руу манай улсын нөлөө бүхий дөрвөн өндөр албан тушаалтан 201 мянган еврог таван удаагийн үйлдлээр шилжүүлсэн байдаг нь ийнхүү эгүүлэн татах үндэслэл болсон байна. Хэдийгээр уг хэрэгт түүний өмгөөлөгч Эгон Ж.Гайст “Б.Даваадоржийн эсрэг гаргасан банкны мэдээллийн дагуу 2013 оны хоёрдугаар сарын 28-наас шалгаад тухайн хүн мөнгө угаасан хэрэгт холбогдоогүй” гэсэн албан бичгийг Герман улсын прокурорын байгууллагаас манай улсын ерөнхий прокурорын газарт ирүүлсэн ч нэгэнт мөнгө угаасан асуудалд холбогдсон учраас ийнхүү эгүүлэн татагдаж байгаа хэмээн эх сурвалж мэдээлээд байгаа юм.
Д.Сугар гарын үсэг зураагүй гэв
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан үндэслэлээр шалгагдаж буй “Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэгт төрийн зарим өндөр албан тушаалтнуудаас мэдүүлэг, тайлбар авч байгаа билээ.
Тухайлбал, тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугараас Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс гэрчийн мэдүүлэг авсан байна. Тэрбээр энэ талаар “Би Ш.Батхүүг зүс танина. Тийм юм болоогүй.
Би ямар нэг гэрээнд баталгаа гаргаж гарын үсэг зураагүй. Хоёр улсын хамтарсан компанийн өмч хөрөнгийн талаар том толгой гаргах эрх байхгүй” хэмээн мэдүүлжээ. Түүнийг Ш.Батхүүд “Эрдэнэт”-ийг барьцаалан зээл авахад нь баталгаа гаргаж өгсөн гэж буруутгаж байгаа гэдэг мэдээлэл байгаа ч өөрөө ийнхүү үгүйсгэсэн байна. Ямартай ч Үндсэн хуулийн Цэцийн эрхэм гишүүн үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэхийг хуулийнхан шалгаж тогтоох биз ээ.
Хар тамхи зөөвөрлөсөн Казакстан улсын иргэний хэрэг прокурорт шилжлээ
Казахстан улсын иргэн биедээ 200 гр хар тамхи нууж оруулж ирсэн хэрэг өнгөрсөн сард гарч, хууль хяналтынхан саатуулан цагдан хорьсон билээ. Түүнийг онгоцноос буухад нь Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид шалгажээ. Учир нь, зорчигчийн нүдний хүүхэн хараа томорч гөлийсөн байдалтай байсан бөгөөд нүүр хүзүү нь улайсан, маш их хөлөрсөн байжээ.
Иймээс казах эрийг тусгаарлах өрөөнд оруулж, авч явсан тээш, хувцсыг нь шалгасан байна. Ингэснээр биедээ авч явсан 200 гр орчим үл мэдэгдэх бодисыг нь мансууруулах төрлийн бодис байж болзошгүй хэмээн хураан авч лабораторид шинжлүүлэн хар тамхи болохыг нь тогтоосон аж. Хэргийн мөрдөн байцаалт дуусч, Нийслэлийн прокурорт шилжүүлсэн гэдгийг эх сурвалж хэлэв.
Г.Мянган

URL:




