Онгоц хөлсөлсөн эрхмүүдээс мэдүүлэг авч эхэллээ

“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Төв аймгийн чиглэлд ниссэн “Ми-8” нисдэг тэрэг өнгөрсөн баасан гарагт Багануур дүүрэгт осолдсон.
Онгоц “А-Жет компанийнх байсан бөгөөд салхинд цохиулсны улмаас ийнхүү осолдсон юм.
Онгоц осолдох үеэр онгоцонд долоон иргэн сууж явсан ч азаар нэг нь ч бэртэж гэмтээгүй. Тэгвэл онгоц хөлсөлж, загасанд явсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч эхэлжээ.
Мөн онгоцны нисгэгч, ИНЕГ-ын хоёр ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, онгоцны нисгэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 217.1, харин ИНЕГ-ын хоёр ажилтанд 245.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. 217.1-т Төмөр зам, усан болон агаарын тээврийн байгууллагын ажилтан тухайн төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний бие махбодид хүндэвтэр буюу хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.
Мөн 245.1-д Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ хэмээн заажээ.

URL:




