Н.Удвал сайд “Гал унтраагаад” алга болжээ

847b255fece2d6a4originalГССҮТ-д үүссэн захирлын асуудал даамжирч, эмч, сувилагчгүй халагдах тушаалаа өгөн, түрүүчээсээ явж эхлэх үед салбарын сайд нь сая нэг анхаарсан. Тус эмнэлгийн захирлаар түүний томилсон Ц.Энхбаярыг эмч, ажилчид эсэргүүцэн, нэг бус удаа салбарын сайддаа хандсан ч Н.Удвал төдийлөн анхаарал хандуулаагүй юм. Гэтэл энэ хооронд өнөөх шинэхэн дарга өөрийг нь эсэргүүцсэн хүмүүсийг ажлаас халагдах тушаалд нь үзэглэн, явуулж эхэлсэн байдаг. Үүнд тус эмнэлгийн гол ажлыг нугалдаг эмчилгээ эрхэлсэн орлогч даргаас өгсүүлээд тасгийн дарга нарын халагдах тушаалыг гарган, явуулсан юм. Энэ явдал өнгөрсөн сарын эхээр эхэлсэн.

Энэ хугацаанд дарга нь явахгүй гэж гүрийн, сайд нь шийдвэрээсээ буцахгүй гэж гэдийсээр найман ч эмч ажлаа өгсөн юм. Ийнхүү салбарын сайддаа үл тоогдсон эмч нар төлөвлөгөөт хагалгаа болон эмчилгээнээс бусад ажлаас татгалзан, багахан хэмжээний ажил хаялт зарласан нь сайдын анхааралд хүрсэн. Байдал ийм дээрээ тулсан хойно буюу өнгөрөгч аравдугаар сарын 31-нд Н.Удвал сайд өөрийн биеэр ГССҮТ-д хүрэлцэн очиж, зөвлөлөө цуглуулан өдөржин хуралдсаны эцэст өөрийн гаргасан томилгоогоо цуцлан, Ц.Энхбаярыг үүрэг гүйцэтгэгчээр тавьж, дахин дарга томилохоор болсон.

Энэ бол ГССҮТ-ийн эмч нартай хийсэн хоорондын зөвшилцөл. Өөрөөр хэлбэл, тус эмнэлгийн эмч нарын тавьсан бүх шаардлагыг Н.Удвал сайд зөвшөөрсөн гэсэн үг. Тэдний эл харилцан ойлголцолд багтсан нэг асуудал нь Ц.Энхбаярын үзэглэснээр ажлаас халагдсан эмч нарыг эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилох байсан юм. Гэтэл дээр дурдагсан бүх яриа хэлэлцээр ажил болохгүй байсаар дахин сар гаруй хугацааг үдээд байна.

Тодруулбал, Ц.Энхбаярын оронд өөр хүн томилох асуудал сайдын толгойноос арчигдсанаас гадна халагдсан эмч нар ажилдаа эргэж орохоо хүлээсээр бүтэн хоёр сарын нүүрийг үзэх гэж буй нь энэ. Ц.Энхбаяр эдгээр хүмүүсийг ажилд нь авах нь бүү хэл, үүрэг гүйцэтгэгч болсныхоо дараа ч гаднаас нэмж хүн аван, эмч ажилчдын дургүйг хүргээд байгаа аж.

Гэтэл ГССҮТ-ийн эх сурвалжийн хэлж буйгаар түүний ажилд авсан хүмүүс нь өнгөрсөн онд сургууль төгссөн болон задлангийн эмч нар байгаагаас гадна Засгийн газрын “11 11” төвд ажиллаж байсан хүн хүртэл ГССҮТ-д ирчихээд байгаа гэнэ. Гэтэл халагдсан найман эмчийг дурдвал эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Нямхүү, Бичил мэс заслын тасгийн эрхлэгч Г.Бүргэдээ, сургалт эрдэм шижилгээ хариуцсан дэд захирал, эмч Р.Шагдарсүрэн, яаралтай түргэн тусламж хариуцсан дэд захирал Р.Энхсайхан, стратеги хариуцсан дэд захирал Ж.Батмагнай, насанд хүрэгчдийн гэмтлийн зөвлөх эмч Д.Жаргалсайхан нарын олон жил ажилласан, туршлагатай эмч нар өдгөө ажилдаа хэзээ орох нь тодорхойгүй байгаа юм. Н.Удвал сайд ГССҮТ-ийнхөнтэй зөвшилцсөнөөс хойш дээрх эмч нарын төлөөлөл ажилдаа орох хүсэлтээ илэрхийлэн, хоёр ч удаа Ц.Энхбаяр даргад хандсан ч тэрбээр “хүлээж бай” гэхээс өөрийг хэлэхгүй байсаар өдий хүрч байгаа аж.

Гэсэн атлаа эл эмч нарын оронд туршлагагүй, мэргэжлийн бус хүн авчирч тавьсныг эмч, ажилчид мөн л эсэргүүцээд байгаа юм байна. Ц.Энхбаярын ийнхүү ажилд авсан хүмүүс нь ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяагийн ойр дотнын хүмүүс гэдгийг эмч нар хэлж байгаа юм. Ийнхүү Н.Удвал сайдын томилгооны хүмүүс нийтийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гаргаж байгаад дургүйцэн, уг асуудлаараа дахин сайдад хандсан байна.

Тэдний эл хүсэлтэд яамнаас хариу илүүлэхдээ “Хуучин ажиллаж байсан хүмүүсийг буцааж авна” гэсэн хариуг л өгсөн байна. Гэсэн ч үүнээс хойш арваад хоног өнгөрч байхад тэдний ам ажил зөрсөөр байгаа нь сайд гал унтраах төдий ажил хийсэн байна гэх харыг ч төрүүлээд байгаа аж. Ямартаа ч салбарын сайдын томилгооноос үүдэлтэй маргааны улмаас ажилгүй болоод буй зөвлөх эмч нар ажилгүй байсаар хоёр сарын нүүр үзэж байна.

М.ӨНӨРЖАРГАЛ

URL:

Сэтгэгдэл бичих