Машины ченжүүд Казахстанд 2000 машин хууль бусаар гаргажээ

Монголын эдийн засгийг ченжүүд баздаг гэсэн үг зүгээр ч нэг гараагүй бололтой. Учир нь, Монголбанкны валютын ханшийг “Найман шарга”-ын ченжүүд, Улаанбаатарын байрны үнийг барилгын материалын үнэ биш байрны ченжүүд, малчны хотон дахь малын үнийг “Барс”, “Хүчитшонхор” захын махны ченжүүд тогтоодог болсон. Дээрээс нь машины үнэ Монголд хэд байх вэ гэдгийг татварын бодлого биш “Да хүрээ” захын наймаачид тодорхойлж байна. Хамаг хэрэглээгээ дотроосоо биш гаднын улсаас авч хэрэглэдэг монголчууд ченжүүдийн үнийг л баримталж байна. Импортын нийт машины 80 хувь нь Япон, 15 хувь нь Солонгос, үлдсэн нь АНУ, Германаас орж ирдэг гэсэн судалгаа гарчээ. Машины ченжүүд гаднаас оруулж ирсэн машинаа хамгийн багадаа хоёр сая төгрөг нэмж зардаг. Энэ байдлаар иргэдийг “шулж” ирсэн өнөөх ченжүүдийн бизнес улам өргөжиж, гадаад улс руу чиглэх болсон байна. Тэд хуучин машиныг Казахстаны иргэдэд өндөр үнээр дамлаж, нэг үгээр реэкспортлодог болжээ. Гэвч энэ нь тэднийг хил дамнасан томоохон гэмт хэрэгт холбогдуулж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байгаа юм.

КАЗАХСТАНЫ ХИЛ ДЭЭР 200 МАШИН “СААТУУЛЖЭЭ”

Саяхан Казахстаны Сангийн яамнаас Монголын Засгийн газарт хандаж нэгэн мэдэгдэх хуудас ирүүлжээ. Үүнд “Монголын иргэд Казахстанд хуучин машиныг хууль бусаар оруулж ирж, татвараас зайлсхийсэн байдалтайгаар зарж байна. Одоогоор бид Монголоос орж ирсэн 200 орчим машиныг хил дээр “саатуулан” шалгаж байна. Өмнө нь ч Казахстаны иргэдэд Монголын наймаачид 2000 гаруй машиныг зарсан гэсэн мэдээлэл байгаа. Үүний улмаас Казахстаны Гаалийн байгууллагад татварын орлогоор төвлөрөх ёстой байсан 200 сая тенгегээр хохироод байна. Иймд Монгол Улсын Засгийн газар хил, гаалийн хяналтаа чангатгаж, буруутай хүмүүст холбогдох хариуцлагыг тооцно уу” гэсэн байна. Албаны хүний хэлснээр, Казахстаны Сангийн яамнаас дээрх мэдэгдэх хуудас ирүүлсэн ч манай хууль хяналтынхан төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа бололтой.

 

 “ТҮР ГАРААД ИРЬЕ” ГЭЖ ЗАЛИЛДАГ БАЙНА

Манай улс хөрш хоёр орон руу нэвтэрдэг хилийн 42 боомттой. Эдгээрээс Баян- Өлгий аймгийн Цагааннуур дахь автозамын шалган нэвтр үүлэх боомтыг 1934 онд байгуулж өдийг хүртэл байнгын ажиллагаатай ажиллуулж ирлээ. Энэ боомт бол ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжиж Казахстан руу хүрэх хамгийн дөт зам. Энэ замыг ашиглаж Монголоос Казахстан руу машин гаргадаг хууль бус бүлэглэл хэдийнэ бий болсон байжээ. Тэдгээрийн ихэнх нь “Да хү- рээ” захын ченжүүд байж болзошг үй аж. Ченжүүд Улаанбаатараас Баян-Өлгийд машинуудаа авчирч нэг нэгээр нь Улаанбайшинтын боомтоор авч гардаг ажээ. Ингэхдээ хил, гаалийнханд “Түр гараад буцаж орж ирнэ ээ” хэмээн бүртг үүлдэг байна. Хилээр гарангуутаа машинаа унаад Казахстаны Астана хүртэл явж машинаа зараад буцаж ирдэг ажээ. 1997 онд үйлдвэрлэсэн “Toyota Carina” маркийн машин Астана хотод 9500 ам.долларын үнэтэй байгаа гэнэ. Тэгвэл “Да хүрээ” захын ченжүүд 1997 оны “Toyota Carina”-г таван сая төгрөгөөр худалдаж байгаа аж. Мөн 2008 онд үйлдвэрлэсэн “Тоуота Corolla” маркийн машин Монголын зах зээлд 18-20 сая төгрөгийн үнэтэй байгаа бол Астанад 30 орчим сая төгрөгийн үнэтэй байгаа ажээ. Үүнээс үүдэн Монголд хямд зарж байгаа машиныг Казахстанд өндөр үнээр борлуулах нь ченжүүдийн хүсэл болоод байгаа ажээ.

 

КАЗАХСТАНЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭН МОНГОЛ ЧЕНЖҮҮДИЙГ ОНЦОЛЖ БАЙНА

Монголчууд бид байтугай хууль хяналтынхан мэдээгүй байтал Казахстаны хэвлэл мэдээллийг хэрэгслүүд Монголын ченжүүдийг контрбандын хэрэгт орооцолдсон талаар бичиж байна. Тус улсын koleza.kz, newskaz.ru, auto.headline.kz, tengrinews.kz зэрэг мэдээллийн сайтууд болон Kazakhstan today сонин Монголын ченжүүдийн талаар янз бүрээр бичжээ. Тухайлбал, Kazakhstan today сонинд “Монголоос Казахстан руу хуурамч бичиг баримтаар, хууль бусаар хил давуулах гэж байсан 169 автомашиныг Казахстаны Гаалийн хяналтын хорооны хилийн хууль бус наймаатай тэмцэх газрын ажилтнууд есд үгээр сарын 20-нд илрүүлсэн байна. Энэ талаар Казахстаны Сангийн яамны Гаалийн хяналтын хорооны хэвлэлийн алба мэдээллээ. Хууль бусаар хил давуулах гэж байсан машинуудын нийт үнэ 259 сая 457 мянган тенге байжээ. Үүн дээр гаалийн татвар хураамжийг оролцуулаад нийт хохирол нь 391.8 сая тенге болж байгаа юм” гэсэн байна.

 

ХИЛ, ГААЛИЙНХАН АЖИЛДАА ХАРИУЦЛАГАГҮЙ ХАНДАВ УУ

Зарим хүний өгсөн мэдээллээр Цагааннуур сумын Улаанбайшинтын боомтоор он гарсаар 700 гаруй машин янз бү- рийн шугамаар нэвтэрчээ. Гэвч эзэн нь ирсэн мөртлөө машин нь буцаж ирэх нь ховордох болсон гэнэ. Нэгдүгээрт, Монголоос машин гаргахад гаалийн татвар хураамж төлд өггүй. Гадаадад гарган худалдаалах бичиг баримтаа бүрд үүлдэггүй. Ийм учраас хяналт ч сул байдаг бололтой. Гэвч Монголын хилээр хяналтгүй гарсан ченжүүд Казахстаны төсөвт хохирол учруулаад байгаа юм. Үүнд Монголын хилийн цэргийн ажилтнууд холбоотой гэсэн хардлага ч байгаа бололтой. Учир мэдэх нэгний яриагаар бол, Монголын хилээр гарсан хүн бүрээс хилийн цэргийнхэн ямар шалтгаанаар яах гэж явааг нь, хэдий хугацаагаар явж, хэзээ ирэхийг нь асууж, иргэний бичиг баримтыг шалгаж, овог нэрийг нь тэмдэглэж авч бүртгэлд оруулдаг. Мөн машинтай бол машиных нь бичиг баримт, улсын дугаарыг нь бүртгэлд оруулдаг ажээ. Бүхэл бүтэн улсын хилээр машинтай гарчихаад хүний унаанд дайгдан ирэхэд нь хилчид анзаарах ёстойсон. Ядаж буцаж ирэхэд нь “Машинаа яасан бэ” гэж асууж байцаах эрх хилчдэд бий. Энэ ч үүднээс хилийн цэргийн алба хаагчид автомашины ченжүүдийн хууль бус явдлыг мэдсэн ч мэдээгүй царайлж байгаа гэсэн хардлага төрөөд байгаа юм. Нөгөө талаар хэдхэн грамм хар тамхи, халаасанд нуусан алт илрүүлээд байдаг гаалийнхан энэ явдлыг мэдэхгүй байх учиргүй. Хууль журмаараа бол гадаад улсад машин зарах гэж байгаа бол ЗЦГ, Автотээврийн газарт /хуучнаар/ байгаа автомашины бүртгэл, улсын дугаараа эзэн нь хасуулах ёстой юм байна. Энэ нь тухайн машиныг Монголд дахин унахгүй гэсэн баталгаа болдог байна. Ингээд машиныг “хөлөөр нь” гаргах бол заавал гаальд мэдүүлж, цаад тээвэр зуучийн компани эсвэл хувь хүнтэй байгуулсан гэрээгээ үзүүлэх ёстой. Ингэсний үндсэн дээр “Экспорт 100” гэдэг горимоор машинаа казахуудад байна уу хэнд ч зарах эрх монголчуудад бий. Гэтэл гадаадад зорчоод буцаж ирэх нөхцөлтэйгөөр транзит дугаар авсан машин хилээр гарч явчихаад буцаж ирэхгүй байхад тэд яагаад мэдэхгүй байна вэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Казахстан тийш хөвөрсөн автомашины хууль бус наймааны уршиг хоёр орны найрсаг харилцаанд ч нөлөөлж болзошгүй сөрөг үр дагавартай гэнэ. Тус улсын Сангийн яамнаас мэдэгдэж, шаардсан дээрх асуудлыг үгүй болгох, таслан зогсоох санал, санаачилга манай хил, гаалийнхнаас төдий л гарахгүй байгаа бололтой. Казахстан руу гаргасан 2000 гаруй машины ард хэдхэн ченж байгаа гэх юм билээ. Нэг ченж л гэхэд 10-15 удаа Казахстан руу машин гаргаж зарчихаад бусдын машинд дайгдаад ирсэн гэсэн мэдээлэл байна билээ. Монголын ченжүүд Казахстан руу хууль бусаар машин гаргалаа гээд Монгол Улсын төсөв татварт ямар нэгэн хохирол байхгүй гэнэ. Хэдий тийм ч “Хууль журмын цоорхой ийм” гээд өөр улс хохирох нь хамааг үй юм шиг өөгшүүлээд байж боломгүйсэн.

Г.УЛСБОЛД


URL:

Сэтгэгдэл бичих