БИ ГЭДЭГ ЧИ /шүлэг/

1472835_1414481875455236_502154130_n
Унтахаар чиний өвөрт орно.
Унтах минь, ийм амьдлаг болсон.
Уйлахаар чам руу очно.
Унагах нь миний нулимс, гуниглах нь чиний нүд

Чамаар хамгаалуулна.
Чи намайг өмөөрч хуягжина.
Би яст мэлхий шиг чиний дотор нуугдана.
Би ийм инээдтэй, чи бид хоёр ийм хөгжилтэй.

Чамд би биеэ өгсөн буй бүхэн минь энэ
Дотор нь сэтгэл зүрх хөвдөг, хөвдөг бүхэнтэй нь өгсөн
Хайранд чинь би бүгдийг барьсан, харамлах юу ч үлдээгүй.

Уураа чамд гаргана. Учир нь би чи болсон.
Би ийм өрөвдөлтэй, чи бид хоёр ийм зугаатай
Санааны чинь дагуул гариг би болсон, Сар шиг л гэрэлтэнэ.
Чи ойртвол би тэргэл болно. Чи холдвол би хавирган сар нэмгэрнэ.

Нэр минь чихэнд чинь жингэнэнэ. Чи ийм хонхтой болсон.
Нэг насанд чинь чамайг даган жингэнэнэ.
Нэг ч юм надад үлдээгүй. Мөр минь чамайг тойрсноор үлдэнэ.
Сүнс минь чамд хорогдчихож мэднэ. Чамайг дагачихаж мэднэ.
Би ийм сонин. Би гэдэг чи болсон. Бид хоёр нэг амьдралтай болчихсон.

b. batregzedmaa (REGZED)


URL:

Сэтгэгдэл бичих