XX зууны суут уран бүтээлч ЭНДИ УОРХОЛ

-Ирээдүйд хүн бүр 15 минутын турш алдартай болох болно-


Энэ удаагийн хүмүүс буландаа Америкийн суут уран бүтээлч Энди Уорхолыг танилцуулж байна.

Энди Уорхол нь АНУ-ын Пенсильвани мужид 1928 оны наймдугаар сарын 6-нд төржээ. Тэрбээр Словак гаралтай Америкийн зураач, дизайнер, кино найруулагч, продюсер, зохиолч бөгөөд “поп-арт” урлагийн томоохон төлөөлөгч юм. 1965 онд байгуулагдсан Америкийн рок хөгжмийн домогт “Velvet Underground” хамтлагийн продюсероор ажиллаж байгаад амьдралынхаа сүүлийн жилүүдэд дэлгэцийн бүтээлд хүч оюунаа дайчилсан сод авъяастан байжээ. Түүний 1963 онд зурсан “Найман Элвис” хэмээх рокын хаан Элвис Преслигийн хөрөг 100 сая ам.долларын үнэ хүрсэн нь хамгийн өндөр үнэ хүрсэн уран зургийн бүтээлүүдийн арваннэгдүгээр байрт Пабло Пикассо, Винсент ван Гог нарын зураачдын бүтээлүүдийн удаад орсон сод бүтээл болсон байна. 1970-аад оноос эхлэн нийгэм, улс төр, бизнесийн салбарын хүмүүсийн хөрөг зурах тал дээр анхаарлаа хандуулах болсон ба Ираны шейх Мохаммед Реза Пехлевигийн гэр бүлийнхэн, Роллинг Стоунз хамтлагийн гоцлол дуучин Мик Жаггер, жүжигчин Лиза Миннелли, Дайана Росс, Брижит Бардо, Битлз хамтлагийн дуучин, хөгжимчин Жон Леннон, дуучин Майкл Жексон нарын хөргүүдийг бүтээжээ. Энэ мэтчилэн олон хөрөг зурсны дотроос хамгийн алдартай нь 1973 онд бүтээсэн Хятадын коммунист удирдагч Мао Зэдуний хөрөг юм. Түүний зурсан бүтээлүүд өндөр үнээр эздэдээ очдог байсан гэдэг. Поп-арт урсгалын томоохон төлөөлөгч Уорхол 1987 оны хоёрдугаар сарын 22-нд зүрхний доголдолд хүргэдэг “аритим” өвчнөөр нас барсан юм.

Бага нас
Түүний гэр бүлийнхэн Словакийн цагаач байжээ. Энди Уорхолын аав нь барилгачин, ээж нь уран хатгамалч байв. Тэрбээр найман насандаа өвчний улмаас орондоо хэдэн сар хэвтэх болжээ. Энэ үед түүний ээж хүүдээ анхны зургийн хичээл заасан байна. Хүүд зураг зурах нь ихэд таалагджээ. Есөн настайд ээж нь хүүгийнхээ кинонд дуртай байгааг нь мэдээд анхны аппаратыг авч өгсөн байна. Харин 14 нас түүний амьдралын хүнд цаг үе байжээ. Түүний эцэг нас барсан юм. Энди хэтэрхий зовж шаналснаасаа болж, эцгийнхээ оршуулгын ёслолд ч оролцож чадаагүй байна. Учир нь түүний эцэг Уорхолын ирээдүйд амжилт гаргаж, алдартай нэгэн болно гэдэгт итгэдэг байсан бөгөөд хүүгээрээ үргэлж бахархдаг байсан аж. Энди Уорхол багаасаа урлагийн тэр дундаа зурагт сонирхолтой байсан тул 1949 онд Питтсбург хотын Карнегийн технологийн сургуулийг /одоогийн Карнегийн Меллон их сургууль/ зураач мэргэжлээр төгсөөд Нью-Йорк хотод ирж ажил амьдралынхаа гарааг эхлүүлжээ. Энди бараа бүтээгдэхүүний шошго, сурталчилгааны хуудас зурсаар 1956 онд бие даан зураачдын клуб байгуулан ажиллах болов. 1962 оны долдугаар сарын 9-нд Лос- Анжелес хотноо “Файн арт” чиглэлээр туурвисан бүтээлүүдийн үзэсгэлэнгээ толилуулан урлагийн салбарт танигдах болсон бөгөөд түүнээс хойш улаан лоолийн “Кэмпбелл” соус, “Коко Кола” ундаа зэрэг олон бүтээгдэхүүний шошго, түүнчлэн Мэрлин Монро, Элизабет Тейлор, Элвис Пресли нараас авахуулаад урлаг соёлын алдартнуудын хөрөг зургийг зурах болжээ. 1962 онд Манхэттэн дүүрэгт хөгжим болон киноны “The Factory” студээ байгуулсан үеэс эхлэн кино урлагт хүч сорин найруулагч, продюсер бол сон ба шинэ залуу хамтлаг дуучдын ур лагийн замна лыг нь нээн өгөх тал дээр ч анхаарах болжээ. Мөн зар сурталчилгааны бизнесийн салбарт олон олон шинэ санаануудыг цааснаа буулгасаар байсан юм.

Хувийн амьдрал
Энди ижил хүйстнээ сонирхогч байв. Тэрбээр энэ тухайгаа 1980 онд өгсөн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Түүний урлагийн амжилтад хүйсийн чиг баримжаа ихэд нөлөөлсөн гэж урлаг судлаачид үздэг. Эндигийн туурвисан уран зураг, кинонд нүцгэн эрэгтэй хүний дүрслэл их туссан байдаг. Тэрбээр кино найруулагч Эмиль Антониотой дотно харилцаатай байжээ.

Хобби
Тэр элдэв цуглуулгын хорхойтон. Төрөл бүрийн зүйл сонирхон цуглуулдаг байжээ. Тухайлбал, сонин, тамга, нисэх онгоцны тийз зэрэг багтдаг байв. Түүний цуглуулгад хиймэл үс голлох байр эзэлдэг байна. 1985 онд нэгэн эмэгтэй түүн рүү дайрч хиймэл үсийг шүүрэн авч байсан удаатай гэнэ. Түүний музейд 600 гаруй цуглуулга байдаг бөгөөд тэр дунд Эртний Египетийн занданшсан олдвор байдаг аж.

Уран бүтээл
Эндигийн өөрийгөө зурсан хөрөг зураг 38.4сая ам.долларын үнэд хүрч байв. Тэрбээр уран зураг, гэрэл зураг, уран баримал зэрэг урлагийн олон төрөлд авьяас чадлаа гайхуулж байсан юм. Тэр дундаа кино урлагт гоц авьяастай нэгэн байсан гэдэг. 1963-1968 онд Энди 60 гаруй уран сайхны кино, 500 гаруй богино хэмжээний кино бүтээжээ. Түүний алдартай киноны нэг нь “Sleep” хэмээх кино юм. Энэхүү кинонд нэгэн залуу зургаан цагийн турш унтаж буйг харуулдаг. Түүний кино урлагт авьяастайг олон нийтэд батлан харуулсан кино бол “Чельсигийн охид” хэмээх кино ажээ. Энэхүү кинонд хоёр өөр түүхийг өгүүлдэг байна. Тэрбээр америкийн шилдэг “Interview” сэтгүүлийг үүсгэн байгуулагчдын нэг юм. Энди олон алдартай хүмүүстэй амьдрал, уран бүтээлийн талаар ярилцлага авч, хэвлүүлж байжээ. Мөн өөртөө зориулж “A Gold Book”, “Wild Raspberries”, “Holy Cats” зэрэг номыг цөөн хувиар хэвлүүлэн гаргаж байв. Энэхүү номуудаа хамаатан садан, найз нөхөддөө бэлэглэдэг байжээ. Тэрбээр олонд нэр хүндтэй болж эхэлснийхээ дараа олон нийтэд зориулж ном туурвидаг болсон аж. Тухайлбал, “The Philosophy of Andy Warhol (From A to B & Back Again)”, “Popism: The Warhol Sixties” зэрэг номыг хэвлэсэн нь олны унших дуртай бүтээл болж чаджээ.

Мөрөөдөл
Түүний мөрөөдөл амьд ахуйд нь биеллээ олжээ. Тэрбээр телевизийн салбарт амжилт олохыг мөрөөлөж байсан юм. Эндигийн амжилтын сүүлийн цаг мөчид буюу 1982 онд хоёр кабелийн телевизтэй гэрээ байгуулж “Энди Уорхол”-ын шоу нэвтрүүлгийг хийж, мөрөөдөлдөө хүрсэн байна.

Г.НЯМСҮРЭН



URL:

Сэтгэгдэл бичих