“70 мянгыг шүүлтүүртэй олгосноор багшид өгөх авилгал нэмэгдэх талтай”

cce9e1196fa8c01dbigТөсвийн байнгын хороо мягмар гаригийн хуралдаанаараа Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн билээ.

Заасан шаардлагыг ханган өдрийн ангид суралцаж байгаа суралцагчдын сурлагын амжилтыг нь харгалзан суралцах хугацаанд нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш сар бүр үндэсний тэтгэлгийг олгохоор болсон билээ.

Энэ талаар МОХ-ны хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга А.Азжаргалаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Оюутнуудад өгөх тэтгэлэгийн хэмжээг өөрчлөх талаар МОХ-оос ямар байр суурьтай байна?

-Сар бүр олгодог 70 мянган төгрөгний тэтгэлгийг цаашид буюу 2014 ондоо ч өгч байхыг бид хүсэж байгаа.  Бид УИХ-ын нийт гишүүдэд энэхүү шийдвэрийг өөрчлөхгүй байх хүсэлтээ албан ёсоор явуулсан байгаа.  Тэдний талаас илүү хувь нь бидний хүсэлтийг хүлээж авч байгаагаа илэрхийлж хариу ирүүлсэн байгаа.

-Төсвийн байнгын хорооноос оюутны сар бүрийн тэтгэлгийг тухайн оюутны сурлагын дүнгээс хамаарч өгөх шийдвэрийг гаргасан байгаа. Оюутны сурлагыг харгалзан 70 мянгыг олгох талаарх таны байр суурийг сонсвол?

-Үүнд ч бид санал нийлэхгүй байгаа. Анхнаасаа бүгдэнд нь өгнө гэсэн л бол өгөх хэрэгтэй. Хэрэв оюутнуудыг дүн, сурлагаар нь ялгаварлан тэтгэлэг олговол дүнгээ ахиулах гэсэн оюутнууд багшид авилгал өгөх зэрэг сөрөг үр дагавар гарах талтай.

-МОХ-оос энэ онд оюутнуудад чиглэсэн ямар ажлууд хийгдэв?
-Манай холбоо энэ жил нэлээд хэдэн ажил хийлээ. Үүнээс дурдвал, нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны тоог 96 мянга байсныг 113 мянга болгосон, хөдөө орон нутгийн оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд хамруулсан, Оюутан-Цэрэг хөтөлбөрийг боловсруулсан, нийт оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан гээд үр бүтээлтэй олон ажлыг хийж гүйцэтгэлээ. Цаашид ч хийх зүйлс их байна.

Харин тэтгэлгийг оюутны сурлагаар нь харгалзан өгөх тухай зарим оюутнуудаас тодруулсан юм.

Оюутан н.Хүсэл:
-Тэтгэлэг өгөх бол бүгдэд нь өгч, онц сурсанд нь нэмж өгөх хэрэгтэй шүү дээ. Анх амлахдаа бүгдэд өгнө гэсэн хэрнээ одоо үүнийгээ өөрчилж болохгүй гэж бодож байна.

Оюутан Ч.Ган:
- Ар гэрийн боломж муу, хэрэгтэй номоо ч авах боломжгүй оюутан байж болно шүү дээ. Сар бүрийн тэтгэлгийг бүгдэд нь өгөх хэрэгтэй. Би бол хичээл номондоо л зарцуулдаг.

Иргэн Б.Хүрлээ:
-Сайн суралцаж байгаа оюутнуудад л өгөх хэрэгтэй. Ингэж хэмнэж шаардлагатай байгаа эмнэлэг, сургууль цэцэрлэг барих хэрэгтэй. Зарим оюутнууд энэхүү мөнгөөр архи дарс ууж, үүнийгээ дагаад гэмт хэрэгт ч орох нь ихэссэн мэт санагддаг.

Б.Сондор /Монголын мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих