“Мобиком” корпораци өөрийн эрх ашгийг дээгүүрт үзэв
Монголын үүрэн телефоны салбарт анхдагч гэдгээрээ нэлээд “додигор” байж ирсэн “Мобиком” корпораци “ах байгууллага” шиг байж чадаагүйгээр барахгүй “асуудал” гэгч сүүдрийг байнга дагуулсаар байна гэхэд хилсдэхгүй.
Тухайлбал, дөрвөн оронтой тусгай дугаарыг ашигладаг байгууллагуудын орлого хуваарилах зарчмыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Харилцаа холбооны зохицуулах хорооны 29 дүгээр тогтоолд тусгасан байдаг.
Гэтэл “Мобиком” корпораци өнгөрөгч хоёрдугаар сард Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаас давсан тушаал гаргаж, ах захаа мэддэггүй бяцхан хүүхэд шиг л аашилсан гэнэ.
Тус компанийн увайгүй гэж хэлэхэд хэтрүүлэг болохооргүй энэ үйлдэл түнш байгууллагуудад нь багагүй бэрхшээлийг дагуулж байгаа гэнэ лээ. Учир нь дөрвөн оронтой тусгай дугаарыг ашиглаж буй үйлчилгээ эрхлэгчид нь бүгд үндэсний хэмжээний компаниуд бөгөөд тэд маш олон хүнийг ажлын байраар хангаж, үүгээрээ үйл ажиллагаа нь тогтмол хэвийн явагдаж ирсэн.
Гэтэл “Мобиком” корпораци тэрхүү “том тушаал”-даа зөвхөн шугам ашиглуулсныхаа төлөө хэрэглэгчид төдийгүй лавлах үйлчилгээ үзүүлж буй үндэсний компаниудын орлогот халдаж байгаагаас өөрцгүй үйлдэл гарган, өөрсдийн хүртэх хувийн хэмжээг огцом ихэсгэсэн гэнэ. “Мобиком” ийнхүү зөвхөн хэрэглэгчдийн төдийгүй түнш байгууллагуудынхаа эрх ашигт халдаж, найзынхаа түрийвч рүү өнгийж байгаагаас ялгаагүй үйлдэл гаргаснаас үүдэн олон жилийн үнэнч хэрэглэгчид нь нүүрээ буруулахад хүрч буй сурагтай.
Хамгийн ичгүүртэй нь “Мобиком” корпораци өөрсдийн давуу талаа ашиглан тусгай дугаар ажиллуулж эхэлсэн бөгөөд ингэснээр шударга өрсөлдөөний тухай хуулийг удаа дараа зөрчиж байгаа нь ч нотлогдсон юм. Удаа дараа гэдгийн учир нь тус корпораци саяхан дараа төлбөрт хэрэглэгчдийн төлбөр дээр өөрсдийн нэмсэн “нууц нэмэгдэл”-ээр их хэмжээний сул ашиг хүртэж байснаа хүлээн зөвшөөрсөн.
Энэ мэт гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд өөрсдийн эрх ашигт нийцүүлэн тушаал гаргаад байвал Монгол улсад хууль тогтоомж гаргадаг дээд байгууллага байх хэрэгтэй эсэхэд эргэлзэх нэгэн гарахыг ч үгүйсгэхгүй юм.
Mass.mn
URL:














