Өөрийнхөө мөнгийг авах гэж татвар төлсөөр байх уу
Монголын банк, санхүүгийн систем нэг үеэ бодвол арай л дээр болсон.
Бусад руу мөнгө шилжүүлэхийн тулд заавал хүнээр өгч явуулах шаардлага гардаг байсан үе ард хоцорсон. Одоо аль нэг банк руу ороод, дансанд нь хийгээд л гүйцээ. Техник технологийн хурд гэрлийн хурдаар урагшилж байгаа энэ үед гар утаснаасаа ч гэсэн мөнгө гуйвуулчихдаг болсон. Энэ мэтээс авахуулаад олон дэвшлийг хэлж болно. Гэхдээ дэвшил гарахын зэрэгцээ болж бүтэхгүй зүйл ч их байгаа.
Тэр нь элдэв янзын шимтгэл, хураамж. Тэр дундаа бэлэн мөнгөний автомат машинаас мөнгө авахад суутгал авдаг байдал. Ихэнх банк дансандаа заавал 1000 төгрөгийн үлдэгдэлтэй байх ёстой гэж тулгадаг. Хүн өөрийнхөө дансандаа мөнгө хийчихээд буцаагаад авахдаа юм үлдээнэ үү, үгүй юу гэдгийг банк мэддэг гэсэн үг. Дээрээс нь АТМ-аас мөнгө авахаар тодорхой хэмжээний шимтгэл авна.
Ихэнх банк 50 төгрөг, зарим нь бүр 100 төгрөгийн шимтгэл авч байгаа. Огт шимтгэл авдаггүй банк цөөхөн байх. Бүр цаашлаад өөр банкны АТМ-аас бусад банкны картаар мөнгө авбал бүр 500 төгрөг суутгах жишээтэй. Өөрийнхөө дансанд мөнгө хийчихээд, түүнийгээ буцааж авахдаа мөнгө төлнө гэдэг байж болох хэрэг үү, үгүй юу. Банкаар үйлчлүүлж байгаа, мөнгөө найдвартай газар хадгалж байгаад авсан гэж үзэж, мөнгө авдаг болов уу гэж бодоод байна. Гэхдээ банк харилцагчдаа татах, тэдэнд ойрхон үйлчилгээ үзүүлэх энэ тэр талаас нь аваад үзвэл бэлэн мөнгөний машин байрлуулах ёстой. Түүнээсээ шимтгэл аваад, иргэдийг шулаад байх шаардлагагүй. За авдаг юм аа гэхэд 10 төгрөг л байна биз дээ, 50, 100 нь ч бас юу вэ. Ядаж байхад АТМ-аас мөнгө авахад нэг дор 500 мянган төгрөгөөс илүү гарахгүй. Банк бүр янз бүр л дээ. Гэхдээ ерөнхийдөө л нэг иймэрхүү.
Хэрвээ хүн данснаасаа 2, 3 сая төгрөг гаргахаар бол 4-6 удаа үйлдэл хийнэ гэсэн үг. Ингээд л 400-600 төгрөгөө банкнд алдаж байгаа юм. Хэрвээ карт гаргасан банкнаасаа өөр банкны АТМ-аас энэ хэмжээний мөнгө авна гэвэл хэдэн мянгаар нь суутгагдаад явчихаж байгаа юм. Иргэд энэ маягаар хохирч байна шүү дээ. Хүн бүр байнга хэдэн саяар нэг дор мөнгө авч, шимтгэл өгөөд байна гэж байхгүй. Гэхдээ л иргэд цалингийнхаа хэдэн төгрөгийг дансандаа байлгаж байгаад, 20, 30 мянгаар нь хувааж авч зохицуулдаг. Тэр болгонд хураамж аваад байна гэвэл бас л хөөрхөн хэдэн төгрөгөөрөө хохирч байгаа юм. Энэ мэтээр өөрийнхөө данснаас мөнгө авсны төлөө татвар өгөөд байх нь иргэд хохирч, банк баяжиж байгаа нь шударга зүйл мөн үү.
Энэ асуудлыг ШӨХТГ-аас шалгаж, судалж үзмээр байна. Шалгаж үзээд байх ч юм байх юу байх вэ дээ. Хяналт тавьж, шийдэх цаг болжээ гэж хэлэх гээд байна. Нэг удаа 10 мянган төгрөг авахад 50, 100 төгрөгийн шимтгэл авах нь ямар үйлчилгээний төлбөр юм. Заавал 50, 100 төгрөг байдаг нь ямар учир вэ. Яагаад 10 төгрөг байж болохгүй гэж. Өөр банкны АТМ-аас мөнгө авахад 500 төгрөгийн шимтгэл авдаг нь юуны төлбөр юм. Арай хямд, 100, 200 төгрөг байж яагаад болохгүй гэж. Энэ бүхнийг ШӨХТГ судалж, банкуудтай харилцаж, ямар нэг байдлаар шийдмээр байна. Зарим банк нь шимтгэл авахгүй, зарим нь 50 төгрөг, зарим нь 100-г авч байгаа нь ямар учир байна гэдгийг ч тогтоох хэрэгтэй.
Болж өгвөл өөрийнхөө данснаас мөнгө авсны төлөө иргэд татвар өгдөггүй байлгах тал дээр анхаарах хэрэгтэй байна. О.Магнай дарга ард иргэдээ бодож, шударга биш өрсөлдөж байгаа монополь байгууллагуудыг их, бага хэмжээгээр “хазаарлаж” байгаа. Одоо банкууд руу орно байгаа. Заавал иргэдийн гомдол саналаар биш өөрсдийн санаачилгаар нэг удаа ажиллачихаач. Монголчууд жаахан нэрэлхүү хүмүүс. 50, 100 төгрөг дээр элдэв юм яриад яах вэ гээд л яваад байна.
Нэг хүнээс гарахдаа бага мөнгө байж болох ч олон хүнээс авсан татвар нь нийлээд хэчнээн 100 сая төгрөг болж банкинд очиж байгаа бид мэдэхгүй шүү дээ. Тиймээс энэ мэт шударга бус татварыг болиулмаар байна. Ганц чадах газар нь ШӨХТГ юм шиг л санагдаад байна даа. О.Магнай дарга нэгийг бодож, хоёрыг тунгаана биз ээ.
Н.Пунцагболд

URL:













