Хэлэлцээрээр зөвхөн Монголын тал бус Рио-Тинто ч алдаагаа засах боломжтой

УИХ-ын бие даагч гишүүд болох Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Монголын талын ТУЗ-ын гишүүд одоо ч гэрээн дээрээ ажиллаж байгааг дуулгаад Оюутолгой бол 45 сая тонн зэс, 1800 тонн алттай, мөнгөтэй, дэлхийд эхний гуравт орох том орд гэдгийг хэлсэн.
Мөн тэрээр Алтны хувьд НӨАТ төлдөг бусад нь НӨАТ төлдөггүйг хэлээд, роялти татварыг таван жилийн хугацаанд төлөхгүйгээр царцаасан гэлээ.
“Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар нийт оруулсан хөрөнгөний хэмжээний 10 хувийг татвараас чөлөөлж буй. Оюутолгой бол хаана ч байхгүй давуу эрхээр татвараас чөлөөлөгдсөн” гэдгийг хэллээ.
Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Оюутолгой компани өмнө нь маш их хэмжээний татвараас чөлөөлөгдөж байсан, цаашид ч гэсэн татвараас зайлсхийх явдал ажиглагдаж байна.
Тухайлбал, Алтны худалдаанд ил тод байдлыг хангах тухай УИХ-д өргөн баригдсан хуулийн төсөлд алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулах тухай заалт бий. Өмнө нь алтны худалдаанд тавьсан 5 хувийн роялти төлбөрийг 2,5 хувь болгож өөрчилсөн байгаа. Үүнийг тайлбарлахдаа Оюу толгой компанийн алтыг оруулж ирнэ гэж тайлбарлаж байгаа.
Монгол Улс өөрийн алтаа оруулж ирэхийн тулд татвараас чөлөөлнө гэдэг нь өөрөө асуудалтай байгаа юм.
Би жишээгээр тайлбарлая. Ирэх жил гэхэд Оюу толгой 30 тн алт экспортолно гэж үзэхэд 1,5 тэрбум ам.доллар болно. Гэтэл үүний 5 хувийн роялти гэхээр 75 сая ам.доллар болох ёстой. Гэтэл үүнийг 2,5 хувь болгохоор 37,5 сая ам.доллар алдаж байгаа гэсэн үг.” гэлээ.
Үүнээс гадна тэрээр хэлэлцээрээр зөвхөн Монголчууд бус Рио-Тинто ч алдаагаа засах боломж байгааг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгойн гэрээ маш муу болсон гэдгийг хүн бүр мэдэж, би ч их олон удаа ярьж байгаа.
УИХ дахь бие даагч гишүүд болон нийт 24 гишүүн есдүгээр сарын 24-нд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Шинэ ТУЗ-ын гишүүд гэрээ хэлэлцээр хийж байгаа бол УИХ, монголчуудад нээлттэй байх ёстой. Хэлэлцээрийн талаар УИХ-д нээлттэй тайлагнах ёстой. Хэрэв Засгийн газар шаардлага биелүүлэхгүй байвал бие даагчдын зүгээс Засгийн газрыг огцруулах хүртэл санал гаргана” гэдгээ хэлсэн.
URL:




