”MCS пропертиз холдинг” компанийг шүүхэд өгчээ

527-138327527407dbc84a34262aboriginal-Цууралтын хэмжээ нэмэгдсээр байна-

Хотын төвийн байрлал сайтай газрууд мөнгө, эрх мэдэлтэй хүмүүсийн гарт орох болсоор удаж буй. Мөнгө, эрх мэдэл гэж тодотгосны учир нь байрлал, сайтай А зэрэглэлийн газар багагүй үнэд хүрдэг. Энэ ч утгаараа хүссэн хүн бүр хотын төвд газар аваад байдаггүй. Харин өдгөө улс доторх “улс” болоод буй “MCS” мэт чинээлэг компаниуд хаа нэгтэй аятайхан газар харсан л бол авч байж салдаг муу жишиг тогтсон гэхэд хилсдэхгүй. Хаа сайгүй чих дэлсэх болсон энэ удаагийн барилгын маргааны эзэн аанай л “MCS“ компани. Тодруулбал, МCS компанийн охин компани болох “MCS пропертиз холдинг” компанийн барьж буй барилгаас болж хоёрхон метрийн хойно байрлах Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Олимпийн гудамжны 9 дүгээр байранд цууралт үүсч, өнөө маргаашгүй нурж унах дээрээ тулаад байгаа билээ. Одоогийн МАХН-ын байрны өмнө, Хуримын ордны дэргэд Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын амины орон сууц байсан газрыг өдгөө “MCS пропертиз холдинг” компани эзэмшиж буй. Гэсэн ч тэд барилга барих зөвшөөрөл огт аваагүй атлаа 25 давхар барилга барихаар улайрч, газраа ухаж байгаад ийнхүү хоёрхон метрийн зайтай байсан Шилэн пирамид барилгад цууралт үүсгээд байгаа. Тодруулбал, тус байрны даацын хана, тулгуур баганаа дагаад сууриндаа хөндлөнгөөр, маш хурдацтай цууралт өгч эхлээд байгаа юм. Тиймээс ОБЕГ, МХЕГ- ын удирдлагууд газар дээр нь ирж, яаралтай хуралдаад барилгын ажлыг зогсоох арга хэмжээ авсан ч тэд маргаашнаас нь эхлэн барилгын ажлаа үргэлжүүлсэн байдаг. Харин өдгөө уг цууралт ямар хэмжээнд хүрснийг нэхэн сурвалжиллаа. үгээр хэлбэл, “MCS”-ийг барьсан барилгадаа хэрхэн анхаарал хандуулж, шинэхэн орон сууцанд үүссэн цууралтыг янзалсан эсэхийг харсан хэрэг. Гэтэл харамсалтай нь өдгөө уг байрны гадна, дотногүй цууралт үүсчээ. Түүнчлэн өдгөө тус байрны хажууханд шинээр барилга барьж эхэлсэн нь өнөөх цууралтад бүр ч их нэрмээс болсон гэдгийг иргэд хэлж байлаа. Энэ байранд анх цууралт үүсэхэд оршин суугчид нь “газар хөдлөлт боллоо” хэмээн дүүргийнхээ Онцгой байдлын газарт хандсан байдаг. Ингээд албаныхан үзээд ноцтой цууралт гэж үзээд Мэргэжлийн хяналтын газрыг дуудаж, цууралт үүссэн хэсэгт хэмжилтийн багаж тавьсан нь бий. Цуралт үүссэн таван давхар барилга 2006 онд ашиглалтад орсон бөгөөд одоогоор 23 өрх амьдардаг аж.

Ингээд тус байранд үүссэн нөхцөл байдлын талаар “Шилэн пирамид” СӨХ-ны дарга М. Алтанцэцэгээс дараах асуултад хариулт авлаа.


-Танай байранд хэзээнээс цууралт үүссэн бэ?

-Аравдугаар 14-ний өдөр анх цууралт үүссэн. Цууралт оршин суугчдад маш хүчтэй мэдэгдсэн л дээ. Тухайн үед бид газар хөдлөлт боллоо гэж бодоод Сүхбаатар дүүргийнхээ Онцгой байдлын газарт хандсан. Дүүргийн Онцгой байдлын газраас ирж үзээд их ноцтой цууралт байна гэж дүгнэсэн юм. Мэргэжлийн хяналтаас хүмүүс ирээд цууралтад нь хэмжилтийн багаж тавьж өгсөн. Мөн “Эм Си Эс пропертиз” компанийн барьж байгаа барилгын үйл ажиллагааг зогсоосон. Гэвч маргааш нь барилгын ажил нь үргэлжлээд явагдсан. “Эм Си Эс” компанийн барьж байгаа барилга манай байрнаас 2.5 см зайтай баригдаж байгаа бөгөөд тэнд 20 метрийн гүн нүх ухсан байгаа. Үүнээс болж манай байранд цууралт үүссэн.Угаасаа үүнээс өөр шалтгаанаар цууралт өгөх үндэслэл байхгүй дээ.

-Хэмжилтийн багаж цууралтыг хэд хүрсэн гэж дүгнэсэн бэ?
-Анх 12 см цууралт үүссэн байсан. Бид өдөр бүр хардаг. Одоогийн байдлаар 15-16 см цууралттай байгаа. Бид цууралтыг ингэж нэмэгдсээр байгааг харсаар байтал Мэргэжлийн хяналтаас өөр дүгнэлт гаргасан байна билээ.

-Ямар дүгнэлт гарсныг тодруулаач?
-Хэмжих багаж тавьснаас хойш цууралт нэмэгдээгүй гэсэн дүгнэлт гаргасан байсан. Гэтэл тэд энд ирж үзээгүй атлаа ийм дүгнэлт гаргачихсан.

-Та бүхэн дүгнэлттэй холбоотой гомдол гаргасан уу?
-Энэ дүгнэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч Ганчимэг гэдэг хүн гаргасан байсан. Бид тэр хүнтэй уулзаад, “Та үзээгүй байж яагаад ийм дүгнэлт гаргаж байгаа юм бэ” гэж асуусан л даа. Тэр хэлэхдээ “Эм Си Эс пропертиз”-ийн ажилтнуудаас асуухад цууралт нэмэгдээгүй гэсэн тайлбар өгсөн учраас ийм дүгнэлт гаргасан гэж хэлсэн. Төрийн ажлыг ингэж л хийж байна шүү дээ. Өөрөө ирээд үзчихээгүй байж хүний амаар л шийдвэрээ гаргаж байх жишээтэй. Гэхдээ бид шаардлага тавьсны дагуу өөрөө ирж үзэхээр болсон.

-“Эм Си Эс пропертиз” компани барилгын ажлаа хэзээ эхэлсэн юм бэ. Барилга барих зөвшөөрөлтэй эсэхийг нь мэдсэн үү?
-Өнгөрсөн оны зун Ерөнхийлөгч асан П.Очирбатын байрыг нураагаад дараа нь хоёр контейнер тавиад хашаа татаад эхэлсэн. Барилгын ажил нь тэр оныхоо арваннэгдүгээр сараас эхэлсэн юм. Энэ компани барилга барих зөвшөөрөлгүй юм билээ. Түүгээр ч барахгүй барилга барих чиглэлээ өөрчилчихсөн юм шиг байсан. Энэ барилгыг баригдаж эхэлснээс хойш оршин суугчид эсэргүүцсэн боловч дийлээгүй. Одоо биднийг шаардлага тавихаар тоохоо ч больсон.

-Та бүхэн одоогоор энэ компанийн хууль бус үйлдэлтэй хэрхэн тэмцэж байна вэ?
-Бид барилгын ажлыг явуулахгүй гэж зуурмагны машины замыг хаасан ч тэд шөнийн цагаар барилгын ажлаа явуулж байгаа. Мөн бохирын шугамыг тасалдаг байрны хажууд маш гүн нүх ухаад бохироо хийдэг. Заримдаа өнөөх бохир нь хальж гарч ирдэг гэх мэтчилэн оршин суугчдад хүндрэлтэй асуудал олон бий.

-Та бүхэн холбогдох газруудад нь хандаж үзсэн үү?
-Манай оршин суугчдад хандаагүй газар гэж байхгүй. Газрын алба, яам болон бусад холбогдох газарт бүгдэд нь хандсан. Гэвч манайх мэдэхгүй гээд өөрсдөөсөө зайлуулчихдаг юм билээ. Гэхдээ бид одоогоор энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандаад байна

-Ямар үндэслэлээр?
-Зөвшөөрөлгүй барилга эхлүүлж, иргэдийн тав тухтай амьдрах бололцоог хаан боогдуулж байна гэсэн үндэслэлээр хандсан.

М.ӨНӨРЖАРГАЛ

URL:

Сэтгэгдэл бичих