Газар хөдлөлт Японд шинэ арлыг үүсгэв
ТОКИО. /АП/. Токио хотоос урагш далайд галт уул дэлбэрснээр шинэ арлыг бий болгосон гэж Японы эргийн хамгаалалт болон газар хөдлөлт судлаачид мэдэгдлээ.
Диаметрийн хэмжээ нь 200 м уг жижиг арал нь Нишиношима эргээс урагш байрлах бөгөөд хүн оршин суудаггүй Огасаварагийн гинжин арлуудын орчимд үүссэн гэж эргийн хамгаалалтын газар болон Японы цаг уурын агентлаг мэдэгдсэн байна. Уг арлуудын Бонин ч гэж нэрлэх нь бий.
Бонины 30 орчим арал нь Токиогоос урагш 1000 орчим км зайтай усанд байрладаг юм. Японы орчмын нутаг дэвсгэр нь Номхон далайн газар хөдлөлийн идэвхтэй “Галын цагираг” бүсэд оршдог билээ.
Уг арлыг галт уулын дэлбэрэлтээр буцаж алга болох эсвэл арал болон тогтох магадлалтай гэж Японы галт уул судлаач үзэж байна.
Энэ галт уул өмнө нь 1970-аад онд идэвхжсэн бөгөөд ихэнхдээ далай дор идэвхждэг байжээ.
Хэдий жижиг боловч шинэ газар нутаг үүссэн мэдээг сонссон Японы засгийн газрын албан ёсны төлөөлөгч Ёшида Сүга “Өмнө нь ийм үйл явдал тохиолддог байсан. Шинээр үүссэн арлууд алга болох нь бий тул одоогоор нэрлэхийг яарахгүй байна. Арал тогтсон тохиолдолд манай улсын нутаг дэвсгэр өргөжих тул бид баяртай л байх болно” мэдэгдсэн байна.
Япон улсын ус нь хэдэн мянган жижиг арлыг өөртөө багтаасан байдаг.
Л.Урангуа МОНЦАМЭ
URL:













