Шахааны төсөв байгаагүй бол зээлийн хүү нэг хувьд хүрэх байж

new photo

Өнөөдөр улс орны маань төсөв манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний тэн хагасыг бүрдүүлж байна. Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний тэн хагас нь төсөвт байгууллагуудад шахааны бизнес цэцэглэглүүлэгчдийн гол зэвсэг болдог гэсэн үг. Харин үндэсний үйлдвэрлэгч нэртэй хэдэн хүн тээр дор тийчилж байхад элдэв татвар нэмэх нэрээр тэднийг боомилогчдын цуваа улам бүр нэмэгддэг. Энэ бол манай улсын үндэсний үйлдвэрлэл хөгждөггүйн нэг шалтгаан юм. Дотооддоо хэнбугай ч оёод хийчих боломжтой ажилчдын хувцсыг Эрээнээс импортолж, дотоодын компаниудаараа угсруулах боломжтой тоног төхөөрөмжийг “сайн найз”-уудаасаа авдаг. Харин үндэсний үйлдвэрлэгч нэртэй хэдэн оёдолчин, үйлдвэрчид татвараас бултах гэж икс тайлангийн эрэлд хатаж, эсвэл нэг их удалгүй дампуурлаа зарлахад хүрдэг. Яагаад гэхээр төсөвт импортын бараа шахаад сурчихсан хүмүүсийг сайд, дарга нар санхүүгийн гачаалаас яаж ийгээд сугалаад гаргачихна. Харин бор зүрхээрээ яваа үйлдвэрлэгчид тэгсгээд л үүдээ барихад хүрдэг жишээ олон бий.

Зөвхөн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг харъя л даа. Агуулахад нь цагаа элээсэн цахилгааны хар эрээн тоолуур мэтийн 1.7 тэрбум төгрөгийн шахааны бараа байгааг нотлоод байна. Тэдгээр нь ямар ч хэрэггүй тул устгахаар зэхэж буйгаа албаны эх сурвалжууд онцолсон байна. Тэгвэл татвар төлөгчдийн мөнгө энэ мэтээр устгагдах үүрэгтэй шахааны төсвийг бий болгож байгааг юу гэж ойлгох вэ.

Дотоодын үйлдвэрлэл хөгжөөд, цементээ хүртэл урд хөршөөсөө зөөхөө байсан, үндэсний үйлдвэрлэлийн хамгийн том худалдан авагч нь улсын төсөв байсан бол өнөөдөр зээлийн хүү нэг хувьд ч тогтох боломжтой байлаа. Яагаад гэхээр үндэсний үйлдвэрлэл нь санхүүгийн зах зээлээ тэтгэж, банкууд өнөөдрийнх шиг ам.долларын хамааралтай бус байх боломж тэнд байжээ.

Н.Ингүүн

Эх сурвалж: http://shuurga.mn/index.php?pid=54&sec=view&id=11652#sthash.qnGM8LS3.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих