Ирэх онд зургаан тэрбум 447 сая төгрөг зарцуулна

Ирэх онд зургаан тэрбум 447 сая төгрөг зарцуулна

Төсвийн шинэтгэлийн бодлогын хүрээнд төсвийн мэдээлэл нь олон нийтэд ил тод байх ёстой. Үүний дагуу салбар яамдын төсвийн тухай мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ удаа Хууль зүйн яамны 2013 оны батлагдсан төсөв болоод УИХ-д өргөн барьсан 2014 оны төсвийн төслийн  мэдээллийг танилцуулж байна.

Тус яамны нийт зардлын дүн нь энэ оны байдлаар гурван тэрбум 557 сая төгрөг байгаа аж.

Уг дүнг УИХ-д өргөн барьсан 2014 оны төсвийн төсөлд  зургаан тэрбум 668 сая төгрөг болгон нэмж тусгасан байна.

Харин энэ онд урсгал зардалд мөн гурван тэрбум 557 сая төгрөгийг төсөвлөсөн бол ирэх оны байдлаар урсгал зардалд зургаан тэрбум 447 сая төгрөг болгожээ. Бараа үйлчилгээний зардалд энэ онд гурван тэрбум 183 сая төгрөгийг төсөвлөөд байсан бол үүнийг УИХ-д өргөн барьсан төсвийн төсөлд зургаан тэрбум 320 сая төгрөг болгож нэмж тусгаад байгаа аж.

Түүнчлэн цалин, хөлс болон нэмэгдэл урамшуулалд нэг тэрбум 408 сая төгрөг төсөвлөсөн байна. Үүнийг ирэх онд нэг тэрбум 696 сая төгрөг болгохоор төсвийнхөө төсөлд тусгаад байгаа гэнэ.

Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх ёстой шимтгэлийн тухайд 2013 онд батлагдсан төсөвт 154 сая 953 мянган төгрөг төсөвлөж, үүнийг ирэх оны төсвийн төсөлд 187 сая 603 мянган төгрөг болгон өөрчилсөн аж. Мөн ажил олгогчоос олгох тэтгэмж, нэг удаагийн урамшуулал, дэмжлэгт энэ онд 147 сая 67 мянган төгрөг төсөвлөөд байсан  нь ирэх оны төсвийн төслөөр 118 сая 845 мянган төгрөг болсон байгаа юм.

Нөгөөтэйгүүр Хууль зүйн яам нь энэ оны эхний хагас жилийн байдлаар салбарынхаа хүрээнд эрх зүйн шинэтгэлийн стратегийн төлөвлөлт, хууль зүйн нэгдсэн бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх үр дүнд нь үнэлгээ өгөх, хууль зүйн боловсрол, эрх зүйн сургалт, сурталчилгаа, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах зэрэг ажлыг хийжээ.

Түүнчлэн хуульчдын өөрөө удирдах байгууллагатай харилцах, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэхэд чиглэсэн олон ажлыг хийгээд буй аж.


Т.Болорцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих