“Тэнгис” кино театрын хувьчлал буюу ашгийн төлөөх дайн
Солонгосын олон ангит кинонууд манай улсад гарч эхлээд нэлээд хугацаа өнгөрлөө. Кино болгон дээр л нэг компанийн vйл ажиллагаа, дампуурал, сэргэн мандалт болон эрх мэдлийн төлөөх тэмцэл гардаг. Vvнээс компанийн хувь эзэмших ямар ашигтай, тvvнийгээ хэрхэн vнэд хvргэх, улмаар яаж ашиг олж болохыг харж болно.Харин манай улсад энэ төрлийн бизнес сайн хөгжөөгvй. Тиймдээ Иргэдийн хурлын төлөөлөгчид сvvлийн vед ирэх онд хувьчлахаар нэмэлтээр тусгасан байгууллагуудын асуудлаар санал зөрөлдөж, халуухан хурлыг хийгээд амжсан. Тодруулбал, ирэх онд “Тэнгис” кино театрыг хувьчлахаар тусгажээ.
Уг байгууллагын 34 хувийг нийслэл эзэмшдэг. Өнгөрсөн тvvхийг сөхвөл, 2003 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн НИТХ-ын Тэргvvлэгчдийн 42 дугаар тогтоолоор “Дэлгэц” НӨVГ буюу хуучнаар “Ялалт” кино театрын vйл ажиллагааг өөрчлөн сайжруулж, орчин vеийн кино театр болгохоор БНСУ-ын “Wayrich Resource Asia” хөрөнгө оруулалт хийлгэхээр болжээ.
Зөвшөөрлийг нь мөн оны дөрөвдvгээр сарын 17-ны өдөр тухайн vеийн нийслэлийн Засаг даргын 147 тоот захирамжаар олгосон байдаг. Гэрээ хийхдээ нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Ялалт” кино театрын барилгыг vнэлж, 34 хувийг эзэмших болсон тvvхтэй.
Харин “Wayrich Resource Asia” компани нь 66 хувь буюу нэг сая 246 мянга 801 ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ байдлаас харвал нийслэл 34 хувийн эзэмшлээ хувьчлахдаа тус компанид санал болгох тухай холбогдох хvмvvс хэлж байгаа юм. Харамсалтай нь 66 хувийг эзэмшиж байгаа хvн 34 хувь байсан, байгаагvй асуудлыг ганцаараа шийдэх бvрэн боломжтой.
Тэгээд ч “Тэнгис” кино театр 2010 оноос хойш ашигтай ажиллаж байгаа. Жилдээ 800 мянган иргэнд vйлчилдэг соёл vйлчилгээний чухал объект юм. Тухайлбал, 2010 онд 480 сая төгрөг, 2011 онд 770 сая төгрөгийн ашигтай ажиллаж ногдол ашгаар нийслэлийн төсөвт 55.5 сая төгрөг төлөвлөрvvлж байжээ.
Харин өнгөрсөн жилийн тухайд 618 сая төгрөгийн ашигтай ажиллаж 92 сая төгрөгийг хотын төсөвт төвлөрvvлжээ. Энэ оны хvлээгдэж байгаа гvйцэтгэлээр 552 сая төгрөгийн ашигтай ажиллаж байгаа юм.
Нийслэлийн өмчийн оролцоотой олон байгууллага байдаг. Гэтэл ашигтай ажиллаж байгаа хэдэн байгууллагаа хувьчлах, тэр дундаа vнэгvйдvvлэн хувьчлах нь зөв алхам биш гэдгийг Тэргvvлэгчдийн хуралдааны vеэр хэд хэдэн хvн хэлээд амжсан.
Хэрэв vнэлгээний баг vнэлгээ хийгээд санал болгосон vнээр нь давамгай хувь эзэмшигч нь авахгvй бол дуудлага худалдаа явуулна. Гэтэл дуудлага худалдаагаар vнэд хvрнэ гэвэл бас л эргэлзээтэй асуудал. Ялангуяа манайх шиг оронд. Гэхдээ нийслэлийн мэдлийн 34 хувь нэг тэрбум эсвэл арван тэрбум төгрөг ч хvрэх магадлалтай.
Тиймээс зарим төлөөлөгчид хэн нэгний нөлөөллөөр хувьчлах гээд байна гэсэн нь vнэний ортой. Тvvнээс биш ашиггvй ажилладаг олон байгууллагуудаасаа хувьчлаад, хувийн хэвшлийн байгууллагаар өөд нь татуулаад авах боломж бий. Солонгосын олон ангит кинонуудад 1-2 хувийн өмчлөлийн төлөө жижиг хэмжээний дайн vvсгэдэг тухай олон vзсэн.
Гэтэл нийслэл 34 буюу гуравны нэг хувийг нь эзэмшдэг хэрнээ хувьчлах гээд байгаа нь сонирхолтой. Кино театрын барилгаа vнэлж 34 хувийн эрх мэдлийг өөртөө авсан барилга нь одоо ч vнэд орох хэвээрээ. Тодруулбал, энэ барилга 1985 онд баригдаж ашиглалтад орсон бөгөөд төмөр бетон суурьтай, тоосгон ханатайн дээр 3331 м.кв талбай барилга юм. Vvнээс гадна нэг дор 1000 орчим хvн хvлээн авах чадамжтай гэж байгаа.
Ёстой л С.Амарсайхан төлөөлөгчийн “Ирээдvйд олох ашгийг нь бодож vзэх хэрэгтэй” гэсэн vг бодогдоно. Харин нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар БНСУ-ын эзэмшдэг 66 хувийг УИХ-ын гишvvн Сv.Батболд болон “АПУ” ХХК-ийн захирал П.Батсайхан нар эзэмшдэг тухай мэдээллийн хэрэгслээр бичсэн байгаа юм.
Албаны хvн хэлж байгаа хойно ташаа мэдээлэл биш байлтай. Хэрэв тийм бол байдал эсрэгээрээ эргэнэ. Гэхдээ дээрх хоёр эрхэм энэ мэдээллээ хөрөнгө оруулгын мэдvvлэгтэй тусгаагvй байдаг гэнэ. Хоёр хvн гуравны хоёр хувийг нь эзэмшиж байхад нийслэл тэднээс нэг хувиар илvv мэдэлтэй болно.
Тэгвэл өнөөх кинон дээр гардаг “Алтан хувь” нийслэлийнхний гарт байгаа юм. Одоо ашигтай ажиллаж байгаа байгууллага цаашдаа ч ашигтай ажиллахын дээр илvv их ашиг олох нь тодорхой. Ер нь “Тэнгис” кино театр улсын хэмжээнд байгаа ганц том кино театр гэдэг нь vнэн.
Тиймээс “Алтан хувь”-иа өндөр vнээр худалдана гээд сууж байхад эрх мэдэл, ашгийн төлөөх хvмvvс авах л байх. Энэ сайхан тохироо бvрддэггvй юм аа гэхэд нэг нь нийслэлээс илvv хувьтай байсан ч нөгөөхөд нь өмчийн хувиа салгаад зарах боломжтой. Ингэж л өрсөлдөөний зах зээл бий болно.
Улмаар царцсан гээд байгаа Монголын хөрөнгийн биржийн vйл ажиллагаа ч идэвхитэй болох магадлалтай. Ирэх онд хувьчлах хуулийн этгээд болон барилга байгууламжаас 7.5 тэрбум төгрөгийн нийслэлийн өмчид төвлөрvvлнэ гээд байгаа.
Ямартай ч нийслэлийн Засаг даргаар ахлуулсан vнэлгээний хороо vнэлгээг хэрхэн хийж, ямар vнэд хvргэхийг ирэх онд харна. Тэр vед л хvvхэд залуус чөлөөт цагаа боловсон өнгөрvvлэх газаргvй гэдэг хэрнээ кино театрыг хэн нэгэн эрх мэдэлтний гарт, яагаад өгөх гээд байгаа нь тодорхой болно.
Эх сурвалж:

URL:












