Их хаанаар гоёх хийрхэл
Хэнтий аймгийн төв Өндөрхааныг Чингис хот болгох юм гэнэ. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаад л сумаа хот болгочихдог болсон юм бол Монгол Улс Үндсэн хуультай байхын хэрэг байгаа юм уу. Аль эсвэл зөвхөн Өндөрхаан хэмээх намхан суурингийн нэрийг Чингис хаан хот болгохын тулд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчлөх болж байна уу. Хуучин нийгмийн үед улс орны эдийн засаг, нийгэм, соёлын амьдралд онцгой үүрэг гүйцэтгэж байсан Дархан, Эрдэнэтийг хот биш аймаг болгож орхисноор эдгээр хот хөгжихөө ч, өсч тэлэхээ ч больсон. Орос ах нарын хүчээр гайгүй хот маягтай болсон Чойбалсанг бүр сум болгож статусыг нь огцом бууруулж, оршин суугчдыг нь сэтгэл зүйн доройтолд оруулснаар сумын хөгжил өдөр хоногоор саарсаар ирсэн.
Багануур гэж оросууд ихэмсгээр алхалсан орчин үеийн сайхан цэмцгэр хот байсныг нийслэлийн нэгэн дүүрэг болгосноор юу боллоо. Оросуудын сууж байсан байшин хороолол балгас болж, одоо ч үлдэгдэл нь аймшгийн киноны зураг авахад л хэрэг болж мэдэхээс өөрөөр хэн ч ашиглах аргагүй туурь үлдээд сэрийж харагддаг. Монгол Улс өдгөө Улаанбаатар гэдэг ганцхан хоттой. Олон хоттой, бүсийн төв болгоныг хот болгож хөгжил өөд хүлгийн жолоо залах шаардлага тулгамдаад буй. Гэхдээ Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шиг хэдүүлхнээ сууж хуралдаад л аймгийн төвөө хот болгоё гэсэн шийдвэр гаргаад, хүссэн нэрээ өгөөд байх нь хууль, журамд нийцэхгүй л болов уу. Магадгүй хурлын төлөөлөгчид ирээдүйд Үндсэн хуулийг өөрчилж, улс маань олон хоттой болох гарц нээгдвэл аймгийн төвийнхөө нэрийг Чингис болгоё гэсэн байж болох юм. Нэг талаар үүнийг алсыг харсан бодол, үйлдэл гэж хэлэх ч нөгөө талаар шүүмжлэх өнцөг байна.
Нэр мундсан биш харснаа, санаснаа Чингис хаан гэж нэрлэдгээ болих цаг болсон бус уу. Нэг үе хуушуурын гуанз хүртэл “Чингис” нэртэй байсныг сүүлд баталсан хуулиар болиулсан нь сайн хэрэг. Гэтэл одоо ч өнгөрснөө санагалзах, түүхээрээ хоосон бардамнах, улирсныг улиг болтол эргэн ярьж ирээдүйгээсээ хомслох нь хэр зохистой, хэр зөв хараа юм бэ. Тэгээд ч сүүлийн үед монголчууд их хааныхаа нэрийг хэтэрхий гэмээр гамгүй хэрэглэж байна. Бусдаас гуйж авсан зээл өрийн бичгээ хүртэл “Чингис хаан” хэмээн өхөөрдөж байгаа. Хэдэн жилийн дараа зээлээ төлж дийлэхгүй ядрахаараа яах юм бол. Харааж эхлэх байх даа. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нэртэй долоон нөхөр хуралдаж гар өргөөд жанжин Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгочиход нь их жанжны үйл хэрэгт хүндэтгэлтэй ханддаг олон түмэн ихэд эгдүүцэж хүлээж авсан. “За за, эх орны маань нийслэл дэх төв талбай шүү дээ, Чингисийнх байж яагаад болохгүй гэж” хэмээн ярилцсанаар тэгсгээд намжсан. Ардын намынхан хурал зарлаж, эсэргүүцэл илэрхийлсэн. Монголын түүхийн мандан бадрал, тэмцэл ялалтын түүхийн нэгээхэн хэсгийг ул мөргүй арчих сонирхол АН-ынханд байна, болимоор юм гэж хэдэн удаагийн хурал, телевизийн нэвтрүүлгээр эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгээд нэмэр болоогүй. Одоо хэн хүнгүй нийслэлийн төв талбайгаа Чингисийнх гэж нэрлэж сурахаар мэрийж байна. Энэ байж болох сүүлчийн шийдвэр мэт санагдаж байлаа. Гэтэл аймгийн төвийнхөө нэрийг солихдоо бас Эзэн хааныхаа нэрийг “хайрлах” юм гэнэ.
Өндөрхааны нэр нь муудаад байсан юм байна л даа. Тийм учраас шоовдор хүүхэд шиг шог, аль хэдийний, 1959 онд нэгдэл байгуулах үеийн гэмээр төрх, өнгө үзэмж муутай хэвээр нь байлгаад байсан юм байх. Тэмүүжингийн хүй цөглөсөн нутаг, Их Монгол Улсаа байгуулж, Чингис алдартай болсон түүхэн газар шороо, домогт Дэлүүн болдог, алдарт Гурван нуур гээд Монголын түүхийн аль cop болсон шигтгээ энэ аймагт хамаатай. Түүх, угсаа, удам, өв, соёлын охь дээж болгонд хэдэн зуун, арван жилээр эзэн сууж байхдаа тус аймгийнхан төв Өндөрхаан нь олиггүй нэртэйгээс болоод хөгжүүлэхгүй, хөгжүүлэхийн төлөө санаа тавихгүй байсаар ирсэн юм байх даа. Үнэндээ Өндөрхааныг аймгийн төв гэхэд хэцүү. Дорнодын Баяндун сумын хэрийн л суурин юм билээ. Их хааны нэр өглөө гээд хэзээ, хэр хугацаанд яаж өөд нь татаж, дэлхийн энд нэр нь түгэх том хот болгох юм бол гэдэг нь ойлгомжгүй. Энүүхэндээ гэхэд энэ жижигхэн сууринд Чингис хаан гэдэг нэр ахадна, хүндэднэ. Юм болгоныг их хааны нэрээр нэрлэж хийрхдэгээ больё. Уул ус, газар нутгийн онцлогийг илтгэх, эс бөгөөс алс ирээдүйд хөтөлсөн гоё нэр мундахгүй. Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид арай сийрэг ухаанаар дахин нэг бодож, дахин нэг хуралдвал яасан юм бол. Эс бөгөөс нэрээр нь наадаж буй биднээс их хаан зугтаж мэдэх нь.

URL:









