Крилл үсгийн шинэ дүрэм нэгдүгээр сараас хэрэгжинэ

krillМонголчууд крилл үсгийг 1940-өөд оны сүүлчээс сурч эхэлсэн гэдэг. Учир нь 1941 оны тавдугаар сарын 9-нд  сайд нарын хамтарсан хурлаар орос үсэгт үндэслэн шинэ үсгийг зохиох тухай шийдвэр гарсан байдаг. Түүнээс өмнө нийгэм, эдийн засгийн шаардлага гарч байсан нь ийнхүү шинэ үсгийг зохиоход хүргэжээ. Крилл үсгийн одоогийн ашиглагдаж байгаа дүрэм 1984 онд хэвлэгдэж гарсан Ц.Дамдинсүрэнгийн дүрмэнд суурьлагддаг. Тэгвэл энэ дүрэм олон маргаан дагуулснаас үүдэж дахин дүрмийг шинэчлэхэд хүргэсэн юм.

Иргэдийг будилуулж, бухимдуулж байгаа асуудал бол 1984 оноос хойш крилл үсгийн дүрэм олон удаа солигдсоноос зөв бичих байдал алдагдсан.

Тиймээс өдгөө Төрийн хэлний зөвлөлөөс шийдвэр гаргаж крилл бичгийг нэг дүрмэнд нэгтгэхээр болж  МУИС-ын багш нараас бүрдсэн баг ажиллаж байгаа. Тэдний хэлж байгаагаар крилл үсгэнд ь, ъ, й, щ гэсэн дөрвөн үсэг хасагдаж байгаа. Гэхдээ “ь” тэмдэг орсон үг мөн “й” орсон үгийг “и” үсгээр орлуулж бичих аж. Учир нь энэ үсгүүдээс үүдэлтэйгээр зөв бичгийн дүрэм алдагдаж иргэд эргэлзэхэд хүрдэг, нөгөө талаар иргэд зөв бичихэд хялбар болно гэж судалгааны багийнхан  үзжээ.

1990 оноос хойш нэг үгийг олон янзаар бичих болсноос маргаан эхэлсэн. Тиймээс одоогоос хоёр жилийн өмнөөс гол маргаан дагуулдаг 700 -аад үгийг нэг тийш нь болгож журамласан аж. Энэхүү 700 үг дээр нэмэх 200 гадаад үг 34 орчуулгын үг байдаг аж. Мэргэжлийн комисс томилогдоод энэ үгийг төрийн хэлний зөвлөлийн тогтоолоор батлаад хэрэглээнд оруулсан байдаг юм байна. Гэвч энэ үгүүдийг иргэдэд хүргэж чадаагүйгээс болж мөн л дахин маргаан дагуулсаар байгаа юм.

Хэл шинчлэлийнхний хэлж байгаагаар дээрх үгэнд зайлшгүй журамлах ёстой 20 гаруй л үг байдаг. Харин журамласан гэгддэг үгнүүд дунд журамлах шаардлагагүй үг багтсан байдаг нь ч нэг талын шүүмжлэл дагуулсаар ирсэн аж. Өөрөөр хэлбэл элт буруу бичсэн зүйлийг зөв болгож байна гэж журамлах шаардлагагүй гэж үзсэн юм байна. Тухайлбал тэнгис, тингис гэдэг бичигдлийн тэнгис гэдэг нь зөв. Аварга, аврага гэдэг үгийн аварга гэдэг нь зөв гэх мэтчилэн 300 гаруй үг журамлажээ.

Харин шавьж гэдэг үгийг шавж болгосон. Энэ нь Цэвэл гуайн толинд Шавжи гэж монгол бичгээр бичдэг учраас үгийн үндсийг нь харж шавж болгосон аж.

Мөн гадаад үгнээс гаралтай монголшсон үгүүдийг монгол хэлний зүй тогтолд оруулаад журамлавал зүйтэй гэдэг санал санаачлагыг хэл шинчлэлийн мэргэжилтнүүд ярьж байгаа. Тухайлбал трактор гэдэг үгийг ярианы хэлэнд трактар гэж ярьдаг. Тиймээс трактар гэж бичих нь журам гаргавал зүйд нийцнэ хэмээн санал гарлаа.

Энэ мэт крилл үсгийг тойрсон маргаан дуусахгүй. Тиймээс мэргэжлийн судалгааны баг ажиллаж байга крилл үсгийн шинэ дүрэм 2014 оны нэгдүгээр сарын 1-ээс эхэлж хэрэглээнд гарна гэж тооцоолж байгаа аж. Тиймээс ирэх оноос шинэ дүрмийн дагуу бичдэг болох юм байна. Харин үүнд дасахын тулд иргэн бүр монгол хэлний шинэ гарч буй толь ашиглаж хэвших хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Дашрамд дурдахад өмнө нь монгол хэлний 100 гаруй дүрэм хэрэглэж байсан. Харин энэ дүрмээс гээгдэх эгшгийн, заримдаг гийгүүлэгчийн дүрэм гээд багагүй дүрэм хасагдаж байгаа юм

Дашрамд дурдахад дэлхий дээр өөрийн бичиг үсэгтэй 10  үндэстэн байдаг юм байна.

Г.Эгшиг


URL:

Сэтгэгдэл бичих