Монгол инженерүүдийн бүтээсэн Трамвайгаар 2018 оноос зорчино

Цахилгаан тээвэр компанийн инженерүүд дотооддоо орчин үеийн технологи бүхий нийтийн тээврийн трамвай үйлдвэрлэхээр туршиж байна. Тэд дэлхийд дөнгөж бий болж буй резинэн дугуйтай трамвайны шинэ технологийг нэвтрүүлэхээр зорьжээ.
Уг нийтийн тээврийг BRT систем гэж нэрлэдэг бөгөөд цахилгаанаар явдаг гэдгээрээ троллейбустай адил. Трамвай нь троллейбусыг бодвол хурдтай, дуу чимээгүй, тав тухтай, нэг дор 300-450 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм байна.
Монгол инженерүүдийн бүтээх тээврийн үйлчилгээг Долоон буудлаас Шинэ нисэх хүртэлх 36 км урттай замд явуулахаар зураг төслийг нь гаргажээ. Манай нийтийн тээвэрт явж буй троллейбус хоёр шонтой бол шинэ тээвэр нь нэг шонтой бөгөөд pезинин дугуйтай учраас хурдтай хэмээн инженерүүд хэлж байна.
Түүнчлэн уг тээврийн хэрэгсэлд зориулан тусгай шинэ зам тавих хэрэггүй гэнэ. Хуучин зам дээр нарийн хоёр төмөр тоноглол нэмж хийх шаардлагатай юм байна. Нийслэлээс нийтийн тээврийг хөгжүүлж, дэлхийн хотуудын жишигт хүргэхийг зорьж буй бөгөөд энэхүү тээврийн хэрэгсэл нь нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусчээ.
Трамвайг Азийн хөгжлийн банкны 212,0 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хийхээр төлөвлөсөн бөгөөд 2018 онд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулна хэмээн ярьж байна.
Б.Заяа / Монцамэ/
URL:




