Монгол дахь санхүүгийн хямралын үнэн төрх
-”Анод” банкны захирал Д.Энхтөрийн захидал-
1.Санхүүгийн хямрал
Дэлхийн санхүүгийн түүхээс харахад 1929, 1940-50, 1970, 1980, 1996, 2007-2008 оны санхүүгийн хямрал гэж болж байжээ. Хойшид ч зах зээлийн нийгмийн үед сэргэн мандал болон хямрал ээлжлэх нь тодорхой. 2007-2009 онд АНУ-д 500 орчим банк дампуурсан талаар төв банк нь л мэдээлсэн байна.
Дэлхийн эдийн засаг 2007-2008 оны хямралаас одоо ч бүрэн гараагүй байгаа билээ. Энэ хямралаас гарах гарцыг Хятад, Энэтхэгийн эдийн засгийн өсөж гэж дэлхий дахин найдлага тавин харж байгаа билээ. Манай улсын хувьд хямралын эхний хүчин зүйл нь 2005 оны уул уурхайн хуулийн өөрчлөлт, 2006 оны алт, зэсний 68%-ийн татвараас эхтэй байсан.
Уул уурхайн хөрөнгө оруулалт 2005 онд зогсонги байдалд орсон бөгөөд 2006 онд Монголд оруулсан хөрөнгийн хувьцааны үнэлгээ огцом унаж байснаар энэ нь илэрч байсан. 2007 оноос барилгын салбар ихээхэн хэмжээний хөрөнгө түгжин зогсонги байдалд орж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ унаж, банкуудын зээл зогссоноор энэ хямрал эхэлсэн. Алтны борлуулалтаас төв банк багаар бодоход 100 тонн алт авах боломжоо, Монголын эдийн засаг дөрвөн тэрбум ам долларын хөрөнгө олох боломжоо алдсан.
Улсыг бүр дампууруулах аюулаас шинээр бий болсон нүүрсний салбар болон уул уурхайн хайгуултай холбоотой хөрөнгө оруулалт аварсан гэж хэлж болно. Яг энэ хүнд үед Монголд хоёр банк дампуурсан бөгөөд нэг нь 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлыг санхүүжүүлсэн хэрэгт сэжиглэгдэн татан буугдсан ба нөгөө нь эрх барьж буй намын хянан шалгах хорооны даргын банк тул төсвөөс 100 тэрбум төгрөг аван Төрийн банк болон аврагдсан билээ.
2. “Анод” банкны 120 тэрбумын алдагдлын эх үүсвэр
Аливаа санхүүгийн хямралын үеийн алдагдал нь тухайн үеийн улс орны хөгжил, эдийн засгийн бүтцээс шалтгаалан савангийн хөөс мэт хөөсөн эдийн засгийн хэлбэртэй байж байгаад хагардаг билээ. “Анод” банкны хувьд бол эргэн төлөгдөөгүй гадаадын банкуудын LC, алт болон барилгын салбарын уналт, зогсонги байдал үүссэнтэй холбогдуулан авч чадаагүй авлага, хүүнээс бүтэж байгаа билээ. Энэ алдагдлын эх үүсвэрүүдийг баримтаар тодорхойлоход маш амархан боловч санаатайгаар банкны эзэд нь өөрсдөө авч ашигласан мэтээр буруу сурталчилгааг хийж байгаа нь зөвхөн улс төрийн зорилготой болох нь улам тодорхой болж байна.
Банк санхүүгийн систем нь нэгэн уул мэт буюу хоорондоо нягт холбоотой систем тул бусаддаа нөлөөлөхгүй, холбоогүй байх боломжгүй билээ. Дүрмийн сангийн бүрдүүлэлт болон LC-ний бүртгэл зөвхөн “Анод” банкинд байсан асуудал мэтээр төв банкны зүгээс хандаж байгаа нь “Анод” банк эхийн ардаас нь гарсан бусад банкууд урдаас нь гарсан мэтээр ялгавартай хандаж байгаа нь гайхал төрүүлмээр байдаг. Аль ч улсад дампуурсан банкыг зарж хохирлыг барагдуулдаг билээ.
Анод банкыг 100 сая доллараар худалдан авах санал орж ирэхэд асуудлыг дэмжихгүй,болохгүй талаас нь ярьсаар унагаж байгаа төв банкны байр суурь дэндүү улс төржсөн болохыг харуулж байна. Иточу, LG-ийн олон зуун сая ам.долларын LC-ны асуудлыг төв банк, банкны холбоо мэдэхийн дээдээр мэдэж байвч таг чиг, ганц “Анод” банк дээр ийм асуудал байгаа мэтээр дэндүү их ял тулгаж байгаа нь Монгол Улсад шударга ёс байгаа гэдэгт эргэлзэх сэтгэгдэл төрүүлж байгаа билээ.
URL:












