“Мобиком” корпорацийн луйврын талаархи гомдол тасрахаа больжээ

images055505
- Дараа төлбөрт хэрэглэгчдийн төлбөр яриагүй байхад 49 мянга болжээ -

Гомдол мэдээлэл шийдвэрлэх газруудаар “Мобиком” корпорацийн талаархи иргэдийг шулж байгаа, бодит бус төлбөр авч байгаа гомдол санал тасрахаа больсон байна. Хамгийн хачирхалтай нь, Мобикомтой дайтна хэмээн амлаж байснаа хэлэлцээр хийсний дараа нам гүм болж, амаа үдүүлсэн мэт дуугүй байх болсон О.Магнай даргын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаад ч асуудлыг огтхон ч шийдэхгүй байх болсон хэмээн иргэд ихээр бухимдаж байгаа аж.

Иргэд болоод өвчтэй хүүхдийн хандив цуглуулсан асуудлаархи хэд хэдэн гомдлыг дурдвал:

1. 10 сард Мобикомын дараа төлбөрт дугаар барьдаг хэрэглэгчийн төлбөр 80 гаруй мянган төгрөг болсон байжээ. Хэрэглэгч олон таван үггүй төлбөрөө төлж барагдуулсан байна. Тэгээд өөрийн ярианы хэрэглээгээ хянаж үзэхийн тулд Скайтелийн дугаар, Мобикомын дугаарыг зэрэг хэрэглэж, Мобикомын дугаараар яг 30 хоногийн турш хаашаа ч залгаж яриагүй байхад нь өчигдөр 11 дүгээр сарын төлбөрийн нэхэмжлэл 49500 төгрөг болсон гэх мэссеж, 20-ны дотор төлбөрөө төлнө үү гэсэн захиргаадалтын хамтаар ирсэн байна. Энэ талаар Мобикомын 2222 тусгай дугаарт залган тодруулахад угаасаа таны багц яриагүй байсан ч гэсэн ийм л гарна, бидний буруу биш гэсэн хариултыг өгсөн байна. Ингээд нэг сар Мобикомын дугаараар хэнтэй холбогдож, хэн рүү ч мессеж ч болтугай бичээгүйнхээ төлөө “багц” гэсэн нэрийдлээр 49500 төгрөг төлөх болчихжээ. Ойр тойрныхоо хүмүүсээс лавлавал ийм тохиолдолд зөндөө орж байсан, аргаа бараад дугаараа сольж, Мобикомыг сонгохоо больсон гэх зэргээр зөвлөгөө өгсөн байна.

2. Мобикомын дугаар зарах үйлчилгээ
Тус корпорацийнхан хэрэглэгчид нь цөөрсөн үү, эсвэл нийгэмд тархаад буй муу нэрнээс нь үүдэлтэйгээр хүмүүс үйлчлүүлэх нь багассан уу, сүүлийн үед хийх ажилгүй хүнтэй ярьж байгаа мэт зан авир гаргадаг болжээ. Дараа төлбөрт дугаар бүхий хэрэглэгчид рүү холбогдож, дугаар зарах үйлчилгээ санал болгож зовоох болсон гэнэ. Бүр байнга шахам ийм үйлдэл гаргаж байгаа нь утсаар ярих боломжгүй байгаа, завгүй, ажилтай байгаа хүмүүст багагүй түвэг уддаг байна.

3. Бас нэгэн дараа төлбөрт Мобизон үйлчилгээний хэрэглэгч сар бүр гар утаснаасаа интернэт дата хэрэглэх 1 GB-ийн 14000 төгрөгийн төлбөрийг утасны төлбөр дээр нэмж төлдөг. Гэвч сарын интернэтийн хэрэглээгээ дуусгаагүй байхад буюу хэрэглээндээ тааруулах зорилгоор 2013 оны 12-р сарын 02-ны өдөр дахин нэмж 0,5 GB дата эрх мэссежээр автал “Таны багц цуцлагдаж байна” гэсэн мэссеж иржээ. Гэтэл түүний дата хэрэглэх хэрэглээ нь хамгийн сүүлд авсан 0,5 gb хэмжээтэй болсон бөгөөд 12-р сард хэрэглэх бүтэн багц нь ийнхүү цуцлагджээ. Ингээд мөн л Мобикомын 2222 тоот утсанд гомдол гаргахад “Та мэссежээр цуцлагдлаа гэх сануулгад тийм гэж хариу өгсөн, тиймээс таны дата багцыг сэргээх боломжгүй буюу хэрэглэсэнд тооцно” гэсэн хариуг өгчээ. 12-р сарын дата багцаа хэрэглээд хоёр ч хоноогүй, хэрэглэж амжаагүй байхад ингэж байгаа нь маш бүдүүлэг үйлдэл бөгөөд тухайн хэрэглэгч дахин 14000 төгрөгөөр багцаа сунгуулж байж ашиглах эрхээ авах болчихоод байгаа гэнэ.

Энэ нь энгийн нэгэн жишээтэй харьцуулбал банкныхаа дансанд мөнгөө хийчихээд дараа нь дахин нэмж мөнгө хийхэд элдэв хэрэглээ гараагүй л бол өмнөх үлдэгдэл дээр нэмэгддэг байтал Мобиком өмнөхийг нь цуцлаад сүүлд хийсэн орлогоор тооцох юм. Гэрээг нь шалгахад ингэж тооцох талаар юу ч дурдаагүй хэрнээ гомдол барагдуулах алба нь хэлэхдээ “Энэ бол манай нөхцөл” гэж тайлбарлажээ. Удаа дараа 2222 тоотод гомдол гаргадаг ч гомдлоо устгадаг, хариу өгдөггүй, утасны төлбөрийг хоёр дахин суутгадаг, суутгасан төлбөрийг буцаахыг шаардахад “Боломжгүй, дараа сарын төлбөрөөсөө суутгуул” гэгчлэн басамжилсан байдлаар удаа дараа харьцаж байгаа учраас арга буюу О.Магнай даргатай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандсан байна.

4. 150950 болон бусад тусгай дугааруудаар дамжуулан олон арван хүүхэд гадаадад эмчлүүлэх эмчилгээний мөнгөн хандивыг мэссеж хэлбэрээр олноос цуглуулах болсон. Гэтэл Мобиком корпорацийн дэргэдэх “Монгол контент” компани энэ мэссежний бараг тал хувийг нь шимтгэл гэсэн нэрээр суутгаад авчихдаг аж. Нэг өвчтөнөөр жишээ авахад 13,5 сая төгрөгийн мэссеж цугларсан байтал Мобиком үүнийх нь 4,6 сая төгрөгийг суутгалд аваад 8,9 сая төгрөг гаргаж өгсөн байна. Хэдэн мэссеж ирсэн, яаж суутгал аваад байгааг ар гэрийнхэн нь тайлбарлаад өгөөч гэхэд “Тэр ямар ч боломжгүй. Бас л “манай нөхцөл”” гэсэн хариултыг өгснөөр асуудалд цэг тавигджээ. Өвчтэй хүмүүсийн зовлонгоор ашиг олж байгаа тус корпорацид ийм гомдолтой хүмүүс цөөнгүй байдаг юм билээ.

Харин бусад үүрэн холбооны оператор компаниуд зарим нь шимтгэл суутгал авахгүй, зарим нь дээд тал нь 10 хувийн суутгал авч байхад Мобиком л ганцаараа дугаар ашигласан төлбөрт 30-40 хувийг суутгаж авдаг жишиг тогтоочихжээ. Угаасаа үүрэн телефоны зах зээлд анхдагч гэдэг утгаараа тус корпораци орон даяар сая хол давсан хэрэглэгчтэй ч улам л шуналтаж, хүмүүсийг шулсаар байгааг хэлэх хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Иргэдийн удаа дараагийн ийм олон гомдлуудыг Харилцаа холбооны зохицуулах хороо мэдсээр байж харин ч тус компанийг өмгөөлөх хандлага гаргадаг болсон. Япончуудын мэдлийн тус корпорацийн асуудлыг шийдвэрлэж, дараа төлбөрт дугаарыг ашиглаагүй байхад хагас зуун мянгаараа гардаг төлбөрийн мөнгөнөөс эхлээд зохицуулах асуудлуудыг иргэд хүлээсээр л…

Эх сурвалж www.wikimon.mn -

URL:

Сэтгэгдэл бичих