Мадонна хамгийн үнэтэй дуучдын жагсаалтыг тэргүүлжээ

Мадонна хамгийн үнэтэй дуучдын жагсаалтыг тэргүүлжээ

Жил бүрийн хамгийн үнэтэй дуучдын жагсаалтыг гаргадаг Америкийн “Форбес” сэтгүүл энэ оны жагсаалтыг өчигдөр танилцууллаа.

Энэхүү жагсаалтыг 55 настай поп од Мадонна тэргүүлсэн бөгөөд тэрээр өнгөрсөн оны зургадугаар сараас энэ жилийн мөн сарын хугацаанд 125 сая ам.долларын орлого олжээ. Түүний нэрийн үнэртэй ус, чамин загварын хувцаснууд мөн “MDNA” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолт хийсэн нь ийм орлого оруулжээ.

Тус жагсаалтын хоёрдугаарт 27 настай Леди Гага орсон бөгөөд энэ жил 80 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Тэрбээр гэмтлийн улмаас энэ жилийн эхэнд дэлхийг тойрох аялан тоглолтоо цуцалсан ч орлогоороо дээгүүр жагссан байна. Эс тэгвээс ашиг орлогоороо тэргүүлэх магадлал өндөр байсан гэдгийг “Форбес” онцолж байгаа юм.

Удаах байруудад рок дуучин Жон Бон Жоби 79 сая ам.доллар, кантри дуучин Тоби Кит 65 сая ам.доллар, Британийн рок хамтлаг “Колдплей” 64 сая  ам.долларын орлогоороо жагссан байна.

Ихэнх дуучдын орлого зөвхөн аялан тоглолт хийснээр өсдөггүй гэдгийг “Форбес” онцолсон юм. Жишээлбэл, кантри дуучин Тоби Кит дуу бичлэгийн студиэс гадна сүлжээ зоогийн газар ажиллуулдаг аж.



Х.Шинээ /gogo.mn/


URL:

Сэтгэгдэл бичих