Ширнэн буюу Билгийн чанадад хүрсэн зүрхэн судар
Бурхан багш хурц ухаант шавь нартаа “Би үгүй”-н талаар буюу хоосон чанарын тухай айлдсан 12 боть Бум нэртэй судар байдаг. Тэрхүү судрын эмхэтгэл хураангуй нь Нити нэртэй 2 боть судар юм. Түүний хураангуй нь Жадамба хэмээх судар юм. Түүний хураангуй нь энэхүү Ширнэн нэрт судар юм.
Хутагт 3 эрдэнэд мөргөе
Ийнхүү намайг сонсох тэр үед, Бурхан багш Хааны харш, Тас цогцолсон ууланд гэлэнгийн их хувраг болон бодь сэтгэлт их хуврагуудтай хамт оршин байв. Тэр үед бурхан багш “Гүн үзэгдэл” нэрт номын тоот самадид тэгш оршин байв. Мөн тэр үед бодь сэтгэлт махасадва хутагт Жанрайсиг билгийн чанадад хүрсэн гүн явдлыг сайтар шинжлээд 5 цогцосууд ч мөн чанартаа хоосон хэмээн үзжээ.
Тэгэхэд бурханы хүчээр насан төгс Шаарийн хөвгүүн бээр бодь сэтгэлт махасадва Жанрайсиг-т ийнхүү өгүүлэв: Билгийн чанадад хүрсэн гүн явдлаар явахыг хүссэн язгууртны хүү юмуу язгууртны охид нар хэрхэн суралцах вэ? хэмээн өгүүлэхэд, бодь сэтгэлт махасадва хутагт Жанрайсиг насан төгс Шаарийн хөвгүүнд ингэж өгүүлэв. Шаарийн хөвгүүн! Билгийн чанадад хүрсэн гүн явдлаар явахыг хүсэгч язгууртны хүү, язгууртны охид нар ийнхүү ухаарах хэрэгтэй. 5 цогцосууд мөн чанараараа хоосон гэдгийг үнэхээр ухаар.
Дүрс хоосон юм. Хоосон чанар нь дүрс юм. Дүрсээс өөр хоосон чанар гэж үгүй. Хоосон чанараас ч өөр дүрс гэж үгүй юм. Түүнчлэн мэдрэхүй, хуран мэдэл, хуран үүдэл, тийн мэдлүүд ч хоосон юм.
Шаарийн хүү! Түүнийг ухаарвал юмс бүгд хоосон чанартай бөгөөд бэлгэ чанар үгүй, эс төрөх, эс хаах, хир үгүй, хирээс хагацсан үгүй, хоосрох үгүй, дүүрэх үгүй юм. Шаарийн хүү! Үүнтэй адилаар хоосон чанарт дүрс үгүй, мэдрэхүй үгүй, хуран мэдэл үгүй, хуран үүдэл үгүй, тийн мэдэл үгүй, нүд үгүй, хамар үгүй, чих үгүй, хэл үгүй, бие үгүй, сэтгэл үгүй, дүрс үгүй, дуу үгүй, үнэр үгүй, амт үгүй, хүрэлцэхүй үгүй, юмс үгүй юм.
Нүдний орон үгүйгээс сэтгэлийн орон үгүй. Сэтгэлийн тийн мэдлийн орон хүртэл мөн үгүй. Мунхаг үгүй, мунхагыг барах үгүйгээс өтлөхүй, үхэхүй үгүй. Өтлөхүй, үхэхүйг барагдах хүртэл мөн үгүй юм. Түүнчлэн зовлон, бүхэн гарах, хорихуй, мөр үгүй. Билиг билгүүн үгүй, олох үгүй, эс олох нь ч үгүй.
Шаарийн хүү! Түүнийг ухаарвал бодьсадва нарт олох нь үгүй тул билгийн чанадад хүрсэн гүн үүнд шүтэж оршвол сэтгэл түүтгэр үгүй бөгөөд айдас үгүй болой. Буруушаахаас машид ангижирч нирвааны эцэст хүрэх юм.
Гурван цагт илт орших бурхан бүгд ч билгийн чанадад хүрсэн гүн үүнийг шүтэн ханьцашгүй тарни, чацуу бус ба чацуу тарни, зовлон бүхнийг машид амирлуулах тарни, худал бус үнэн гэж мэдэх бөгөөд билгийн чанадад хүрсэн тарнийг өгүүлвэл: Дадъяата ум гадэ гадэ бара гадэ бара-сан гадэ боди суухаа.
Шаарийн хөвгүүн! Бодь сэтгэл ихтүүд ийнхүү билгийн чанадад хүрсэн гүнд суралцан үйлд. Тэгтэл бурхан багш самадигаасаа босон: бодь сэтгэлт махасадва хутагт Жанрайсиг-ийг сайн хэмээн магтан “ Сайн сайн, язгууртны хүү тийм болой”. Түүнчлэн таны хэрхэн заасанчлан билгийн чанадад хүрсэн гүн явдлаар явбал бурхан бүгд ч даган баясах болно.
Бурхан багшийг ийнхүү айлдахад насан төгс Шаарийн хөвгүүн, бодь сэтгэлт махасадва хутагт Жанрайсиг болон тойрон хүрээлсэн тэнгэр, хүн, асурь, үнэр идэгч тэргүүтэй бүгд баясан, бурхан багшийн номлолыг магтан сайшаав.
URL:











