“Нэг цонхны үйлчилгээ”-г давхардсан тоогоор 7.3 сая гаруй хүн авчээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын Улсын зөвлөлгөөн Төрийн ордонд эхэллээ.
Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж сайжруулахтай холбогдсон “Нэг цонхны үйлчилгээний үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах” асуудлыг хэлэлцэж байна. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн төв, дөрвөн сум, нийслэлийн есөн дүүрэг, гурван хороонд нийтдээ 38 газар “Нэг цонхны үйлчилгээ”-ний төв байгуулагдаж, давхардсан тоогоор 7 сая 350 мянган иргэнд үйлчилжээ.
Эдгээр төв нь Засгийн газрын агентлагуудаас үзүүлж байгаа үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, иргэд нэг дор олон төрлийн үйлчилгээ авч байгаа нь хүнд суртлыг багасгасан гэж зөвлөлгөөнд оролцогчид дүгнэж байна.
Зөвлөлгөөний нээлтэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг оролцож Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний бүрэлдэхүүн хэсэг болох “Иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх” төслийн хүрээнд байгуулагдсан “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвүүдийн үйл ажиллагааг тогтворжуулах, иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртуулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.
URL:




