С.Жавхлан: ”Чингис хааны дэлхийгээр аялагч музейг Монголд урина”
МУГЖ С.Жавхлангийн санаачилсан “Хамаг монгол” төсөл үргэлжилж “Дэлхийн монгол” төсөл болон өргөжиж байна. “Хамаг монгол” төслийн хамт олон “Дэлхийн монгол” төслийн хүрээнд 2014 оныг “Монголын биет өвийг хамгаалах жил” болгон зарлаж байгаа аж.
Энэхүү төсөл нь дэлхийд тархсан монгол түүхэн гэрч нотолгоог цуглуулж, агуу өвөг дээдсийн үр сад гэдгээ нотлон, дэлхийн ууган үндэстэн гэдгийг дэлхийд болон монгол түмэндээ батлах зорилготой гэнэ. Төслийн талаар МУГЖ С.Жавхлангаас тодрууллаа.
-Төсөл хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Энэ хурлыг үнэхээр яарч хийлээ. Манай хамт олон он гарахаас өмнө монгол түмэнтэйгээ энэ мэдээллээ хуваалцахыг хүссэн юм. “Дэлхийн монгол” төсөл 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Төслийн эхний алхам Монголын соёлын биет өвийг хадгалдаг музейгээр зочилно. Түүнээс өмнө олон байгууллагатай гэрээ хэлэлцээр хийх байх.
-Санхүүгээ хэрхэн шийдэж байна. Хамтран ажиллаж байгаа ямар байгууллага байна вэ?
-Бид өнөөг хүртэл бор зүрхээрээ л энэ төслийг хэрэгжүүлсэн. “Хамаг монгол” төсөлд хамтарч ажиллах талаар ССАЖЯ, Боловсрол шинжлэх ухааны яам зэрэг олон байгууллагад хандсан. Гэхдээ тэд бидний ярьж хэлсэн асуудлыг зөв зүйтэй гэж байгаа ч санхүүгийн хувьд нэг төгрөг ч өгөөгүй.
Тэр ч байтугай тоглолтоо хийх гээд талбайд тайз засах зөвшөөрөл авахын тулд манайхан төрийн ордны гадаа гурав хоног машиндаа хоносон. Одоо хэрэгжүүлэх “Дэлхийн монгол” төсөл илүү өргөн цар хүрээтэй учир төрийн болон ТББ-ын оролцоо зайлшгүй чухал гэдгийг сануулж хэлмээр байна.
Бид төслөө эхлүүлэхээс өмнө судалгаа явуулахад монголд соёлын өвийг хамгаалах чиглэлтэй 300 гаруй ТББ байгааг тогтоосон.
-Яагаад соёлын өвийг хамгаалахаар болсон бэ?
-“Хамаг Монгол” төслийн хүрээнд бид Халимаг, Тува, Буриадаар зочилсон. Очсон газар болгонд түүхэн олдворын музейгээр орж тухайн яс үндэстэн түүхээ хэрхэн хамгаалж, ямар их дээдэлж буйг харж бахархаж байлаа. Тиймээс л монголынхоо соёлын өвийг хамгаалж, монгол түмэндээ танилцуулахаар шийдсэн.
-Төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудаас дурдаач?
-“Дэлхийн монгол” үр өгөөжтэй сайн төсөл болно гэж бодож байна. Бид судалгаа явуулж олон сонирхолтой нэг талаар баярлууштай нөгөө талаасаа эмзэглэмээр зүйлийг мэдэж авсан. Энэ юу вэ гэвэл бидэнд байхгүй монголын түүхтэй холбоотой үнэт олдворууд гаднын иргэдэд их байдаг юм байна.
Жишээлбэл, Америкийн дөрвөн иргэнд Чингис хааны тухай 200 гаруй үзмэр хадгалагдаж байна. Мөн Туркийн Стамбул хотноо Хүннү гүрний түүхтэй холбоотой 1000 гаруй олдвор хадгалагдаж байна. Энэ төслийн хүрээнд дэлхий даяар алдартай “Чингис хааны дэлхийгээр аялагч” музейг монголд урихаар болоод байгаа.
Г.Ням
Эх сурвалж:

URL:













