М.Зоригт: Зөв талдаа хүрдтэй машины үнийг татвараар зохицуулж болно

УИХ-ын гишүүн М.Зоригт буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг тодорхой хугацааны дараа хилээр оруулахгүй байх тухай хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн бариад буй.
Түүнтэй уг хуулийн төслийн талаар ярилцахаар “Ярилцах танхим”-даа урилаа.
-Буруу талдаа жолооны хүрдтэй машин оруулж ирэхийг хориглох тухай хуулийн төслийг өргөн барьснаас хойш хэвлэл мэдээллийнхэн болон иргэд олон янзын байр суурь илэрхийлж байна. Ер нь буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хязгаарлах нь манай нөхцөлд хэр оновчтой юм бэ?
-Хэвлэл, мэдээллийн байгууллагууд аливаа зүйлийг мэдээлэх ёстой. Харин ингэж болно, тэгж болохгүй гэх мэтээр өөрийн байр суурь илэрхийлдэг байгууллага биш шүү дээ. Монгол Улсын иргэн учраас байр сууриа илэрхийлж байж болох юм. Саяхан телевизийн сэтгүүлч залуу “Би энэ хуулийн төслийг дэмжихгүй байна” гээд надаас яриа авч байна билээ.
Бодвол өөрөө буруу талдаа жолооны хүрдтэй машинтай байх. Эсвэл сенсаци дэгдээх гэж тэгж байж мэдэх юм. Ер нь монголчууд урагшаа, томоор харж амьдрах ёстой гэж би боддог.
Бид өнөөдөр машины жолооны хүрд зөв талдаа байна уу, буруу талдаа байна уу гэдгийг энгийн л нэг зүйл гэж ойлгосоор ирсэн байна.
Гэхдээ Монгол Улс олон улсын интеграцчилал, олон улсын эдийн засгийн нээлттэй бодлого, арилжаа худалдаа, дэлхий нийтийн харилцаанд ямар үүрэг хариуцлагатай оролцох юм бэ, юугаа үнэлж, юунаасаа орлого олж амьдрах юм бэ гэдгээ алхам тутамдаа бодож байх хэрэгтэй.
Өнөөдөр бидний жижиг мэтээр бодож буй энэ асуудал Ази Европыг холбосон томоохон замыг Монголоор нэвтрүүлэн өнгөрүүлэх том бодлогын нэг хэсэг шүү дээ. Тэр том бодлого нэг жижигхэн боолтноос болоод унаж болохгүй. Ингэж л томоор хармаар байна.
-Нөгөө талаар иргэдийн аюулгүй байдлыг хангах шаардлага байгаа байх. Тийм үү?
-Мэдээж. Бид эрх зүйт ардчилсан нийгэм байгуулж байна. Өнөөдөр Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуульд зааснаар энх тунх, эрүүл, осол аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Тэр эрхийг нь төр баталгаажуулах үүрэгтэй.
Монгол Улс замын хөдөлгөөнд баруун гарын дүрмийг баримтлах хуулийн зохицуулалттай. Гэтэл суудлын автомашиных нь жолооны хүрд буруу талдаа гарчихаад байгаа нь бидний эрх зүйт, хуулиа дээдэлсэн, ном журмаараа цэгцтэй явъя гэсэн бодлоготой зөрчилдөж байгаа. Тийм учраас юмыг жижиг гэлтгүй л засах ёстой. Бид үнэхээр аюул осолгүй замын хөдөлгөөнд оролцъё гэвэл заавал энэ асуудлыг шийдэх ёстой.
Буруу талдаа жолооны хүрдтэй машинтай хүн урд талынхаа машиныг гүйцэж түрүүлэхэд ямар хүндрэл гардаг билээ. Зам дээр зогсоод хүн авах гэхээр нөгөө хүнээ машинд мөргүүлчихгүй аль талаас нь суулгах билээ, эсвэл нэг газар хүн буулгахад яах билээ гээд асуудал гардаг. Шөнө үдшийн цагаар замын хөдөлгөөнд оролцоход буруу талдаа хүрдтэй машины гэрэл эсрэг талаас ирж байгаа машины жолоочид асар их хүндрэл учруулдаг. Энэ мэтчилэн болохгүй гэдэг талаас нь олон зүйлийг ярьж болно.
Нөгөө талаас Монголын нийгэмд иргэнээ нэгдүгээрт тавьдаг. Энэ олон буруу талдаа хүрдтэй автомашины эзэд нь монголчууд өөрсдөө. Хэрвээ УИХ, УИХ-ын гишүүн Зоригт нэг хууль санаачлаад, түүгээрээ дамжуулаад иргэдийнхээ эрх ашгийг хөндөөд байвал өөр асуудал. Тэгж хэрхэвч болохгүй. Өнөөдөр зарим нэгэн байгууллага, эсвэл хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ асуудлыг санаатайгаар гуйвуулан тайлбарлаж байгаа нь магадгүй цаанаа өөр бодлоготой байх.
-Иргэдийн хувьд буруу талдаа жолооны хүрдтэй машинтай бол замын хөдөлгөөнд огт оролцож болохгүй юм байна гэж ойлгоод байх шиг?
-Би энд нэг л зүйлийг дахин дахин хэлмээр байгаа юм. Энэ хуулийн гол санаа бол өнөөдөр буруу талдаа хүрдтэй автомашин эзэмшиж байгаа, эсвэл хууль хэрэгжиж эхлэнэ гэж заасан 2015 оны нэгдүгээр сараас өмнө автомашин авсан иргэдэд ямар нэг нөлөө үзүүлэхгүй байх гэдэг.
Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр буруу талдаа хүрдтэй автомашин унахыг хориглосон тухай нэг ч заалт байхгүй. Хэрвээ та өнөөдөр буруу талдаа хүрдтэй машин унаж байгаа бол цаашид 40, 50 жил ч унаж болно. Үүнийг нь хэзээ ч хорихгүй. Аливаа асуудлыг огцом шийдэх юм бол иргэн ямар нэгэн байдлаар заавал хохирдог.
Тиймээс ч иргэн хохирохгүй байхаар бодож хуулийн төсөл боловсруулсан. Хуулийн төсөлд 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш Монгол Улсад буруу талдаа жолооны хүрдтэй автомашин оруулахыг хориглоно гэсэн ийм л зүйл заалт байгаа. Үүнээс хойш хилээр энэ төрлийн автомашиныг оруулахгүй байвал асуудал аяндаа зохицуулалтад орно гэсэн үг.
-Засгийн газар болон УИХ хуулийн төслийн талаар саналаа хэлж байгаа юу?
-Би энэ хуулийн төсөл дээр Засгийн газраас санал авах гээд оруулчихсан байгаа. Засгийн газрын гишүүд янз бүрийн байр суурьтай байгаа юм байна. Иргэдийн хувьд ч гэсэн харилцан адилгүй байр суурьтай байгаа нь мэдээж.
Би хуулийн төслийг өргөн барьсан талаараа анх нийгмийн харилцааны цахим хуудас фейсбүүк, твиттерээр дамжуулаад мэдэгдсэн. Үүгээр дамжуулаад надад маш олон бүр хэдэн мянгаар яригдах санал ирсэн. Анх “Дэмжихгүй байна” гэсэн хүн олон байсан. Яах вэ эхэндээ энэ асуудлыг цочир хүлээж авсан байх. Гэхдээ яваандаа хууль баталснаар буруу талдаа хүрдтэй автомашиныг шууд хорьчихгүй юм байна гэдгийг ойлгоод “Ер нь зөв. Бид иймэрхүү зүйлийг хүлээж авч чаддаг байх ёстой” гэсэн байр суурь илэрхийлэх болсон.
УИХ-ын гишүүд ч гэсэн одооноос саналаа хэлж байгаа. Энэ хуулийн төслийг би санаачилсан боловч эцсийн эцэст 76 гишүүн санал бодлоо хэлж, батлах эсэхийг шийднэ.
-Иргэд зөв, буруу гэж байр сууриа илэрхийлэхээс гадна өөр ямар нэгэн санал хэлж байна уу?
-Иргэдийн зүгээс олон санал ирж байгаа. Тухайлбал, “Хуулийг 2015 оноос хэрэгжүүлж эхлэхээр тө¬лөвлөж байгаа юм байна. Энэ хугацаа ойр биш үү. 2016 эсвэл 2017 оноос хэрэгжүүлж болохгүй юу” гэсэн са¬нал маш их ирж байгаа. Ямартай ч ийм асуудал байна, үүнийг шийдэх ёстой гэдэг сэдлийг би гаргасан. “Саналаа илгээнэ үү” гээд Засгийн газарт бичгээ явуулчихсан.
Засгийн газар бүх яамныхаа саналыг авдаг. Тэрийгээ нэгтгээд явж байх шиг байна. Үүний дараа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд албан ёсны саналаа хэлэх байх.
-Буруу талдаа жолооны хүрдтэй автомашины хэрэглээг хязгаарлах асуудал өмнө нь ч яригдаж байсан. Одоо хуулийн төсөл батлаад, хэрэгжүүлээд явах магадлал нь хэр өндөр байгаа бол?
-Өмнө нь гол төлөв замын хөдөлгөөн оруулах, оруулахгүй талаар ярьдаг байсан. Ер нь бол замын хөдөлгөөнд оруулахгүй бай, хязгаарлах талаас нь ярьдаг байж. Харин би өнөөдөр замын хөдөлгөөнд оруулах, оруулахгүй байх талаар юу ч яриагүй. Зөвхөн Монгол Улсын хилээр тодорхой хугацааны дараагаас оруулахгүй болж эхлэх асуудлыг тусгасан.
Одоогийн байдлаар Монгол Улсад замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудын 70 орчим хувь нь буруу талдаа хүрдтэй байна. Хэрвээ үүнийг зогсоохгүй бол хоёр жилийн дараа 100 хувь руу дөхөөд ирэхийг үгүйсгэхгүй. Ингэж л шийдэхгүй бол болохоо байчихлаа гэдгийг л сэрэмжлүүлж байгаа юм. Ямар ч байсан энэ талаар хамтын шийдвэр гаргаж, УИХ-аар хэлэлцэнэ.
Эртнээс мэдэгдсэн учраас одоогийн байдлаар хэлэлцүүлэг явагдаж байна. Гишүүд ч бэлдэж байх шиг байна. Аль аль талаасаа ярьж байгаад асуудлыг зөв хувилбараар шийдэх байх гэдэгт итгэж байгаа.
-Бусад улс оронд иймэрхүү туршлага хэр байдаг юм бол?
-Ер нь дэлхийн улс орнуудын 20 орчим хувь нь буруу талдаа хүрдтэй автомашинаар замын хөдөлгөөнд оролцохоор зохицуулалт хийсэн байдаг. Манайх шиг буруу талдаа хүрдтэй автомашин унадаг байж байгаад зөв болгосон улс орон ч байна. Хамгийн ойрын жишээ гэвэл Өмнөд Солонгос улс байна.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа зөв талдаа хүрдтэй болох тогтолцоо руу шилжсэн юм байна лээ. Судалгаа хийхэд буруу талдаа хүрдтэй автомашин түлхүү унадаг улс орнууд нь гол ачаа тээврээ далайгаар хийдэг улс орнууд байдаг юм билээ. Английн колони байсан улс орнууд ч гэсэн тухайн улсынхаа дүрмийг дагаад явчихдаг байж. Жишээ нь, Европын холбооны улсуудаас Швед улсын жишээг дурьдаж болно.
Европын холбооны улс орнууд тус улсад ачаа бараа тээвэрлэхээс эхлээд иргэд нь зорчиход тодорхой хүндрэлүүд гарсан. Улмаар 4-5 жил бэлдэж байж энэ асуудлаа шийдсэн байдаг. Тухайн үедээ иргэд нь янз бүрийн байр суурь илэрхийлж, зөрчилдөж л байсан байх. Гэвч шийдэж чадсан.
-Монгол Улсад буруу талдаа хүрдтэй автомашины импортыг хориглосноор гарах олон улсын ач холбогдлыг юу гэж харж байгаа юм бэ?
-Манай улсын хувьд хоёр том улс оронтой хөрш зэргэлдээ оршдог. ОХУ, БНХАУ-ын аль аль нь зөв талдаа жолооны хүрдтэй байх тогтолцоотой. Манай Монгол Улс дэлхийн худалдааны замтай гурван ч газраар холбогдох гээд байна. Зүүн талд Бичилийн боомтоор гарч байна.
Дорнодын Эрээнцаваар гараад явчихдаг юм байна. Авто зам, төмөр замын аль аль нь байна. Замын-Үүд Алтанбулагийн замыг бүрэн тавиад дууслаа. Төмөр замын шинэчлэлийн ажил ч эхэлсэн. Ийм гурван газраар олон улсын ачаа тээвэр, зорчигч тээвэр Монголоор дамжин өнгөрөх нь л дээ.
Энэ бол бидний нутаг орныхоо давуу байршлыг ашиглаад уул уурхайгаас хэдэн арав дахин их, байнгын орлоготой болох боломж юм. Уул уурхайгаас маш их орлого олно гэж ярьдаг. Гэхдээ ухаж ухаж юу ч үлдэхгүй дуусах өдөр ирнэ. Харин зам бол бүтцийг нь шинэчлээд явж байхад мөнхийн байж л байна. Бас л нэг томоохон зорилт байгаа биз.
-Одоо иргэдийн олонхи нь унаж байгаа буруу талдаа хүрдтэй япон автомашин үнэ хямд гээд олон давуу талтай шүү дээ?
-Япон машинууд үнэ хямд, чанартай байна. Энэ хоёр шалтгаанаас болоод манай иргэд япон машин их барьж байна. Одоо өргөн барьчихаад байгаа хуулийн өөрчлөлт иргэдийн ашиг сонирхолтой зөрчилдөж болохгүй. Хэдийгээр хязгаарлалт хийсэн ч гэсэн иргэд өөрсдийн бололцоонд тохирсон үнээр унаа тэрэг авах боломжийг хангах л ёстой байхгүй юу.
Нэг талдаа 2015 оны нэгдүгээр сар гэдэг иргэддээ өгч байгаа хугацаа. Нөгөө талаас автомашины бизнес эрхлэгчдэд өгч байгаа хугацаа ч гэж хэлж болно. Тэд зах зээлээ их мэдэрдэг хүмүүс. Худалдан авагчид яг юу хүсээд байгаа юм бэ гэдгийг маш сайн мэддэг. Дээр хэлсэнчлэн үнэ, чанар хоёр маш чухал гэдгийг ойлгочихсон хүмүүс байгаа. Тиймээс хууль хэрэгжиж, зохицуулалт хийгдэхээр иргэдийн хэрэгцээг яаж хангах вэ гэдэгт өнөөдрөөс эхлээд бэлдэх ёстой гэсэн үг. Мөн Засгийн газарт ч хугацаа өгч байгаа юм.
Засгийн газар иргэдийн хямд үнээр найдвартай машин авч унах эрэлтийг хангахын төлөө одооноос тодорхой ажил хий. Магадгүй татварын зохицуулалт хийж болох юм. Зөвхөн буруу талдаа хүрдтэй машин сайн чанартай байдаггүй шүү дээ. Зөв талдаа хүрдтэй сайн машин зөндөө байгаа. Харин үнэ нь өндөр байгааг татвараар зохицуулж болох юм.
Мөн иргэдэд машин авахад нь туслах санхүүгийн бололцоо, дэмжлэг үзүүлэх асуудлыг судал. Дээрээс нь машин үйлдвэрлэгч улс орнуудтай ярилц. Түүгээрээ дамжуулаад автомашины зах зээл дээр ажилладаг пүүс компаниудыг дэмжсэн гэрээ хэлэлцээрийг тухайн улс орнуудтай хийх гэх мэт зохицуулалт хийх хэрэгтэй. Бидний ая тухтай амьдрахад үүрэг хүлээсэн Засгийн газар эртнээс зохицуулалт хийх ёстой гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
Т.Урангэрэл

URL:













