Турк улс орон сууцны хороолол барихад 300 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Бүгд найрамдах Турк улсад албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын дарга З.Энхболд тус улсын Ерөнхий сайд Р.Т.Эрдоантай уулзаж ярилцав.
Монгол, Туркын түүхэн уламжлалт, найрсаг дотно харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд 2013 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Р.Т.Эрдоаны Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нэн чухал ач холбогдолтой болсныг УИХ-ын дарга З.Энхболд тэмдэглэн хоёр улсын парламент цаашид бүх талаар хамтран ажиллах хүсэлтэй байгааг онцлов.
Монгол Улсад орон сууцны хороолол барихад зориулж 300 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг шийдвэрлэхэд Ерөнхий сайд Р.Т.Эрдоан анхаарч, дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.
Ерөнхий сайд Р.Т.Эрдоан “Монгол Улсад орон сууцны хороолол барихад зориулж хөнгөлөлттэй зээл олгох, Хархорины нисэх буудлыг шинэчлэхэд хамтран ажиллах зэрэг төсөл, арга хэмжээний талаар Улаанбаатарт ярилцсан зүйлээ бид хэрэгжүүлнэ” гэдгээ илэрхийлээд Туркийн хөрөнгө оруулалтыг татахын тулд зохих хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэйг зөвлөв.
Ерөнхий сайд Р.Т.Эрдоан Турк дэх бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжиж урамшуулах арга, хэлбэрийн тухай тодорхой ярьж танилцуулав.
Хоёр улсын хооронд аялал жуулчлалыг өргөтгөх, Орхоны хөндий дэх эртний Түрэгийн хөшөө, дурсгалыг түшиглэн түүх, соёл, аялал жуулчлалын төв байгуулах, үүний тулд Хархорины нисэх буудлыг шинэчлэх талаар хамтран ажиллах саналыг тавьж байснаа З.Энхболд Ерөнхий сайдад дахин хэлээд түүнийг хурдасгахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Хоёр улсын хооронд иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурсан нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес харилцааг өргөтгөхөд түлхэц үзүүлнэ гэдгийг УИХ-ын дарга онцлов.
URL:




