Төрийн Инновац
Төрийг үргэлж сайжруулах ёстой гэсэн Төрийн онолчдийн хамгийн сүүлийн үеийн нэрд гарсан бүтээлүүдийн тоонд Францис Фукуяамагийн “Төрийг босгох” ном ордог. Фукуяама номондоо төрийг чухалчилж түүнийг үргэлж бэхжүүлж сайны төлөө шинэ замуудыг эрэлхийлж хайх ёстой гэдгийг илэрхийлсэн. Энэ судлаачийн хэлснээр Америкийн эдийн засагч Милтон Фридман социалист орнуудад зориулж ямар их алдаатай сургааль айлдаж түүнийгээ дахин дахин давтсан ухамсаргүй үйлдэлийг үйлдсэн тухай бичжээ.
Чөлөөт зах зээлийг шүтэн биширч түүнийгээ цуурайтуулан магтагч энэ “алдарт” эдийн засагч Фридман төр яах вэ хувьчлал илүү чухал гэж ард түмнийг уландаа гишгэж мөнгө хөрөнгийг дээгүүр тависан. Мэдээж энэ алдааныхаа төлөө Фридман ямар ч хариуцлага хүлээсэнгүй.
Орчин үеийн философичдын дотроос хамгийн том төрийн онолч гэвэл Германы философич Хэгэл. Түүний хэлсэнээр “Төр гэдэг хүний эрх чөлөөг үнэхээрийн болгож чадсанаараа бодит болох боломжтой”. Төр байхгүй гэвэл хүн эрх чөлөөгүй. Бүгд аюултай, осолтой, хувийн тавиландаа баригдсан, аз эзээ үзсэн, заяасан заяандаа хоригдсон. Хүчтэний зөв хүчгүйгийн буруу. Дээдсийн зол доодсын жам.
Английн философич Хоббэсийн бичсэнээр “Хэрвээ төр байхгүй гэвэл бүгд хэн хэнийхээ эсрэг чоно” гэсэн. БНМАУ-ын төр унаж дахин шинэ төр үүсэх гэж будлиантсан 90-ээд оны үед хүмүүс хэрхэн нэг нэгэндээ чоно мэт хандаж заяасан заяандаа орхигдсон. Хичнээн хүмүүсийн амьдрал ямар ч утгагүйгээр эцэслэж, хичнээн бүтээн босгосон эдийн засагийн үндэс болсон “аж үйлдвэр” нурж унасныг бүгд нүдээрээ харж сэтгэлээрээ хямарсан.
Мэдээж Улаанбаатарт юу болсон бүгдийг Фукуяама болон Фридман нартангууд сонсоо л биз. Фукуяама халаглаж “Төрөө дахин босгож бэхжүүлээрэй” гэж ном бичжээ. Харин Фридман “Би алдаа гаргажээ” гэж амандаа бувтнажээ. Харин Фридман хэрхэн хувьчлал нэрийн дор Ар Монголын төрийг нураасандаа халагласангүй. Нэг хүн нурааж нөгөө хүн босгоно гэх шиг. Ар Монгол энэ олон үлгэрүүдийг шүтэн бишрэх ёстой гэж үү. Америкийн гадаад хэрэгийн сайд хатагтай Хиллари “Танай Монгол ардчиллын нэгдүгээр шатыг давсан. Одоо хоёрдугаар шатандаа орцгоо гэсэн” гэж нэгэн Монгол эр сайрхаж хүртэл ярихыг сонслоо. Хэзээ тэгээд Хиллари Клинтон “би алджээ” гэж Фридман шиг гудиггүй хэлэх болдоо.
Одоогийн Америкийн ерөнхийлөгч гэгдэх Обама харин ч Фридманы чөлөөт зах зээлийг хянаж боймлосноор эдийн засгаа аварна гэсэн. Обама буцаагаад Америкийн төрийг хүчтэй болгож мөнгө хүүлэгч нараас ард түмнээ хамгаалахыг зорьсоныхоо төлөө “социалист” гэсэн нэр зүүсэн. Мэдээж капиталистууд дэлхийг ноёрхож хүмүүнийг уландаа гишгэх гэсэн зорилгоо бүтээж чадахгүй болохоор “социализмыг санагалзагч” гэж бухимдалаа илчлэх шивдээ. Социализмын үзэл суртал алдаатай гэтэл түүний хүмүүнлэг бүтээн босголт алдаатай биш.
Фукуяама оюутнуудад уншсан лекцүүдээ эмхтгэн бичсэн номныхоо дэд гарчигийг “21-р зууны засаглал ба дэлхийн дэг” гэж гарчиглажээ. Нэгэнт л дэлхийн тухай болохоор ядуурал, ДОХ, цэрэг, зэр зэвсэг, хар тамхи гэх сэдвүүдийг бас хөнджээ. Эдгээр юунаас хамааран өсөж дэвжиж буй вэ гэхээр төр сулхан газар л гаардаг гэнэ. Тиймээс нео либералын социализмаас татгалзах гэсэн мөрөөдөл бүтэхгүй гэжээ. Фукуяамагийн бичсэнээр “төр суларна гэдэг хөгжил зогсоно гэсэн үг”. Төрийн тухай хийсэн анализаа Фукуяама тайлбарлахдаа хоёр өгөгдөлийг чухалчилсан ба нэгдүгээрт төрийн эрч хүч хоёрдугаарт төрийн оролцоо. Либертаруудын хэлдэгээр хүнийг ерөөсөө орхи битгий оролц гэсэн дэндүү хөндий хүйтэн бодлогыг Фукуяама шүүмжилсэн. Харин ч төр оролцож тухайн хүнд боломж олгож чадвал боломжоо дагаад өөрийгөө аваад явна.
Аливаа төр хүмүүст ямар ч боломж олгохгүй зөвхөн л өөрийгөө аваад яв гээд гаргуунд нь хаях алдаа гэсэн онолын гаргалгаа өнөөдөр нео либерал болон социалист идеологуудыг зөрчилдүүлсээр. “Адилхан боломж олгоно” гэдэг ерөөсөө эрч хүчтэй төрийн шинж бөгөөд хүн бүрт сурч боловсрох адилхан боломж олгох, гэр бүлийн орлогыг чацуулан хэн ч өөрийнхөө орлогоор сайн сайхан амьдрах боломж олгох, хүмүүст бас сонгох боломж олгох чухал ажээ. Ганцхан боломжтой сонголтгүй байлгах бол жинхэнэ эрх чөлөөг боймолсон үйлдэл.
Фукуяама номондоо хамгийн түрүүнд дэлхий дээр тэнцвэрт байдал үүсэх чухал гэсэн ба Ирак руу дайрсан Америкийн дайралтыг шүүмжилсэн. Яагаад гэвэл бүс нутагт тэнцвэрт биш байдал үүсгэж улам л хямрал руу түлхсэн. Аливаа төр ямар хариуцлагатай ажиллаж шийдвэр гаргах ёстойг Фукуяамагийн шүүмж харууллаа. Ар Монгол ч гэсэн Иракийн дайнд оролцож тухайн бүс нутагт тэнцвэрт биш хямрал үүсгэх хам хэрэгт оролцжээ. Иракийн дайнд амиа алдсан хүмүүсийн ар гэр Ар Монголчуудыг дайсан л гэж тодорхойлдог болов уу даа.
Фукуяама олон улсын байгууллагууд заримдаа эерэг биш сөрөг үйлдэл хийдэг тухай бичжээ. Төрийн бус гэгдэх байгууллагууд тусламжийн гэх нэртэй байгууллагууд тухайн улс орныг өөрсдөө хийж бүтээх ямар ч эрмэлзэлгүй болгодог тухай бичжээ. Ар Монголд гадаадын хичнээн төрийн бус байгууллагууд ажилладаг тэдний хэрэгцээ юунд вэ гэдгийг шалгаж шүүх хугацаа болжээ. Туслажмийн байгууллагууд тусалдаг уу мадалдаг уу гэдгийг ч асуух хэрэгтэй. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэж нэгэн Монгол залуу хэлж гадаадынханыг өмөөрсөн. Тэгвэл аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэдэг. Аманд ч үгүй хамарт ч үгүй тус тэгээд тусламж уу?

Төрийн шинэ загвар
Америкийн философич Ноцик “Анархизм, Төр ба Утоп” номондоо төрийн анхдагч үүргийг тодорхойлсон. Тэр бол иргэнийг хамгаалахыг хэлсэн. Юунаас хамгаалах вэ гэхээр хүчирхийлэлээс, дээрэмдүүлэхээс, хулгайд өртөхөөс, залилуулахаас. Төр байхгүй газар л хүн хүчирхийлэлд өртөж хорвоогийн хатууг эдэлдэг. Төртэй газар хуулиуд хууль шиг бас ёс горим ёс горим шигээ. Ийм газар энх тайван болон эв найрамдал соёолох боломжтой.
Ноцик номондоо иргэн бүртэй төр гэрээ хийх тухай нэг бүрчилэн заасан. Ноцикийн утоп төрийг минимал төр буюу иргэний наад захын л хэрэгцээг хангаад бусад хэрэгцээг иргэнд өөрт хариуцуулан үлдээхийг зорьсон гэдэг.
Судлаачид Ноцикийг ерөөс утоп төрийн тухай номоо философич Жон Роулсын “Шударга ёсны онол” гэсэн номын эсрэг бичсэн гэж дүгнэдэг. Шударга ёс буюу жастис гэсэн ойлголтыг Роулс өгөх болон авах хоёр тэнцэх ёстой гэж номондоо бичсэн. Роулс төрийг иргэддээ хуваарилалт хийхдээ адилхан хуваарилах биш харин хэрэгцээтэй иргэдэд илүү өг харин нэгэнт хэрэгцээгээ хангачихсан иргэдэд хязгаартай өгнө шүү гэдгийг онолдоо чухалчилсан. Өнөөдөр Америк орон Роулсын шударга ёсыг барих тэр онолыг зөв байжээ гэдгийг ойлгож Обама “социалын баталгаа” гэсэн улстөрийг зарлаж түүнийг хэрэгжүүлэхийн төлөө олон зуун сая долларыг төрөөс гаргуулах тухай хуулийг боловсруулан батлуулжээ. Социалын баталгаа гэдгээр иргэнийг зөвхөн хамгаалах биш бас халамжлах хэрэгтэй гэдгийг эрхэмлэсэн.
Төрийн онолд социалын баталгаа гэдгээр “эмнэлгийн тусламж, эмчилгээний үнэ төлөхөд туслах, ажилгүйдлийн тэтгэлгэ, тэтгэвэр, хөдөлмөр хамгаалал, хүүхэд төрүүлсэний мөнгө, ажиллах чадвагүй хүмүүсийг санхүүжүүлэх, нас барахад болон гэр бүлийн даац ихсэхэд тэтгэвэр тэтгэмж олгох” гэх мэтийг баталгаажуулахыг хэлдэг.
Ноцик өөрийнхөө гаргасан төрийн утопийг хэтэрхий нэг талыг барьсан явцуу онол болжээ гэдгийг хүлээн зөвшөөрч алдаагаа ухамсарласан гэж судлаачид бичжээ. Тэр өөрийнхөө алдааг хэлж буруугаа хүлээж чадсан явдал түүний ямар их моралтай гэдгийг харуулж буй юм.
URL:














