Намын генсекүүд улиралд хоёр удаа уулзахаар болов

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат улс төрийн намуудын ерөнхий нарийн бичгийн дарга нарыг өчигдөр “Улаанбаатар” зочид буудалд хүлээн авч уулзлаа.
Нийт 16 намын ерөнхий нарийн бичгийн даргад урилга хүргүүлснээс Монголын Ногоон Нам, Иргэний зориг Ногоон нам, Монголын уламжлалын нэдсэн нам, Бүгд Найрамдах нам, Монголын Үндэсний Ардчилсан нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний хөдөлгөөний нам, Монголын Ардчилсан Хөдөлгөөний нам, Монгол Ардын Хувьсгалт нам, Хамуг Монгол Хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн намын төлөөлөл оролцжээ.
Харин Ардчилсан намын генсек оролцоогүй юм. МАН XXVII Их хурлаараа ард иргэд, улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг дээдлэн, тогтвортой хөгжлийг бий болгох, улс орны эрх ашгийн төлөө үндэсний хэмжээний чухал асуудлуудыг шийдвэрлэхэд намууд зөвшилцдөг байх шийдвэрийг гаргасан. Улмаар үндэсний зөвшилцлийн соёлыг бий болгоход улс төрийн нам, эвслүүдийг уриалж байгаа билээ.
Үүнийг ажил хэрэг болгох эхлэлийг МАН-ын дарга М.Энхболд тавьж, энэ сарын эхээр Монголын улс төрийн намын дарга нарын нэгдсэн уулзалтыг санаачлан зохион байгуулсан. Тэгвэл энэ ажлын үргэлжлэл нь генсекүүдийг уулзалт болж байгаа юм байна.
Тэд тогтвортой хөгжлийн загвар, Үндсэн хуулийн өөрчлөлт, хэт намчирхал, талцлаас ангид төрийн тогтолцоо, Сонгуулийн хууль, тогтолцоо, Улс төрийн намуудын тухай хууль, стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүд, баялгийн шударга хуваарилалт, гадаад харилцаа, залуучуудын хүмүүжил боловсрол, хөгжил зэрэг үндсэн есөн сэдвийн хүрээнд улиралд хоёр удаа уулзаж байхаар боллоо.
М.Ган /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL:




