”Л.Уламбаярыг бас хорих ёстой гэдэг асуудлыг бид УМБГ-т тавьсан”

-ТҮҮНИЙГ ХОРИОГҮЙ НЬ СЗХ-НЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАН, ТҮҮНИЙ АХ МАН-ЫН УИХ ДАХЬ БҮЛГИЙН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН БОЛОН ТҮҮНИЙ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧ НАР НӨЛӨӨЛСӨН-

“Анод” банкны захирлуудыг мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй хэмээн Улсын мөрдөн байцаах газрынхан өнгөрсөн долоо хоногт цагдан хорьсон билээ. Энэ үйл явдалтай холбогдуулан “Анод” банкны хувьцаа эзэмшигчид болон хохирогчдын түр хорооныхон тус газарт мэдэгдэл хүргүүлжээ. Энэ талаар хувьцаа эзэмшигчид болон хохирогчдын өмгөөлөгч буюу заргач Б.Отгонболдтой ярилцлаа.

-Улсын мөрдөн байцаах газарт юун тухай мэдэгдэл хүргүүлсэн юм бэ?

-Тус газраас “Анод” банкны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаатай холбогдуулан Монголбанкнаас мэргэжлийн шинжээчид томилон ажиллуулсан дүгнэлт байдаг.

Энэ дүгнэлтэд “Анод” банк нь 1999 онд байгуулагдахдаа дүрмийн санг тогтоосон хууль журмын дагуу бүрдүүлээгүй. Энэ үеэс банкны өөрийн хөрөнгө дутагдалтай байсан. 2002-2007 онуудад нийтдээ 13.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж өөрийн хөрөнгөгүй бүрэн дампуурсан байсныг нь нотолсон. Үүнийгээ удирдлагууд нь нууж 2002-2007 онуудад нийт 3.7 тэрбум төгрөг, 2008 оны зөвхөн нэгдүгээр улиралд 3.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаар хуурамч санхүүгийн тайлан, баланс гаргаж байв. Түүгээр ч зогсохгүй ард иргэдийг төөрөгдүүлэн дүрмийн сангаа нэмэгдүүлэн хувийн банкаа дампуурахын өмнөх шатанд хөрөнгө оруулагч иргэдээс 9.3 тэрбум төгрөгийг хууран мэхэлж авсан байдаг

-Үүний гол буруутан нь тэгээд хэн гэж?

-Энэхүү хуурамч санхүүгийн тайлан гаргаж ард иргэдийн хөрөнгийг татаж төвлөрүүлэхэд “Анод” банкны гүйцэтгэх захирлаар Л .Уламбаяр, ТУЗ-ийн даргаар Э.Гүр-Аранз нар нь ажиллаж байсан. Л.Уламбаяр гэдэг хүн гол буруутан нь байхад яагаад цагдаагийн байгууллага Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр нарыг баривчилчихаад түүнийг үлдээж байгааг ойлгохгүй байна. Хууль хүн бүхэнд эрх тэгш үйлчлэх ёстой. Л.Уламбаярыг бас хорих ёстой гэдэг асуудлыг бид УМБГ-т тавьсан.

-УМБГ-т хүргүүлсэн мэдэгдлийн гол зорилго энэ юм уу?

-Ийнхүү ард иргэдийг төөрөгдүүлэхэд Санхүүгийн зохицуулах хороо нь “Анод” банктай түншлэн ажилласныг олон тодорхой баримтаар “Анод” банкны хувьцаа эзэмшигч хохирогчдын түр хорооноос гаргаж тавьж, удаа дараа мэдэгдэж байсан.

-Санхүүгийн зохицуулах хороо бас буруутай гэсэн үг үү?

-Тийм. ялангуяа Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 100 тоот тогтоолд “Анод” банкны стратегийн хөрөнгө оруулагчаар БНСУ-ын “Шинань” банк оролцохоор заасан байдаг. Ингэхдээ тус газар “Анод” банкны Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.6 дугаар заалт, мөн Санхүүгийн зохицуулах хорооны Эрх зүйн байдлын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1 дүгээр дэх заалт, 5, 34, 35 дугаар зүйл заалтуудыг болон бусад хууль тогтоомжуудыг зөрчсөн. Мөн “Анод” банкны анхдагч зах зээлийн арилжаа эхэлсэн өдөр буюу Санхүүгийн зохицуулах хороо нь 2008 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 122 тоот тогтоолоороо стратегийн хөрөнгө оруулагч БНСУ-ын “Шинань” банкийг өөрчлөн БНСУ-ын “Эн Эйю Айби Капитал” /NAU IB Capital/ болон “Солонгосын хөрөнгө оруулалт, технологийн корпораци “/Korea Investment and Technology Corporation/” банкуудын хамтарсан консорциумыг стратегийн хөрөнгө оруулагчаар оруулсан байдаг. Үүнийгээ зөвхөн “Анод” банкны захирлын хүсэлтээр өөрчилсөн байдаг. Тодруулбал Л.Уламбаярын хүсэлтээр гэсэн үг.

-Дээрх БНСУ-ын хоёр компани нь “Анод” банкны стратегийн хөрөнгө оруулагч болох талаар консорциум байгуулаагүй байдаг байх аа?

-Энэ консорциумыг хуурамчаар байгуулсан. 2008 оны тавдугаар сарын 21-ний өдөр энэхүү консорциумыг байгуулах талаар “Анод” банкны захирал Л.Уламбаяр нь БНСУ-д очиж гэрээ хийсэн гэдэг.

БНСУ явахдаа “Анод” банкнаас томилолтын зардалд 50.0 сая төгрөгийг гаргуулсан байдаг. Энэхүү томилолтын зардлыг дээрх консорциумыг хуурамчаар байгуулах буюу СЗХ-ны тогтоолыг өөрчилсөний төлөө зарцуулсан байх үндэслэлтэй.

-Тэгэхээр Санхүүгийн зохицуулах хороо авлига авсан байх үндэслэл бий гэсэн үг үү?

-Ийм үндэслэл байж болох талтай. Үүнийг тус газрын дарга Д.Баярсайхан олон нийтэд хэлэх учиртай. Энэ хүн “Анод”-ын луйварт хэрхэн яаж оролцсоноо тайлбарлах ёстой. Мөн “Анод” хувийн банкийг хувьцаат компани болгох төсөлд олон нийтэд хүргэсэн мэдээлэлдээ стратегийн гол хөрөнгө оруулагчаар БНСУ-ын “Шинань банк” оролцож байгаа тул “Анод” банкны ирээдүйн өндөр ашгийн талаар дурдсан байдаг.

Гэтэл өнөөдрийн байдлаар “Анод” банкны хувь нийлүүлэгч Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гүр-Аранз нарыг саатуулан хорьсон мөртлөө хамгийн гол үйл ажиллагааг явуулахад оролцсон Л.Уламбаярыг орхигдуулж байгаа нь улс төрийн шалтгаанаар хорьсон мэт харагдуулж байна.

-Л.Уламбаярыг хорьж байж энэ хэргийн зангилаа тайлагдана гэж үзэж байгаа хэрэг үү?

-Олон иргэнийг хуурч залилан мэхэлж бусдын хөрөнгийг шамшигдуулсныг үнэн зөвөөр шалгахад “Анод” банкны гүйцэтгэх захирал Л.Уламбаярыг хувь нийлүүлэгч нарын нэгэн адил түвшинд авч хэлэлцэх ёстой. Ингэж тухайн үеийн “Анод” банкны гүйцэтгэх захирал Л.Уламбаярыг орхигдуулсан нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, түүний ах МАН-ын УИХ дахь бүлгийн дарга Д.Лүндээжанцан болон түүний тойрон хүрээлэгч нар нь нөлөөлсөн гэж үзэж байна.

-Д.Лүндээжанцан гишүүний ямар хамаатан гэж?

-Гишүүн авга ах нь юм билээ. Төрсөн ахынх нь хүүхэд гэсэн.

Г.Ялгуун


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих