Утаагаа угтаж авахад бэлэн үү
Санасныг бодвол налгар, урт намар болж байна. Зундаа бараг л дулаараагүй учраас эрт хүйтэрнэ гэж байсныг бодвол шүү дээ.
Гэхдээ хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж байгаа энэ үед нэг л шөнө жавар тачигнаж, цасаар шуурч, хүмүүс зузаан хүрмээ өмсөв. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотын тэнгэрт утаан үүл тогтож, уушги цээжийг бөглөх шахах нь ч гарцаагүй. Тиймээс хүн бүрээс, тэр дундаа албаныхнаас утаагаа угтаж авахад бэлэн үү гэж асуух гээд байна.
Мэдээж бид жил бүрийн намар утаагаа угтаж, хавар нь үддэг. Тэгээд хавар, зуны хэдэн сар мартаж орхидог гэмтэй. Угаасаа л цэвэр агаартай хотод амьдардаг юм шиг цээж дүүрэн амьсгалж явтал утаатайгаа золгоно доо. Ямар ч бэлтгэлгүй угтаж авдаг байсан гэсэн үг. Хийсч биш хэлж ирээд байхад шүү дээ. Харин сүүлийн хэдэн жил бид утаагаа угтаж авахад бэлтгэдэг болсон. Жилээс жилд багасгах талаас нь идэвхтэй ажиллаж байна. Эхний жилүүдэд хэдэн саяар мөнгө төсөвлөж, утаатай тэмцэх талаас нь үзсэн.
Сүүлдээ “Цэвэр агаар” сан, “Агаарын бохирдолттой тэмцэх үндэсний хороо” гээд төрийн байгууллагуудыг байгуулж, хөрөнгө оруулалтаа ч нэмж, утааны эсрэг их хүчээр “дайтах” болсон. Өнгөрсөн хоёр жилд гэхэд “Цэвэр агаар” сангаар дамжуулж 60 тэрбум төгрөг төсөвлөсөн. Түүний 50 хувийг нь бүрэн шаталтат зуух тараахад зарцуулсан. Мөн тодорхой хувийг нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй газруудыг төвийн халаалт, усны шугамд холбох ажилд зарцуулжээ. Бүр тодорхой хэлбэл, 2012 онд төсөвлөгдсөн 30 тэрбум төгрөгийн 1.5-ыг нь энэ ажилд зориулсан.
Мөн тэрбум төгрөгийг нь машины утаа бууруулахад гэх зэргээр тооцоод байвал тоом баримт байгаа. Ямар ч байсан утааны эсрэг “дайн” зарлаж, “дайчид”-ынхаа тоог нэмэгдүүлж байсан гэсэн үг. Энэ нь бид утааг бэлтгэлтэй угтсаар даруй гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгааг хэлж буй хэрэг. Тэр хэрээрээ агаар дахь утааны хорт бодис багасч, хэмжээ нь ч буураад байгаа. Үүнийг үгүйсгэх аргагүй. Өнгөрсөн хоёр жил зөвхөн бүрэн шаталтат зуухыг нийслэлийн 121 мянган айлд тараасан гэсэн аман тоо гарсан.
Дээрээс нь хоёр тэрбум төгрөгийг машины утааг бууруулахад зарцуулсан гэдгийг дахиад нэг сануулчихъя. Тэгвэл өнөө жил утааг угтаж авах бэлтгэлээ базааж, нийслэлийн хэмжээнд 45 мянган ширхэг бүрэн шаталтат зуух тараахаар болоод байгаа. Зургаан дүүрэгт гэр цэг байгуулж, зуухаа тарааж эхэлсэн. Мөн өнгөрсөн хоёр жилд 121 мянган айлд зуух тараасан гээд байгаа боловч утаа дорвитой буураагүй.
Энэ нь иргэд бүрэн шаталтат зуухаа хөнгөлөлттэй үнээр авсан боловч үнэд хүргэж дамлаж зарсантай холбоотой гэж үзэж байгаа хүн олон учраас айл өрхийг шалгах талаар ярьж байна. Хэрвээ зуух авсан мөртлөө хэрэглээгүй байвал үндсэн үнэ болох 490 мянган төгрөгөөр торгох талаар журам боловсруулж байгаа сураг байсан. Дээрээс нь хорт утаа агаарт ялгаруулж байгаа хуучирсан автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, торгох асуудлыг ч эрчимжүүлж эхэлсэн. Энэ мэтээр өнөө жилийн утааг угтах ажил эхэлж байна. Гэхдээ яг эмх цэгцэндээ ороод, шуурхай ажил болсон юм алга.
Гэхдээ одоо шинэ дарга нь томилогдсон учраас эмх цэгцэндээ орох байх. Бас л гадаа цас орж, хүйтэрч эхэллээ. 45 мянган айлд зуух тараах ажил юу болж байна. Ажил эрчимтэй явж байна уу. Дээрээс нь 45 мянган зуух яг очих ёстой эзэндээ очих уу. Энэ асуудал дээр хяналт тавих уу гээд асуулт их байна. Дээрээс нь айл өрхөөр орж шалгалт хийх асуудлыг ярих биш журмаа хурдан гаргаад, яаралтай ажил хэрэг болгомоор байна. Зуухаа дамлаж зарсан айл өрх, бусдын нэр дээр зуух гаргаж авсан зарим хорооны Засаг дарга, хэсгийн байцаагч байгаа. Энд тэнд байгаа амралтын газруудын гэр буудалд нь бүрэн шаталтат “Өлзий” зуух байж л байгаа. “Нарантуул” зах дээр ч бүрэн шаталтат зуухыг зарж байсан. Тэр бүхнийг иргэд дамлаж байгаа гэвэл бас худлаа.
Ерөөс бүрэн шаталтат зуух түлшинд хэмнэлттэй, сайн халдаг гээд иргэд ам сайтай байгаа. Тэгэхээр яаран зуухаа зараад сууж байх хүн хэд билээ. Ингээд бодвол гадуур зарагдаж, амралтын газруудад очсон, хөдөө явсан бүрэн шаталтат зуухны 50 хувийг нь Засаг дарга, хэсгийн ахлагч гээд албаны хүмүүс зувчуулсан байх магадлал өндөр. Тийм учраас журмаа хурдан гаргаад, айл өрхөө шалгах ажлаа хурдалмаар байна. Тэгээд хар амиа бодоод, нийгмийн хариуцлагаа ухамсаарлаагүй нөхдүүд байвал торгохоос эхлээд шат дараатай арга хэмжээ авмаар байна. Мөн зуух дамлаж зарж, бизнес хийсэн, албан тушаалаа ашигласан дарга, хэсгийн ахлагч байдаг юм бол шалгаад, хариуцлага тооцмоор л байна шүү дээ. Дээрээс нь өнгөрсөн жилүүдэд бүрэн шаталтат зуухаа зарж үрж, янз янз болсон нөхдүүд гарсан учраас энэ жил ч тэгэхийг үгүйсгэх аргагүй.
Ам тоогоор л 121 мянган айл зуух тараасан гээд байгаа боловч бодит байдал дээрээ Улаанбаатар хотын хэдэн айл үнэхээр нийгмийн хариуцлагаа хүлээж, үүргээ биелүүлж байгаа нь сонин. Мөн энэ жил 45 мянган зуух тараана гэж байгаа ч бүгд гэр хорооллын утаа үйлдвэрлэгчдэд хүрч чадах уу гэдэг асуудал санаа зовоож байгаа юм. Тиймээс “Цэвэр агаар” сангийн шинэ даргыг энэ мэт асуудлаа шийдээд, хурдтай ажиллах шаардлагатай байна гэдгийг хэлэх гээд байгаа юм. Нөгөө талаар хорт утаа ялгаруулдаг автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, торгох ажил өрнөж байгаа.
Ерөнхийдөө шийдвэр гарснаас хойш цөөнгүй тооны автомашины жолоочийг торгож, замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь түр хасаад байгаа. Нэг талаараа энэ бол маш зөв шийдвэр. Агаарын бохирдлын 20 хувийг үйлдвэрлэж байгаа автомашинтай тэмцэх цаг болсон. Гэхдээ ийм аргаар тэмцэх нь зөв үү. Манайх өөрөө автомашин битгий хэл унадаг дугуй ч үйлдвэрлэж чаддаггүй. Ядаж байхад гаднаас оруулж ирж байгаа автомашины татвар хэтэрхий өндөр. Гэтэл машин гэдэг өнөөгийн нийгэмд хүмүүсийн нэн тэргүүний хэрэгцээ болчихсон байдаг. Тиймдээ ч иргэд хөл дүүжлэх хямдхан унаатай болохын тулд үйлдвэрлэгдээд олон жил болсон машин авч байгаа юм.
Ингээд бодохоор яаран замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь хасаад, хавчаад байх нь хэр оновчтой байх юм бол. Харин түүний оронд он залуутай, бүр цоо шинэ машин оруулж ирэхэд татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг ч хаа хаанаа ярих болсон. “Цэвэр агаар” санд өнөө жил ч гэсэн автомашины утааг бууруулах тал дээр мөнгө төсөвлөж л байгаа байх. Гэхдээ өмнөх жилүүдийнх шиг ганц нэг тэрбум төгрөгөөр энэ асуудлыг шийднэ гэвэл үлгэрийн далай. Өдөр цагаар нэмэгдэж байгаа машины тоо, үйлдвэрлэж байгаа утааны хэмжээ нь ямар байгаа билээ. Тэгэхээр асуудлыг арай өөрөөр, иргэдээ шинэ машин авч чадахуйц боломжоор хангаж, тэр хэрээрээ оны хязгаарлалт хийвэл зүгээр л байх.
Энэ мэтийг эрхэм дарга нар бодолцож, цаад наадахаа бодолцоно байгаа. Одоо л ажлыг яаравчлахгүй бол гадаа цас орж, хүйтний улирал эхэллээ дээ.
Н.Пунцагболд

URL:













