Шүтэн бишрэгчдээ урт үс, уянгалаг дуугаар 20 жил байлдан дагуулсан ”ХУРД”

Монголын рок попын түүхэнд бүтэн 20 жилийн турш буцалтгүй, бутрашгүй, хөдөлмөрлөж үзэгч, сонсогчдыг байлдан дагуулсан хамтлаг бол яахын аргагүй “Хурд”. “Цэргийн бодол”, “Чи минь байгаа болохоор”, “Нулимсаа тэвчье”, “Аавдаа би хайртай”, “13 ааш”, “Зураг шиг бүсгүй”, “Ээждээ”, “Би Монголтойгоо адилхан” зэрэг хэзээ ч хуучрашгүй, уянгалаг дуунуудаар бидний сэтгэл зүрхийг хөглөсөөр 20 намрыг үджээ. 1980 оны сүүлчээр төмөр замын “Рашаант” өртөөнд хэдэн залуучууд нийлээд “Хурд” хэмээх хамтлаг байгуулан хаа нэг тоглодог байж. Анхны “Хурд” хамтлагийнхантай одоогийн “Хурд”- ын Д.Ганбаяр танил байсан аж. Тэгж явсаар хамтлагт нь орсон боловч төд удалгүй тарчихсан юм. Дуулах, хөгжимдөх их хүсэл нь хамтлаг тарахтай хамт алга болчихоогүй Д.Ганбаяр хуучин “Хурд”-ын суурин дээр шинэ “Хурд”-ыг бий болгов. “Хурд” рок хамтлаг зургаан гишүүнтэйгээр анхны “Хар салхи” бүрэн хэмжээний бие даасан тоглолтоо Улсын циркт 1995 оны гуравдугаар сард амжилттай тоглосноор, манайд дөнгөж хөгжиж эхэлж байсан “Рок” хөгжмийн түүхэнд эрэлхийлэл, шинэ стил хэв маягийг хүчтэй нэвтрүүлж, тэр дундаа амьд хөгжим сонирхогч рокер залуусыг байлдан дагуулж байв. Мөн 1998 онд Монголд анх удаа “UNPLUGGED” концерт тоглож мөн оркестр хөгжимтэй хамтран “Симфони Хурд” концертыг 2001 онд тоглосон билээ. Хамтлаг анхны “Хар Салхи” концертоос хойш Улаанбаатар хотод нийтдээ 20 гаруй бүрэн хэмжээний тоглолт хийсэн байна.
Мөн гадаадад 1999 оноос эхлэн тоглолтоо хийж ӨМӨЗО, ОХУ, Москва, Солонгос, Япон, АНУ, Герман, Англи, Швейцарь, Бельги, Чех, Унгар, Австри зэрэг орнуудад тогтмол айлчлан тоглож тэнд ажиллаж амьдарч буй монголчууддаа уран бүтээлээ толилуулсаар ирсэн. Хамтлаг энэ хугацаанд нийт есөн CD, хоёр DVD-г гаргаж олны хүртээл болгоод байна. Уран бүтээлүүдээрээ Мо н гол ы н рок поп хөгжмийн дээд шагнал гардуулах ёслолын 12 удаагийн шагналыг гардаж, бусад олон улсын чанартай тэмцээн уралдаан, хөгжмийн наадмуудад Гран-При шагналуудыг удаа дараа авсан нь тэдний чансааг илтгэнэ. 2009 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Хурд” хамтлагийн дуучин Д.Төмөрцог МУГЖ цолоор энгэрээ мялааж, хамтлагийн басс гитарчин Н.Наранбаатар Алтан гадас одонгоор шагнагдсан юм. Хурд хамтлаг одоогоор урын сандаа 250 гаруй дуу 120 орчим видео клиптэй байгаа нь энэ тоо цаашдаа нэмэгдэж, “Хурд”- ын түүх үргэлжлэх нь гарцаагүй юм. “Хурд”-ынхан төмөр зам дагасан замчны гэр бүлд өссөн. Тэдний амьдрал галт тэрэг ирж, буцах, дайран өнгөрөх бүрт өөрчлөгдөж, арван “бакал”, нэг охин дор дороо шуугилдаж өссөн гэнэ. Тэгэхээр хөгжмийн тэр гойд сонсгол, авьяасыг тэд аглаг буйдхан өртөөний амьдралаас л олсон болов уу. Тэдний аав Ц.Дамба, ээж П.Лхамжав нар нь төмөр зам дагасан замчид. Нэг охин, арван хүүгийн эцэг, эх. Хүн амьтан цөөн, нам гүм жижигхэн өртөөнд гитар тоглож, бөмбөр нүдсэн сайртай бор хөвгүүдийг хожим Монголын алдарт рок хамтлаг болно гэж хэн санах билээ. Тэр тусмаа “Хурд”, “Чоно” гэсэн ах, дүүсийн, рок попын нэртэй хамтлагууд болно гэж төсөөлөөгүй л болов уу. Д.Ганбаяр шинээр байгуулсан “Хурд” хамтлагтаа дүү Д.Отгонбаатар, Д.Отгонбаяр нарыг авсан ч гоцлол дуучин дутуу байв. Дуулдаг, рок хөгжим сонирхдог залуусаас хамтлагийнхаа дуучныг хайсаар байв ч таарсан нэгэн олдохгүй л байжээ. Гэтэл нэг өдөр дүү Цогоо нь “би дуулаад үзэх үү” гэж ахдаа хэлтэл ах нь “Цогоо минь чиний дуулдаг гэж юу байдаг юм” гэж голоод халгаагаагүй гэнэ лээ. Цогоо гуйсаар шалгуулахаар болж, дуулж үзүүлсний дараа Д.Ганбаярын бодол өөрчлөгджээ. Ингээд Цогоо “Хурд”- ын гоцлол дуучин болсон байна. Шинэ “Хурд” Монголын рок попын ертөнцөд орж ирсэн ч тухайн үеийн хүмүүс урт үстэй, уранхай жинстэй, ковбой гутал өмссөн, эрээн алчуур эв хавгүй боосон, сэгсийсэн үстэй рок дуулдаг горзгор залуусыг хүлээж авахад бэлэн биш байсан гэлцдэг. Гэвч өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд маш ихээр хөдөлмөрлөж чадсанаар өнөөдөр олон мянган шүтэн бишрэгчтэй болж чадсан билээ.
Хамтлагийн ахлагч Д.Ганбаяр: 1963 оны зургадугаар сарын 6-нд төрсөн. 1981 онд нийслэлийн 51 дүгээр сургуулийг төгссөн. Багаасаа хүүхдийн олон хамтлагт гитарчин, бөмбөрчнөөр тоглож, гадаадын алдартай рок хөгжмийн хамтлагуудаас суралцаж иржээ.
Гоцлол дуучин Д.Төмөрцог: 1969 оны зургадугаар сарын 18-нд төрсөн. Есөн насандаа гитар тоглож сурсан бөгөөд анх “Хурд”-ын гоцлол дуучин болоод “Чоно” хэмээх дуугаа тухайн үеийн ЗХУ-ын хоёр ширхэг “Весна” магнитофон ашиглан нэгэнд нь дууныхаа фонаграммыг, нөгөөд нь хөгжмөө сонсон дуулж, дуучны гараагаа эхэлжээ.
Хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр: 1973 оны арванхоёрдугаар сарын 28-нд төрсөн. Гуравдугаар ангиасаа хүүхдийн “Ган зам” хамтлагт бөмбөр, гитар тоглож байсан. Шүтдэг хамтлаг нь “Guns N’ Roses”, “Металлика”.
Басс гитарчин Н.Наранбаатар: 1974 оны долдугаар сарын 24-нд төрсөн. Багаасаа л 80-аад оны рок хамтлагуудыг сонсч, дуурайж, шүтэж ирсэн. “Хурд” хамтлагийн тулгуур болсон авьяаслаг хөгжимчин юм.
Бөмбөрчин Д.Отгонбаатар: 1976 оны арваннэгдүгээр сарын 30-нд төрсөн. Рок, хурдан хэмнэлтэй дуу тоглох нь түүнд маш их таашаал, эрч хүчийг авчирдаг ба 10 настайдаа гитар тоглодог байсан ч 14 наснаасаа бөмбөрөөр хичээллэж эхэлсэн юм. Анх бөмбөр тоглож сурч байхдаа өдрийн найман цагаар хичээллэдэг байсан.











URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.














আমিই সেরা. ইংরেজী ও বাংলা অনলাইন অভিধান এবং ব্যাকরণ আমাদের অ্যাপ্লিকেশনটি তখন আপনার ইংরেজী শব্দ, বাক্যাংশ বা বাক্যে বাংলা অনুবাদ করে। … বাকিদের জন্য যারা বেনগ্লা ভাষা বলতে পারে না, বেনগ্লা তে ইংরেজিতে অনুবাদ করা বেশ কঠিন হতে পারে। বাংলা থেকে বাংলা অনুবাদ কিভাবে কাজ করে? uphindikhabar.in
uphindikhabar.in